Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх үйлчлүүлэгчдэдээ ойртож, Баянзүрх дүүргийн V хорооны нутаг Монгол кино үйлдвэрийн ард байрлах байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус шүүх байрныхаа нээлтийг өнөөдөр (2018.11.07) хийж, шүүхийн үйлчилгээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Баянзүрх дүүрэг 336 мянга гаруй хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачаалал бусад шүүхтэй харьцуулахад харьцангуй их. Тиймээс шүүх иргэдэд ойртож, үйлчилгээний тухтай орчин бүрдүүлсэн нь ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж онцоллоо.
Тэрбээр "Шүүхийн шинэтгэлийн үр дүнд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулсан. Энэ шүүх үйлчилгээгээ иргэдэд ойртуулж, үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдүүллээ. Нийслэлийн бүх дүүрэг ордонд үйл ажиллагаа явуулдаг болсон. Харин Монголын шүүхийн дэд бүтэц дэлхийд хамгийн хоцрогдмол байгаа. Шүүх төрийн өмчийн хуучин байшингуудыг засаж, сэлбэж үйл ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуулийн "Шүүх бие даасан байна” гэдэг заалт хэрэгжихгүйгээр гүйцэтгэх эрх мэдлээс бүрэн хараат байгааг харуулдаг. Олон шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нүүж орсон энэ байр улсын өмч. Үйлчилгээний байгууллагын стандарт талаас таатай орчинтой байр учраас 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, шүүх үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх иргэдэд үйлчилгээгээ ойртуулж, байртай боллоо” гэв.
Шүүхийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн П.Батсайхан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг болон нийслэл дэх зарим шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байр 650 метр.кв талбайтай бөгөөд нэгдүгээр давхарт шүүх хуралдааны 5 танхим, шүүхийн үйлчилгээний хэсгийг тохижуулсан. Харин хоёрдугаар давхарт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд байрлан ажиллаж байгаа юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Таалагдлаа!
ЖИРИЙН ИРГЭНД ДЭЭРЭЛХҮҮ ЭРХ МЭДЭЛТЭН МӨНГӨТӨЙ БАЯЧУУДЫН ӨМНӨ ГӨЛӨГ БОЛЖ БӨГСИЙ НЬ ДОЛООЖ Л ЯВАХГҮЙ БАЙМААРСАН ДАА.
Bayanzurh duurgiin shuuhiin uil ajillagaa bolhi, urgenii hergiig mash udaan hugatsaand shiidverledeg zunii tsagt bugd amraltaa avch, uil ajillagaa ni zogsongu mash chiregdel uchruulj bn.