Жендерт суурилсан ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ аян үргэлжилж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

2017 онд тус аяныг анх удаа төрийн байгууллагуудыг өргөнөөр хамруулан зохион байгуулсан бөгөөд аянд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, яамд /13/, нийслэл,  дүүрэг /9/-ийн ЗДТГ зэрэг 30 орчим байгууллагын 2300 гаруй төрийн албан хаагчид, байгууллага, хамт олноороо “Цагаан тууз" зүүжжендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалах санаачилгыг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажилласан.2018 оны хувьд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг бол Гоё. Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан доор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж, бэлтгэлийг хангаад байна.

ЖҮХ, ЦЕГ-аас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, гарын авлага, хамтран ажиллах чиглэлийг хүргүүлсэн. Энэ жилийн аян 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж байгаагийн зэрэгцээ олон нийт рүү чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, контентуудыг үйлдвэрлэж, түгээж байгаагаараа онцлог болж байна.

Аяныг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулах “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д төрийн 100 орчим байгууллагыг нэгтгэж, байгууллагын ажилтан, албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяны уриа, мэдээллийг хүргэж ажиллахын зэрэгцээ тэдгээр байгууллагуудын албан ёсны цахим болон фейсбүүк хуудсаар дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцаа, хандлага, үйлдлийг эерэг, зөв болгох агуулгаар бүтээсэн 4 төрлийн богино хэмжээний дүрс бичлэг, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх статистик тоо баримт бүхий  “Харандааны адал явдал” нэвтрүүлгийг үндэсний болон орон нутгийн телевизээр нэвтрүүлэх, цахим мэдээллийн самбаруудад байрлуулж ажиллахыг аянд нэгдсэн байгууллагууддаа уриалж байна. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top