Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2018.11.14/ хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрээр “Сентеррагоулд монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацуурт гэдэг газарт олгогдсон 372А, 431А, 5082А, 10810А дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан аж.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэл бүхий байна гэж үзэж, хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх
Сэтгэгдэл ( 2 )
ура ..одоо хүрзээ бариад дайраад...ухаад сэндийлгэе..урагшаа..нинжа нара..
Шүүхийнхнийг эргүүтэж байх хооронд сүйтгэсэн хохирлыг шүүх төлөх үү? Хэн төлөх вэ? Манй улсад ингээд нэг шийдсэн болоод хаядаг байдал газар авлаа. Нөгөө Эрдэнэтийн 51 хувь, АСЕМ-ын идсэн уусан талаар энэ жагсаал цуглаан дээр огт ярихгүй юм. ЖДҮ бол ч ойлгомжтой. Эгээ булхайгаа нуух гэж АН-ынхан жагсаал зохион байгуулаад байгаа юм биш биз дээ. Уг нь аль алиныг нь ярьвал очмоор л байна.