Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвд их хэмжээний гал гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 18-ны оройн 22:00 цагийн орчимд тус худалдааны төвийн дээд давхарт гал гарч, Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, галыг унтраасан юм.
Оройн 22:30 цагт манай сурвалжлах баг хэргийн газарт очих үед галыг бүрэн унтраасан байсан ба Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас тус худалдааны төвийг хамгаалалтад авч, хэргийн газарт галын шинжээчид ажиллаж байв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гал худалдааны төвийн нэг давхраас эхэлж гарсан аж. Улмаар хоёр, гуравдугаар давхруудад гал тархасныг онцгой байдлын алба хаагчид унтраасан байна. Гал тархсан нэг, хоёрдугаар давхарт гэр ахуйн болон гоо сайхны бараа, барилгын материал, хүнсний лангуунууд байрладаг ба 10 гаруй үндсэн түрээслэгчтэй байжээ. Одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн, галын бүсэд худалдаа эрхэлж байсан иргэдийн бүртгэлийг явуулж, холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч, хохирлын хэмжээг тодруулахаар ажиллаж эхлээд байна.
Онцгой байдлын албанаас галын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. Эхний байдлаар цахилгааны богино холболтоос гал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа ажээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )