СЭДЭВ: Аравхан настай хүү АЙМШИГТ СОНГОЛТ хийсэн нь нэг гэр бүлийн биш НИЙГМИЙН ЭМГЭНЭЛ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн судалгааны дүнгээр сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Хамгийн сүүлд гарсан хэргийг жишээ болгон дурдвал, хэдхэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө нийслэлд амиа хорлож, нас барсан хоёр ч тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хонгилд 20 настай эрэгтэй Н хүзүүний ороолтоор хоолойгоо боож нас баржээ. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 43 настай эрэгтэй Г гэрийнхээ тоононоос боомилж, нас барсан гэх хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Энэчлэн хоногт дунджаар 1-2 хүн амиа хорлон, нас барж байгаа нь хэн бүхний анхаарах сэдвийн нэг болжээ. Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар амиа хорлох үзэгдэл нь “өвчин” бөгөөд нийгэм болон сэтгэлзүйн хүчин зүйлтэй шууд холбоотой байдаг аж. Эдгээр хүчин зүйлсэд, эдийн засгийн, соёлын, шашны, ажилгүйдлийн шалтгаанаас гадна хувь хүний сэтгэлзүйн байдал  хамгийн ихээр нөлөөлдөг байна. Тухайлбал, сэтгэлийн дарамт,  хямрал, сэтгэцийн зарим өвчин буюу сэтгэл гутрах эмгэг, архи, мансууруулах бодис хэрэглэх эмгэг зэрэг багтдаг ажээ.

Хүний амь нас хохирч байгаа учир нөгөө талаас хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж шийдвэрлэдэг. Тиймээс Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын шалтгаан нөхцөл, нийгэм эдийн засаг, гэр бүлийн нөлөөлөл, сэтгэл зүйн талаас тогтоох, тархалтыг газар зүйн байрлаар тодорхойлох, мөрдөн байцаалтын шатанд дээрх тохиолдлыг бүрэн шалгаж тогтоодог эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас судалжээ. Энэ тухай дор өгүүлье.

ПРОКУРОР Б.ӨНӨРМАА: ӨСВӨР НАСНЫХАН БОЛОН 29 ХҮРТЭЛХ ЗАЛУУСЫН ДУНДАХ АМИА ХОРЛОЛТ ӨССӨӨР БАЙНА

Дээрх судалгааны багийг удирдаж ажилласан УЕПГ-ын Сургалт судалгааны төвийн судлаач, хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Судалгаа маань маш өргөн цар хүрээг хамарсан. 7000 гаруй мэдээллийг цуглуулж нэгтгэсэн. Статистикийн шугаман хандлага тооцох аргачлалаар тооцож үзэхэд амиа хорлолт 2017 онд 332, 2018 онд 312, 2019 онд 293, 2020 онд 275 болж буурахаар байна. Гэвч өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан.

Амь хохирогчдын амиа хорлохоос өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл ихэнх тохиолдолд өөрийгөө гэмтээх эсвэл амиа хорлоно гэж заналхийлэх, амиа хорлох арга зам, хэрэгслийг эрж хайсан, сэтгэл зүйн хувьд мухардаж, амьдралын зорилгогүй болсноо илэрхийлэх, уурлаж хилэгнэх эсвэл өшөө авахыг эрэлхийлэх, бодлогогүй үйлдэл хийдэг байж. Мөн согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодисын хэрэглээгээ нэмэгдүүлэх, найз нөхөд, гэр бүл, нийгмээс өөрсдийгөө тусгаарлах, сэтгэл тавгүйтэх, цухалдах эсхүл зан ааш нь огцом өөрчлөгдөх, нойргүйдэх, байнга унтах, бусдад ачаа дарамт болж байна гэж үзэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдаж байсан нь амь хохирогчид сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан нь тогтоогдож байсан.

Манай улсад сэтгэл зүйч бэлтгэдэг сургууль нь байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийг ажлын байраар хангадаггүй, сэтгэл зүйчийн мэргэжлийн ач тусыг ойлгож мэдэхгүй байгаа нь харамсалтай байна” гэлээ. 

ДАН ГАНЦ ТОМ ХҮН БИШ, ХҮҮХДҮҮД Ч  СЭТГЭЛЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙНА

Түүнчлэн өсвөр насныхны амиа хорлолтын тоо нэмэгдэж байгаа нь судлаачдын санааг зовоосон асуудал болжээ. Өнгөрсөн таван жилд бүртгэгдсэн 2055 тохиолдлоос 605 нь 10-14 насны буюу өсвөр насныхан байсан байна. Сурагчдын дунд явуулсан асуулгаар, сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж хариулсан нь судалгаанд хамрагдагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг. Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэрийг гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл юм.

Хүүхдүүдийн хариулсан байдлыг судалгааны тоон үзүүлэлтэй харьцуулаад  харахад дан ганц томчууд биш хүүхдүүд сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гарах гарцаа мэдэхгүй байгаа нь ажиглагдаж байна.

Ингээд "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа"-ны дүнд гарсан тоо, баримтуудыг графикаар үзүүлбэл:



 

-БИДЭНД ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ-

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд 88 хүн санаатайгаар эм ууж, амиа хорлохоор завдсаныг, эмч нар аварсан гэх тоо бий. Эдгээр иргэдийн 20 орчим хувь нь амьд үлдсэндээ харамсаж, дахин амиа хорлох оролдого хийж байжээ. Ийнхүү  соёлт нийгэм,  хүний ертөнцөөс залхагсдын тоог цаашид нэмэгдүүлэхгүйн тулд бид юу хийх ёстой вэ?

Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль, гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүйгээр амиа хорлох алхмыг сонгож байгаа нь харамсалтай.

Мэдээж хүний сэтгэлзүйтэй нягт холбоотой тул энэ үйлдлийг хуулиар хүрээлэх арга байхгүй. Судлаачдын үзэж байгаагаар, нийгмийн сэтгэлзүй дээд зэрэгтээ хүртэл өвчилсөн учир ийнхүү бага насны хүүхдээс эхлээд үхэх тухай бодох болсон. Харин олон улсын туршлагаас үзэхэд өндөр хөгжилтэй европын улс орнууд болон Япон, Солонгос гэх мэт улсуудад бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэлзүйн хичээлийг оруулж өгсөн байдаг. Мөн сургууль, цэцэрлэг бүрт сэтгэлзүйчийн орон тоо байх ба өдөр бүр хүүхдүүдийг ажиглаж, тэдэнтэй ярилцдаг байна. Дээрх арга туршлагыг хэрэгжүүлсэн Япон улсад гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд амиа хорлолт 18 хувиар буурсан гэх мэдээлэл бий.

Тиймээс магадгүй томчуудын нүдэнд жижиг  боловч хүүхдийн өөрийнх нь сэтгэхүйн хувьд хүнд байгаа тэр асуудлыг олж харж ярилцах нь  түүний амийг аврах боломж байж мэдэх юм. Цаашлаад зөвхөн хүүхдүүд, өсвөр насныхны бус олон ажилтантай албан байгууллага дэргэдээ сэтгэлзүйчтэй болох нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх нөлөөллийн арга хэрэгжүүлэх гээд олон улсын сайн туршлагыг цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх нь  үр дүнтэй гэдгийг сэтгэлзүйчид хэлж байна. 

Түүнчлэн хүнийг амиа хорлох шийдвэр гаргахад зөвхөн сэтгэлзүйн байдал бус эдийн засгийн хараат байдал маш ихээр нөлөөлдөг бөгөөд тухайн улс орны эдийн засгийн байдал сайжрахтай зэрэгцээд амиа хорлолтын статистик буурдаг гэдгийг бусад орны туршлагаас харж болохоор аж.
 

Б.ГАНТУЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Huuk ee(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Hen ni hudalch,hulgaich,hen ni tov shugmaa barimtalj baigaag medehiin argagui boltol sulelduulsen shaltgaan ni holoos haih hereggui ee. Manai toriin erhemuud ogloo tanhimdaa oronguut l hulgai hudal getsgeej bie bienee haraaj zuheh ni herees heterch niigmiinsetgel zuig ter ayar ni horloj baina. Eremuudiin yarij baigaag haraah baival galzuurah bol enuuhend bolson sh dee Hurelsuh ee. Ene uzegdeld Oyun-Erdene ta hoer baaraagui ovoo ih huvi oruulson hunii neg mon

0  |  0
Huuk ee(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Hen ni hudalch,hulgaich,hen ni tov shugmaa barimtalj baigaag medehiin argagui boltol sulelduulsen shaltgaan ni holoos haih hereggui ee. Manai toriin erhemuud ogloo tanhimdaa oronguut l hulgai hudal getsgeej bie bienee haraaj zuheh ni herees heterch niigmiinsetgel zuig ter ayar ni horloj baina. Eremuudiin yarij baigaag haraah baival galzuurah bol enuuhend bolson sh dee Hurelsuh ee. Ene uzegdeld Oyun-Erdene ta hoer baaraagui ovoo ih huvi oruulson hunii neg mon

0  |  0
Huuk ee(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Hen ni hudalch,hulgaich,hen ni tov shugmaa barimtalj baigaag medehiin argagui boltol sulelduulsen shaltgaan ni holoos haih hereggui ee. Manai toriin erhemuud ogloo tanhimdaa oronguut l hulgai hudal getsgeej bie bienee haraaj zuheh ni herees heterch niigmiinsetgel zuig ter ayar ni horloj baina. Eremuudiin yarij baigaag haraah baival galzuurah bol enuuhend bolson sh dee Hurelsuh ee. Ene uzegdeld Oyun-Erdene ta hoer baaraagui ovoo ih huvi oruulson hunii neg mon

0  |  0
Top