РАЙСИНАГИЙН УУЛЗАЛТААС бид юу сурах вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Буурал Европын хөгжил саарч байна. Чухам хаашаа харж хөгжих вэ? Өндөр хөгжил, өөдрөг ирээдүйтэй Ази тив дэлхийн хөгжлийн өнгийг тодорхойлох уу? Ихийг олохоос гадна баялаг амьдрах ёстой. Глобалчлагдсан дэлхий ертөнц алсын хараагаа хаашаа чиглүүлэх вэ? Энэ бүгдийг Райсинагийн уулзалтаар хөндөн ярилцаж, хариулт олохыг оролдов. Дэлхийн эдийн засгийн форум, Циньдаогийн уулзалттай харьцуулахад залуу ч хөндөх сэдвээрээ “мундаг”-уудаас ялгарч чаддаг энэ уулзалт аль хэдий нь оролцогчдын хүрээлэлтэй болжээ. Энэтхэгийн Засгийн газар бүс нутаг болон дэлхий нийтийн хөгжлийн интеграцид нэгдэхээс гадна үзэл санааны манлайлагч байж чадна гэдгээ харуулахын тулд Райсинагийн уулзалтыг 2016 оноос хойш зохион байгуулж ирсэн юм. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гадаад харилцааны яам оролцож ирсэн уулзалт энэ жил ч мөн адил зохион баййуулагдсан.

 

ХӨГЖИЛ ЧУХАЛ, ГЭХДЭЭ...

 

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалаар буухиалж буй дэлхий ертөнцийн хөгжлийн хурдтай орчин цагийн улс, гүрнүүд хөл нийлүүлэх нь зүй. Гэхдээ хөгжлийн хурдасгуур нь хүн учраас хүний хөгжилдөө анхаарахыг Энэтхэгт чуулсан улстөрчид, бодлого тодорхойлогчид анхааруулж байв. Угтаа тухайн улс гүрэн хүнийхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээг нь ханга, амьдрахад хүрэлцээтэй цалин хөлсөөр ханга гэсэн санааг л тэд дэвшүүлсэн юм. Аж үйлдвэрийн гурав дахь хувьсгалыг 100 илүү жилийн тэртээ сэдэж олоод хөгжлийн замдаа орсон Их Британи, дэлхий ертөнцийн бодлогыг тодорхойлж буй АНУ-д энэ сэдэв өнгөрсөн зууны хоцрогдсон сэдэв ч хөгжиж буй, буурай улс орнуудад одоо ч хүний наад захын хэрэгцээ хангагдахгүй байгаа тул өндөр хөгжилтэй орнууд энэ үйл хэрэгт манлайлан оролцох ёстой аж.

 

“Хүн илүүг олохын тулд амьдарч болно. Гэхдээ баялаг амьдрах хэрэгтэй. Өндөр хөгжил гэдэг бол хэт тансаглал, мөнгөн дунд хөлбөрөхийн нэр биш юм. Байгалийн арвин баялагтай ч хөгжиж чадаагүй улсууд хүнээ мартсаны л гай” гэж Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр ярьсан юм.

 

Хүнээ хөгжүүлэхийн тулд улс орнууд хөгжлийн бодлогоо илүү боловсронгуй болгож, салхи оруулах ёстой аж. Тэр бодлого нь зөвхөн сонгуулийн дөрвөн жилийн цикл бус аль ч улс төрийн нам гарсан хэлбэрэлтгүй мөрдөгдөж байх учиртай. Ялангуяа байгалийн баялагтай ч улс төрийн талцал маргаан дунд манантан буй бидэнд хамгийн их хамаатай үг. Баялаг ихтэй ч түүнээс илүү баялаг хүн юм аа гэдгээ ойлгосон цагт алив улс үндэстэн хөгжлийн замдаа шуударсныг их гүрнийг нэгэн цагт удирдаж асан эрхмүүд амаа уралдан сургамжилж байна.

 

АЗИ ТИВИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ

 

Тийм ээ. Шинэ зуун гарахтай зэрэгцэн энэ зуун Азийн зуун байх болно гэж онцлон тодотгож ирсэн. Үүнийг нь ч олон үзүүлэлтүүд баталдаг. Дэлхий нийтийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 илүү хувийг Ази тив дангаараа бүрдүүлж байгаа бөгөөд дэлхийн хүн амын 3/2 нь энэ тивд амьдарч байна. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улсууд хөгжлөөрөө тэргүүлэхээс гадна ойрх дорнодын бүлэг орнууд, Казахстан, Малайз, Вьетнам шинэ хөгжлийн замдаа орж байгааг эдийн засагчид онцолж буй. Ойрын 10 жилдээ БНХАУ хөгжлөөрөө АНУ-г гүйцэж, дэлхийд тэргүүлнэ. Хиймэл оюун ухааны маш том зах зээл БНХАУ-д бий. Сансар судлалын их тулаанд ч тэд мөн хүч үзнэ гэдгээ зарлаад байна. Африк тивийн ихэнх улсууд европын гайгүй хөгжилтэй улс орнуудад ч өдий, төдий санхүүгийн дэмжлэг үзүүлэн “Бүс ба зам” санаачилгыг дэлхий дахинаа зарлан тунхаглав. Консерватив байр суурьнаас харвал шинэ колоничлолын систем байж болох ч их гүрний том санаачилга гаргасан нь БНХАУ-ын нэр хүндийг дэлхийд таниулах маш том стратеги байсныг энд дурдах нь зүй.

 

“Бүс ба зам бол бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн томоохон санаачилга. Гэхдээ энэ санаачилгыг улс орондоо хэрхэн ашигтай тусгах вэ гэдгийг ази тивийн улс орнууд анхаарах хэрэгтэй. Энэ системд нэгдэх нь тухайн улс орны тодорхойлсон хөгжлийн бодлоготой уялддаг байх нь чухал. Европын холбоонд нэгдээд Грек улс эдийн засгийн хямралын шокноосоо одоо хүртэл гарч чадахгүй байна шүү дээ” гэж Канадын Ерөнхий сайд асан Стивен Харпер ярьсан юм.

 

Ази тивийн хөгжиж буй гэх тодотголтой улс орнууд “Бүс ба Зам” санаачилгатай хөгжлийн бодлогоо уялдуулах нь зүй. Товчхондоо бол “Бүс ба зам”-д хөгжлийн бодлогоо тааруулах биш хөгжлийн бодлогодоо хөтлөгдөн “Бүс ба зам”-д нэгдэх нь чухал аж.

 

ИХ СОРИЛТЫН ӨМНӨ

 

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын оч аль хэдийн цахисныг Райсинад чуулсан бодлого тодорхойлогчид дуу нэгтэй батлав. Аж үйлдвэрийн шинэ хувьсгал хэдийгээр технологийн хурд, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх сайн зүйлсийг араасаа дагуулах ч эргээд хүнээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг томоохон асуулттай тулгарна. Нэгэнт хүний хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа бол аж үйлдвэрийн аль ч салбарт хүний нөөцийн байр суурьтай булаацалдана гэсэн үг. Ялангуяа хиймэл оюун ухааны салбарт оройлж буй БНХАУ, хүн амын цонх нь тэлж буй Японд хүндээр тусах магадлалтайг эрдэмтэд хэлж байна. Райсинагийн уулзалтыг зохион байгуулсан Энэтхэгт ч энэ том асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тиймээс хүний хөгжилд анхаарах, улс орны хөгжлийн бодлогодоо хувь хүний үнэ цэнийг тусгах ёстой аж.

 

Энэ цаг үед популизм биш ул суурьтай бодлого л улс орныг аварна гэдгийг “Орос эмч нар” Энэтхэгт ярьсаар буцлаа.

 

Технологийн дэвшил, аж үйлдвэрийн хөгжлөөс шалтгаалсан сорилтоос гадна дэлхийн эдийн засаг томоохон хямралын өмнө ирснийг өндөр хөгжилтэй орнууд сануулж байна. Бүтээлч үйлдвэрлэлийн салбар өндөр хөгжсөн, аж үйлдвэрийн хөгжилд оройлж буй өндөр хөгжилтэй орнууд хямралаас эдийн засгаа аврах бодлогоо аль хэдийнээ тодорхойлоод, боловсруулаад эхэлжээ. Эдийн засгийн хямрал том улсуудад нөлөөгөө тусгах нь тодорхой ч хөгжиж буй, буурай хөгжилтэй орнуудад дэндүү хүнд тусна гэж эдийн засагчид сануулж буй. Сүүлийн таван жил дэлхийн өнцөг булан бүрт улстөржилт газар авч, популизмын “шүлсэнд” булуулж байгаа нь маш том эрсдэл гэдгийг ч сануулж байна. Энэ цаг үед популизм биш ул суурьтай бодлого л улс орныг аврана гэдгийг “Орос эмч нар” Энэтхэгт ярьсаар буцлаа.

 

ЖИЧ: Энэтэхг улсын Дотоод хэргийн яам, Гадаад болон дотоод орчны судалгааны сан хамтран 2016 оноос эхлэн Райсинагийн уулзалтыг зохион байгуулж иржээ. Анхандаа "Шангри-Лагийн уулзалт" гэж нэрлэж байсан ч Энэтхэгийн Засгийн газрын ордон, Ерөнхийлөгчийн ордон байрладаг Райсинагийн толгодын нэрээр нэрлэж, энэ газарт хурал, чуулганаа зохион байгуулдаг болсноор "Райсинагийн уулзалт" болж нэрээ өөрчилсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top