Улсын онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсон, шийдвэр гаргалаа.
Өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тав хүртэлх насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Мөн вирусийн эсрэг "Тамифлю" эмийг яаралтай нийлүүлэхээр болж, хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинд хамруулахад шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллээс үзвэл томуу, томуу төст өвчний өвчлөл улсын хэмжээнд 9.3, нийслэлд 7.1 хувьтай байна. Хүүхдийн батлагдсан 977 орны ачаалал өнгөрсөн долоо хоногт 73 хувиар нэмэгджээ. Иймээс том хүн, эмч, сувилагч нарын өрөөг сулласнаас гадна эмнэлгийн коридорт эвхдэг ор дэлгэн хүүхдүүдийг хэвтүүлж байна.
“Эвхдэг ор тавих нь хэвийн үзэгдэл биш. Гэхдээ өвдсөн хүүхдийг ор байхгүй гэж буцаахгүйн тулд гал унтраах маягаар авч байгаа арга хэмжээ. Цаашид 700-1000 ортой эмнэлэг барих цаг болсон. Ойрын өдрүүдэд ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн госпитальд нэмэлтээр тасаг гаргана” гэж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.
Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд резидент эмч, АШУИС-ийн төгсөх дамжааны оюутнуудыг дайчилжээ.
Хүүхдүүдээ цаг тухайд нь вакцинд хамруулах, дархлааг нь байнга дэмжих, дааруулахгүй байх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
жагсаал зохион байгуулж баахан ханиад түгээсэн дээ. одоо эмгүй хүүхэд гэлтгүй том хүн ч өвдөөд хүн байгаа вм байна. Нэгдүгээр эмнэлгийн сэхээнд уушгины хатгаатай зөндөө хүн хүнд байна
Гадаадын баячууд эмзэг бүлгийнхэн болоод нэн тулгамдаж буй газруудад туслалцаа үзүүлдэг, манай хөрөнгөжсөн баячуудаас хүүхдийн эмнэлэг барих сэтгэгдэл төрдөггүй л юм байх даа. Ядаж төр засаг нэн яаралтай эмнэлгээ бариачаа, яриад л байх юм, хүүхдүүд багталцахгүй, дээр нь өвчнөө даахгүй хорвоогийн мөнх бусыг үзэж байна.