Ятгын чихэн дээр болжимор сууж яруухан дуулахад би дуртай
Ян сарьдагт догшин хуй эргэж, миний омогшил болоход дуртай
Эрвээнхэйн өнгөнд эр хүн нялхарч, цэцэг таалахад дуртай
Эгээл бас ягаан цэцэг, улаахан урууланд хайртай.
Чонын дуу, цасны бүжиг миний омогшил
Цогших галын дэргэд ижий шанзтай дуулах миний уярал
Намуун усны хөвөөнд байгалын анир чагнаархах миний таашаал
Налуу газрын энгэрт амрагаа таалан зугаалах миний амирлан.
Асгарсан их будантайд алтан шүүдэр өшигчин, хөл нүцгэн алхах жаргал
Амьдралд хайртай амьдралд дуралсан гэж бусдад ярих сайхан
Ахин дахин төрж ахин дахин шатах миний амьдрал
Ая аяархан гунигаар омогоо дарж, даруу явах миний араншин.
Гүйгээд очиход тосоод үнсдэг сүү нь ивэлсэн ижийтэй билээ би
Гүнж хонгор аялгууг чихэнд минь аялах амрагтай билээ би
Хагас нь гэрэлд хагас нь сүүдэрт орчлонд бүтэн билээ би
Хааяахан гуньж нулимсаа нэрэхдээ л сая ганцаараа билээ би
Ижийгээс минь өөр хэн ч өгөхгүй эрдэнийн алтан утсаар гоёсон билээ би
Ихэмсэг шаргал намрын шөнө мөнгөн саранд дуулдаг билээ би
Сэтгэгдэл ( 0 )