Л.Жавзмаа: Хүүд минь ямар нэг зүйл тохиолдвол АМЬ НАСЫГ нь тагнуулынхнаас нэхнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

 С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан, ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа болон түүний өмгөөлөгч Г.Баянбилэг нар өнөөдөр /2018.11.12/ хэвлэлийн хурал хийлээ.

Хурлын эхэнд Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа дараах зүйлсийг ярилаа.

-“Өнөөдөр би энд хэлмэгдэж байгаа хүүгийнхээ өмнөөс эсэргүүцлээ илэрхийлэхээр ирлээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалтай гүтгэлгээр хүүг минь хэлмэгдүүлснийг эсэргүүцэж байна. Би саяхан хоригдож байгаа хүүтэйгээ уулзаад ирлээ. Хүүг минь яаж дарамталж, яах зовоож байсныг мэдлээ. Эхлээд миний хүүг баривчилж авч яваад, тагнуулын  н.Итгэл гэдэг хүнтэй хамт нэг өрөөнд оруулан айлгаж, “Энэ хэргийг хүлээ. Хүлээхгүй бол гэртээ харихгүй” гээд Ц.Амгаланбаатарыг оруулж ирэн, хоолойг чинь хэрчинэ, нүд чихийг чинь огтолно гэж сүрдүүлэн зодож, энэ хэргийг хүлээлгэхээр тагнуулынхантай хамтарч байсан байна.

Мөн хүүд минь мансууруулагч бодис өгч, элдэв зүйл хэлүүлсэн. Үндэсний телевизээр гарсан нэвтрүүлгийг хийхдээ, н.Сандагдорж гэдэг прокурор С.Зоригийн гэрийг өөрөө хүүд минь зааж өгөөд, ямар ч гэрч, өмгөөлөгчгүйгээр мэдээлэл авч. хавтаст хэрэгт хавсаргасан байдаг.

Б.Булганы хэлснээр, алуурчид эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэдэг бол тагнуулынхан өөрсдөө дөрөв болгон зохиож, арван жилийн өмнө шатсан айлыг Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэргийн ул мөрөө баллахын тулд галдан шатаасан хэмээн нэг айлыг үймүүлсэн. Тэгээд яллахдаа хүүг минь гэрчээр таниулсан гэж байгаа юм. Гэтэл тэр гэрч нь зураг дээрээс өөр хүн заасан хирнээ хүүг минь хараад мөн гэж заасан. Хүү минь 2005 онд гараа татлагад гэмтээж, мухар болсон. Гэтэл арван найман жилийн өмнө аллага үйлдэхдээ ийм гартай байсан гэх мэтээр гүтгэж хэлмэгдүүллээ.

Ингээд хүүг минь яллаад бүтэн гурван жил гурван сар шоронд хорилоо. Энэ хүний ард үр хүүхэд, ар гэр нь хэцүүдэж байна шүү дээ. Энэ хугацаанд н.Оюунчимэг өмгөөлөгчийг хүүтэй маань нэг ч удаа уулзуулаагүй зэргээс үзэхэд би энэ хэрэгт тагнуул, хуулийн байгууллага хамтран оролцсон гэж бодож байна.

Монгол байтугай гадныхан хүртэл мэдэж байгаа энэ хэргийг хуурамчаар зохиож, хүн хэлмэгдүүлж байхад төрийн гурван өндөрлөг яагаад анхаарахгүй байна вэ? Энэ хэрэгт анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Хэргийг дахин шалгана уу, дахин хуралдана уу, хүүг минь гаргаж өг гэж хэлмээр байна. Би гэмгүй хүүгээ шоронгоос гаргаж авмаар байна. Намайг хэвлэлийн хурал хийлээ гээд хүүд минь ямар нэгэн юм тохиолдвол би хүүгээ тагнуулынхнаас нэхнэ гэдгээ энд хэлье” гэлээ.

ӨМГӨӨЛӨГЧ Г.БАЯНБИЛЭГ: Б.СОДНОМДАРЖАА НАРТ ХУУЛЬД БАЙХГҮЙ ЯЛ ОНООСОН

Хурлын төгсгөлд Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Захиалагчийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-С.Зориг агсны хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг холбогдуулан хориод байгаа. Үүнээс хойш захиалагчийн хэргийг шалгаж байгаа, захиалагч олдсон гэх мэт мэдээлэл нийгэмд маш их байсан. Гэвч саяхан Улсын ерөнхий прокурор мэдэгдэл хийж, нэгэнт шүүхээр шийдэгдсэн хэргийг хянахгүй гэх утгатай зүйл ярьж байх шиг байна лээ. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэх мэдээлэл гараад байна.

-Захиалагчийн хэргийг хаах эрхзүйн үндэслэл бий юу?

-Энэ бол хаагдах ёстой хэрэг биш. Хуулиндаа ч тэр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр, шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн хэргийг дахин шалгах боломжтой тухай яригдаж байсан шүү дээ.

Энэ хэрэг бол улсын нууцад хамаарах хэрэг биш юм. Хүн амины хэргийг харьяаллаа буруу тогтоож, Тагнуулын ерөнхий газарт өгчихөөд Нийслэлийн прокуророос хянах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, харьяалал зөрчсөн.

Мөн одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1.2 буюу хүнийг алах гэмт хэрэгт 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэдэг. Харин энэ хэрэг бол хүндрүүлэх нөхцөл байдалтай, шунахайн сэдэлтэй, бүлэглэн, захиалгаар алсан гэх хэрэг. Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-р зүйлд  бүх насаар нь хорих ял оноосон хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэж заасан.

-Ц.Амгаланбаатар нарт 24-25 жилийн хорих ял оноосон шүү дээ?

-Шүүгч энэ санкцыг хэрхэн хэрэглэсэн гэхээр хоёр дахь шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Энэ нь хуулинд байхгүй ял учраас 20 жил болгож, Дээд шүүх шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хуулиндаа нийцүүлсэн гэсэн үг юм.

-Хорих ангийн дэглэмийг бууруулж, энгийн дэглэмтэй хорих ангид шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар?

-Өнөөдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд хорих ангид гяндан гэдэг ойлголт байхгүй. Хаалттай болон нээлттэй хорих анги гэсэн тодорхойлолт байгаа. Тиймээс байх ёсгүй хорих ангид байлгаж байсан учраас хуульд заасан хорих анги руу шилжүүлсэн. Түүнээс биш ялыг өөрчилж, хөнгөлсөн зүйл огт байхгүй.

-Та Б.Содномдаржаатай өмгөөлөгчийн хувиар уулзсан уу?

-Уулзсан. Уулзалтын цаг маш богино байдаг тул шоронд болсон бүх зүйлийг ярьж амжихгүй. Гэвч маш хүнлэг бус зүйлс туулсан гэдгээ хэлж байсан.

-Гэрч нарын тухайд та юу хэлэх вэ?

-Б.Булганы тухайд ганц гэрч яригддаг. Гэвч түүнийг хэрэг гарснаас хойш сэжигтнээр татан хорьж байгаад гаргасан. Хоригдож байсан учраас тэр хүн гэрч байх боломжгүй болсон. Гэтэл Б.Булганы дараа Э.Бат-Үүл гэдэг хүнийг яллагдагчаар татлаа гэх мэдээлэл гарсан. Ингэчихээр хуулийнхаа дагуу яллагдагчаар татагдсан хүн хэргийн гэрч байх боломжгүй болж байгаа юм. Гэрч нарыг хуулийн хүрээнд хэрэгтэн ч юм шиг болгож байгаад энэ хэргийг гэрчгүй болгочихож байгаа нь байж болохгүй зүйл гэж харж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ELBEGDORJIIN HUUHDUU(98.223.192.219) 2018 оны 11 сарын 14

ELBEGDORJIIN HIISEN HOLION BANTAN.HUZUUGUI NOVSH UURUU SHORONDOO CUUGAACH.HUN BOLGON HELJ BAIGAA BIZDEE.HUURHII EEJ URUVDMUUR UMAA YANADAAAAAAAAAA

0  |  0
Zochin(202.9.43.137) 2018 оны 11 сарын 13

Msj n deer zaanii tugal ta 2 orj alsan bi gadaa baisan gej amgalanbaatar bichsen baidag bizdee ter zaanii tugaliig barij baitsaasangui

0  |  0
Bat(174.221.133.59) 2018 оны 11 сарын 13

Hyn gytgej bna Elbegdorjiin nohodoo

0  |  0
xcvb(66.181.160.68) 2018 оны 11 сарын 12

ugaasaa lasan oilgomjtoi hereg shd balai avgai zonpson bna

0  |  0
Top