ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 10 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ойн баярын ёслолын арга хэмжээнд манай улсаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан Л.Цог, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасан тэргүүтэй тус их сургуулийн үе үеийн төгсөгчдийн 160 орчим төлөөлөл оролцжээ.
ЭУИС-ийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл
2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрхүүгийн их сургуулийн төгсөгч, алдарт зохиолч, нийгмийн зүтгэлтэн В.Г.Распутины нэрэмжит Эрдэм шинжилгээний номын сангийн хурлын танхимд тус сургуулийн захирал, академич Игорь Вячеславович Бычков Эрхүү хотын захирагч Дмитрий Викторович Бердников тэргүүтэй хотын захиргааны төлөөлөгчид, их сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болон гадаад, дотоодын зочдыг хүндэтгэн хүлээн авчээ.
Арга хэмжээний үеэр их сургуулийн захирал, академич Игорь Вячеславович Бычков хэлсэн үгэндээ “Зөвхөн нэгдмэл ашиг сонирхол болон нягт хамтын ажиллагаа амжилтад хөтөлдөг гэж ойлгодог. Тиймээс ч бид хамтран ажилладаг түнш байгууллагууд, тэдэнтэй тогтоосон харилцаагаа маш өндрөөр үнэлдэг. Өнөөдөр бид манай их сургуулийн баялаг түүхтэй 100 жилийн ойн баярыг тэмдэглэхээр хуран цуглаад байна. Та бүхний оруулсан хувь нэмэр их сургуулийн хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой. Хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн угаас их сургуулийн түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!” гэжээ.
Эрхүү хотын захирагч Дмитрий Викторович Бердников хоёр улсын найрсаг харилцааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Их сургуулийн захирал Я.Төмөрбаатар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Б.Очирбат, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн тэргүүн Ж.Гүррагчаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрийн арбитрч Ж.Энхнасан, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарт “Талархалын бичиг” гардуулсан байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрын арбитрч Ж.Энхнасан, МУБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Орос хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч С.Эрдэнэмаам нарт Эрхүүгийн Улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явааг нь үнэлэн тус их сургуулийн “Хүндэт профессор” цол олгосон байна.
10 дугаар сарын 26-ны өдөр Н.М.Загурскийн нэрэмжит Хөгжмийн театрт болсон баярын хурлын үеэр Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор зургаан хүн, “Найрамдлын тэмдэг”-ээр дөрвөн хүнийг шагнасан бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Эрхүүгийн Улсын Их сургуулийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасныг Монгол Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа ЭУИС-ийн захирал, академич Игорь Вячеславович Бычковт гардуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )