Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа өвчтөний гэр бүлийн хүний халдлагад өртөж, гэмтэж бэртсэн тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ хийж явахдаа, бүр ажлын байран дээрээ хүртэл гэмт халдлагад өртөх тохиолдол сүүлийн зургаан сард эрс нэмэгдлээ. Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нар маань согтуу, танхай иргэдийн гэмт халдлага, дарамт заналхийлэлд цөөнгүй удаа өртөж байна. Эмч нарыг хэл амаар доромжилж, гүтгэх гүжирдэх асуудал хэрээс хэтэрсэн. Иргэд маань аливаад хүлээцтэй, зөв хандлагатай байж эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, элдэв эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм” гэжээ.
Энэ онд тус төвийн дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлууд нь өдгөө прокурорын шатанд шалгагдаж байгаа юм байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )