Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удахгүй шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан зах худалдааны төвүүдийн эрүүл ахуй, стандартын байдал, хүнсний аюулгүй байдал, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүлсэн талаар өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хэвлэлийн хурал хийлээ.
Хуралд, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ажуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням болон бусад албаны хүмүүс оролцож хяналт шалгалтын дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Тус газраас өнгөрөгч долоо хоногоос эхлэн нийслэлийн есөн дүүрэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулжээ. Хүнсний эрүүл ахуй, барилга техник, эрүүл ахуй зэрэг чиглэлээр 47 иргэн, 85 аж ахуйн нэгжийг шалгаж, 116 зөрчил илрүүлсэн байна.
Тухайлбал, Алтжин, Барс, Бөмбөгөр худалдааны төвүүдэд зарагдаж буй хаяг шошгын зөрчилтэй хоёр нэр төрлийн 6035 төрлийн 39 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг буцаан татуулсан бол хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлжээ.
Мөн хүнсний үйлдвэрүүдэд ашиглагдаж буй хүнсний будаг, саа, үрлэн чихэр, чанамал, шоколад зэрэг 3.3 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авчээ. Шалгалтаас үүдэн 4 аж ахуйн нэгж, 2 иргэнд 4.7 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Баяр ёслолын үеэр олон нийтийг хамарсан арга хэмжээ, хүлээн авалт олноор зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр хоолны хордлогын эрсдэлт нөхцөл үүсдэг байна. Тиймээс олон нийтийн хүлээн авалт зохион байгуулж байгаа зоогийн газар, ресторануудад гэнэтийн шалгалт явуулж, “Баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хүргүүлэн ажилласан байна.
Хоолны хордлогын тухайд өнгөрч буй 2018 онд зөвхөн нийслэл хотод хоолны хордлогын найман удаагийн дэгдэлт гарч, 223 хүн өвчилсөн байна. Үүнээс зургаа нь нийтийг хамарсан зохин байгуулалттай арга хэмжээ, хүлээн авалтаас үүдсэн. Тиймээс нийтийг хамардаг шинэ жилийн арга хэмжээний хоол хүнсэнд анхаарах, зөв хадгалахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.
Хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг сонгохдоо юуг анхаарах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Хонгороос тодрууллаа. Тэрбээр “Шинэ жилийн баяраар хүүхдүүдэд бэлэг авч өгөхдөө тухайн бэлгэнд орсон бүтээгдэхүүний хэрэглэх хугацаа дууссан эсэхийг хамгийн нэгдүгээр шалгах шаардлагатай. Хүүхдийн бэлгэнд ихэвчлэн сахар ихээр агуулсан бүтээгдэхүүнүүд багтсан байдаг. Насанд хүрсэн хүний өдрийн хэрэглээнд 25 грамм сахар хангалттай байдаг. Гэтэл хүүхдийн бэлгэнд багтсан нэг ундаанд агуулагдах сахарын хэмжээ давсан байдаг. Тиймээс хүүхдийн бэлгэнд багтсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн биед шим тэжээл өгөх эсэхийг анхаарч сонгох нь зүйтэй.
Мөн баяр ёслолын үеэр айл өрхүүд маань хурдан муудах чанартай өндөг майонез агуулсан салат хийж хадгалдаг нь хоолны хордлогод хүргэх эрсдлийг дагуулдаг учир зориулалтын хөргөгч хөргүүрт хадгалахыг зөвлөж байна” гэлээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулж буй хяналт шалгалт ирэх 2019 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Mergejiliin hynaltiin ta bvhendee naidaj itgedeg shvv amjilt hvsey