"Тушаатай мөрөөдөл" тэргүүлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

ХБНГУ-ын Дойче Велле Академийн Монгол дахь хөтөлбөр хариуцсан менежер Патрик Беннинг, ЛЭТУ Монгол дээд сургуулийн захирал, дата шинжээч Роберт Ритц нар Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзаж талархал илэрхийллээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон “Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдэвт дата сэтгүүлзүйн 36 цагийн хакатонд Үндэсний статистикийн хороо дата мэдээллийн дэмжигч байгууллагаар ажилласан. Монголын сэтгүүлзүйд тэр дундаа дата сэтгүүлзүйг хөгжүүлэхэд дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдэвт дата сэтгүүлзүйн 36 цагийн хакатоны I байрт МҮОНРТ-ийн “Setup”баг "Тушаатай мөрөөдөл" буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хүртээмжтэй боловсорч, хөгжиж чадахгүй байгааг англи хэл, дохионы хэлтэй видео бичлэгээр харуулсан юм.

II байрт Орон нутгийн “Steppe” баг “Гэр бүл салалт ба хүүхдийн эрхийн тэгш бус байдал” сэдвээр хийсэн анимэйшн бүтээл.

III байрт "GoHack" баг “Уул уурхай дагасан хандивын тэгш бус хуваарилалт” сэдвээр хийсэн бүтээлээр шалгарсан бол "Менторуудын Сонголт" шагналыг “Shift” баг орон нутгийн иргэд эрүүл мэндийн хүртээмж дутмагаас хот руу нүүж ирэх хандлага их. Тэгэхдээ хотод ирээд эрүүл мэндийн асуудлаа шийдэж чадаж байгаа эсэхийг хөндсөн бүтээлээрээ хүртлээ.

“Тэгш бус байдлыг тэгшитгэе” 36 цагийн хакатонд оролцогчдын хамгийн их ашигласан, гол эх сурвалжаа болгосон мэдээллийн сайт нь Үндэсний статистикийн хорооны WWW.1212.MN Статистикийн мэдээллийн нэгдсэн сан байв.

I байрт орсон “Setup” багийн ахлагч Г.Батзаяа хэлэхдээ “Үндэсний статистикийн хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дата мэдээлэл авсан. Энэ датагаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоог нийслэл, аймаг бүрээр нь харж болохоос гадна хэд нь сургуульд сурдаг, сурдаггүй тухай дэлгэрэнгүй харж болохоор байв. Мөн БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилийн статистик мэдээлэл дээр тулгуурлаж, үндсэн датагаа бүрдүүлсэн.

Үндэсний статистикийн хорооноос авсан сургуульд сурдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоон мэдээлэл, БСШУСЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилийн тоон мэдээлэлтэй зөрүүтэй байсан. Гэхдээ энэ хоёр мэдээлэл нь оны хувьд ялгаатай тул, бид ҮСХ-ны мэдээллийн датаг гол эх сурвалжаа болгож ашигласан. Мөн сэдэв өнцгөө тодорхойлох, датагаа боловсруулах, ямар гарц шийдэл санал болгож болох вэ гэдэгт менторууд маш их туслалцаа үзүүлсэн. Хэвлэл мэдээллийн редакцууд дан ганц сэтгүүлч ажиллуулахаас гадна, график дизайнер, дата аналист чиглэлээр мэргэшсэн хүмүүсээр багаа бүрдүүлэх нь чухал гэж харж байна. Ингэснээр дата сэтгүүлзүйн чанартай бүтээл хийх боломжтой” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top