Дипломат албаны маапаан буюу алтан аргамжийг алд сур болгогчид

3 цагийн өмнө

Монгол төрийн гадаад бодлогыг зангидаж, дэлхийн олон улс оронтой дипломат ёсыг хэрэгжүүлэгч чухал үүрэг бүхий Элчин сайд, консул хэмээх эрхэм албыг залгуулагчид сүүлийн цөөнгүй жил шагналын хэргэм, тал тохой татсан нөхдийн бие биеэ өргөмжилсөн нэрийн хуудас төдий болж хувирав. Юун төрийн алтан аргамжийг атгагч, эртний түүхт алт, мөнгөн гэрэгэ эзэмшигч бүрэн эрхт төлөөлөгч, энхийн элч мантай. Зарим хүнийг аль нэг оронд Элчингээр суулгахаар агреман хүсэхэд цаад орны Төрийн тэргүүн намтар түүхийг нь уншаад нааш харж инээж, цаашаа харж уйлж байж агреман буюу Монгол Улсаас тус улсад суух Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр хүлээн авч буйгаа зөвшөөрсөн албан бичиг ирүүлдэг байж ч мэдэх. Гаднынхан бүү хэл, тийм тийм хүн Элчин, консулаар яригдаж байна гэхээр энгийн иргэд голж толгой сэгсэрч байгаа юм чинь. Хэдэн жилийн өмнө Хятадад “Ни хао” ч байхгүй нөхрийг томиллоо гээд л шуугиж байгаагүй юу.

Хуучин цагийн тулхтай, боловсролтой, олон улсын харилцааны дүрэм журмыг ягштал мэддэг, ясны дипломатчид өдгөө бараг үгүй болсон.

Шинэ цагийн залуус гадаад харилцааны чиглэлээр төгсөж ирлээ ч улс төрийн эрх мэдэлтнүүдэд танил бус, аль нэг нам дагаагүй, хэн нэг улстөрч хэмээгчийн цүнх бариагүй бол мэргэжлийн чиглэлээрээ өсөж өндийхөд бэрх цаг болж. За тэгээд намууд хамтраад эвслийн Засгийн газар байгуулахаараа “Танай тийм хүнийг Элчингээр явуулж байгаа юм чинь манай энийг болго” гэж нэг нэгдээ шахалт үзүүлдэг юм байна.

Түрүүхэн үедээ намын томилгоогоор явсан зарим элчин тамхины наймаанд их холбогддог байлаа. “Болоогүй ээ, түүнийгээ Элчин сайдын яамныхаа санхүүг босгож байгаа юм. Монголоос ирдэг мөнгө цалин, урсгал зардал хаанаа ч хүрдэггүй ээ” гэж тайлбарладаг байв. Тэр жил Болгарт дипломат алба хашиж асан Д.Шатарбал гэгээн цагаан өдрөөр харь улсын нийслэлийн төв гудамжинд машинаа нэгжүүлж хар тамхи илэрч байлаа. Москва дахь Элчин сайдын яамны зарим өрөөг казино болгочихсон мөрийтэй тоглоом тоглоцгоож байна гэсэн сураг дуулддаг л байсан. Польшид сууж байсан элчин тамхины наймаанд орооцолдлоо гэдэг л байсан. Тэдний зарим нь мэргэжлийн дипломатч, зарим нь намын “шагналтан”.

Жагсаж цуглаж байгаад Элчин, консул болдог нөхөд ч байна. УИХ-ын гишүүн асан АН-ын Лу.Болд “Шударга тав”-ын нэг болж жагсаж яваад Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болсон. Лу.Болд ч яах вэ, хэлтэй, устай, Гадаад харилцааны сайд байсан, Германд сургууль төгссөн хүн. Харин нөгөө нэг жагсагч Ж.Батзандан Австралид Элчин зөвлөхөөр томилогдож, местээ голж, бухимдаж, өөрийгөө “цөллөгт байна” хэмээн гомдоллосоор эргэж ирж УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдаад чимээ тасарсан.

Боломжийн хүний нэрийг дипломат албанд томилоход татгалзаад, өөрийн талын хүнийг шахдаг Ерөнхийлөгч ч байв. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн тэргүүн байхдаа Монгол Улсаас Японд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад санал болгосон Г.Тэнгэр, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар нэр дэвшүүлсэн Н.Чимгүүндарь нарыг хүлээн авахаас татгалзаж байв. Аль аль нь ГХЯ-нд ажиллаж байсан, хэлтэй устай залуус байсан ч Ерөнхийлөгч асан тийнхүү улс төрийн сэдлээр хаалт хийж байв. Заримыг нь цаад тал зөвшөөрөөд агреман ирүүлчихсэн байсан юм гэсэн. Хэдхэн жилийн өмнө Энэтхэгт суух Элчин сайдаар Ч.Бүрэнбаяр гэх унаган англи, хинди хэлтэй, нутаг орныг сайн мэдэх эрхмийг нэр дэвшүүлсэн ч төрийн алба хаших насны дээд хязгаар болох 65 насанд хүрсэн хэмээн хасаж байв. Уг нь Ч.Бүрэнбаяр нь Дилова хутагт Б.Жамсранжавыг дагалдан Энэтхэг гарч явсан Дармабал буюу Чанрав гэх хүний хүү, Жагарын оронд төрж өсөж дунд сургууль дүүргээд 1970-аад оны дундуур эцэг эх, эгч нарын намт Монголдоо ирж МУИС төгссөн, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үед Тамгын газарт нь хэвлэлийн албанд ажиллаж байсан, сүүлд Оюутолгойн хэвлэл мэдээллийн төвд алба хашсан боловсролтой, соёлтой хүн ч гэлээ нас гэдэг босго тавиад хасаж орхисон нь зүгээр л өөр хүнд зай тавьж өгөх шалтаг байсан юм шиг билээ. Насны хязгаар тийм сүрхий шалтаг мөн үү гэвэл бас ч үгүй. УИХ-ын гишүүн асан Н.Энхболдыг өнгөрсөн жил бүрэн эрх нь өндөрлөмөгц БНХАУ-д Элчингээр илгээсэн. Тэгэхэд тэрбээр 67 нас хүрчихсэн байв. Хэнд нь үйлчлээд, хэнд нь үйлчилдэггүй ч хууль юм.

Ингэж мэдлэг боловсрол, чадвартай нь Төрийн тэргүүний үзэмжээр хасагдаж, нам дагасан нөхөд шагналаар хүртдэг болсон суудал бол Элчин сайд, эсвэл консул. Сүүлийн үеийн томилгоо бүр ч бантан боллоо. Яг одоо болж буй томилгоонуудыг хар. БНСУ-д ажиллах үеэрээ Солонгосын онгоцны үйлчлэгч бүсгүйн биед зүй бусаар халдаж БНСУ-д саатуулагдан харь газар эх орныхоо нэрийг буртагласан Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг 2024 оны аравдугаар сард Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод суух Ерөнхий консулаар томилох шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргаж байв.  Энэ талаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг хэлэхдээ “Д.Одбаяр Хонконгод сурч байсан. Орос, англи хэлтэй. Хууль зүйн салбарын өндөр мэдлэгтэй зэрэг үндэслэлийг гаргаж тавьсан. Айлын тал зөвшөөрлийг нь өгсөн. Бид дотооддоо томилгоо хийхдээ хууль хяналтын байгууллагын тодорхойлолт авдаг. Д.Одбаяр ямар нэгэн ял шийтгэлгүй, БНХАУ ч Д.Одбаярыг хүлээж авах эсэхээ шалгаад Д.Одбаярыг Ерөнхий консулаар томилоход татгалзах зүйлгүй гэж зөвшөөрөл өгсөн” гэжээ. Өмнө нь хилийн чанадад хэрэг тарьсан хүн ч намдаа нүүртэй бол дипломат албанд явахад саадгүй ажээ. Тэгмэгц Засгийн газарт хамтарсан АН, ХҮН өөр өөрийн хүнийг зүтгүүлнэ биз дээ. Тэр шалтгаанаар АН-ын дарга асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилогдов.  Гадаад харилцааны сайдын тайлбарласнаар С.Эрдэнийг орос хэлтэй, улс төрийн туршлагатай хэмээн АН-аас дипломат албанд гадаад улсад томилуулах санал гаргажээ. Гадаад харилцааны яам татгалзаад нэмэр болоогүй бололтой. Сайдын хэлснээр С.Эрдэнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүйгээ илэрхийлснээр Чикагод дэд консулаар томилсон гэнэ. Чикаго хотод монголчууд олноор суурьшин суудаг учраас иргэдтэйгээ харилцах харилцааг нь бодож С.Эрдэнийг АН-ын саналаар дэд консулаар тавьсан гэжээ. Түүнд хэл усны хэрэг ч алга. Суурьшмал монголчуудтайгаа монголоороо яриад л сууж байх юм гэнэ. С.Эрдэнэ твиттер дээрээ "Би Ардчилсан намаа, ардчиллаа ялуулах гэж өөрөөс шалтгаалах бүхнээ хийж, 11 удаа ялалтын суудал авчирсан. УИХ-д гурван удаа сонгогдсон. Баянгол дүүрэгт гурван удаа ялж, олонх болж засаглаж байв. АН-ыг нэгдсэн нэг үзэл санаатай үнэт зүйлтэй болгож, том жижиг 20-иод улс төрийн намыг баруун төвийн (либерал) үзэл санаан дээр нэгтгэж, АН-ын есдүгээр их хурлаар батлуулж УДШ-д бүртгүүлсэн. Би төрд хийх ажлаа нэр төртэй хийж гүйцэтгэж ирсэн. УИХ-д гурван удаа сонгогдон ажиллахдаа Үндсэн хуульд заасан чиг үүргийн дагуу 71 хууль санаачилж, 41 хуулийг амжилттай батлуулж байв" гэжээ. Гадаад харилцаа, дипломат албанд мөн ч тохирох үзүүлэлт байгаа биз.

УИХ-ын сонгуульд өрсөлдөөд бүдэрсэн Ц.Жадамбыг АН санал болгож БНСУ-ын Бусанд суух Ерөнхий консулаар томилоод байна. ХҮН нам ч суудал горилох нь зүй. Тиймдээ тус намыг төлөөлүүлж Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга З.Лхагвадоржийг Эрээн хотод суух Ерөнхий консулаар томилжээ. УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилоод байна. Дараа дараагийн элчин, консулуудын яриа ч үргэлжлэх төлөвтэй.

Үүнээс гадна гадаад орнууд дахь Улаанбаатар хотын төлөөлөгч гэх сонирхолтой “мест” рүү бас бус хүнийг чимээгүйхэн илгээдэг юм байна. Хэдэн жилийн өмнө хотын даргатай Бээжинд очиход н.Рэнцэн гэж хятад хэлээр ус цас шиг ярьдаг эдийн засагч залуу тэнд Улаанбаатарын төлөөлөгчөөр ажиллаж байсан юм. Ирсэн төлөөлөгчдөд хэлмэрчилчихнэ, эдийн засгийн асуудал ярьчихна. Боломжийн санагдсан. Гэтэл хэл усаар ямар л бол, гадаад харилцаа, эдийн засаг, бас бус мэдлэг хэр бол гэхээр “намчин” нөхөд нийслэл хотоо гадаад орнуудад төлөөлдөг ажээ. Энэ талаар учир мэдэх хүмүүс шүүмжлэл хэлж байна. “Гадаадад суугаа Монголын ЭСЯ-ны зэрэгцээгээр "УБ хотын төлөөлөгч" гэсэн шинэ албан тушаал бий болгожээ. Москвад М.Мөнхцэцэг, Варшавт Э.Цэлмүүн, Токиод Ц.Сандуй, Сөүлд Б.Хажидмаа, аль улсад байгаа нь үл мэдэгдэх Д.Баянмөнх нар гадаадад ажиллаж, 10-15 сая төгрөгийн цалин авч байна. Яаж ч бодсон эд нарт хийх ажил түй ч байхгүй.

Нэн даруй гадаадад суух "УБ-ын төлөөлөгч" гэсэн албан тушаалыг үгүй болгож, эдгээр хоолны савнуудыг буцааж татахыг шаардаж байна. Улаанбаатар улсын доторх улс юм уу, хаашаа юм. Ром доторх Ватикан аятай. Төсөл, хөтөлбөрүүд давхцана. Энэ хэрээр зардал өснө. Зардал өсөхөөр татвар төлөгчдийн мөнгө үргүй урсана” гэсэн байх нь тааралдана. Бодох ёстой асуудал. Ц.Сандуй л гэхэд мөнөөх 60 тэрбумын Сандуй юм болов уу. Хэл аманд орооцолдохоороо огцорсон нэр хэмээгээд, гадаад руу чимээгүйхэн томилогдчихдог нэг жим бий болсон бололтой юм. Энэ мэтээр дипломат албаны маапаан гүнзгийрч, алтан аргамжийг алд сурны хэмжээтэй болгогчдоор дүүрэх нь улс орны хайран нэр сүрд халгаатайг бодууштай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.219.83) 9 минутын өмнө

Монгол улсыг төлөөлж гадаадад суух элчин сайдуудыг ёс зүйтэй, шунал хүслээ дарж чаддаг, тодорхой хэмжээний мэдлэг боловсролтой хүнийг томилох хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээс дарга нар очихоор далдаганаж гүйгээд жирийн иргэд очихоор нэг нүдээрээ харж чаддаггүй, арчаагүй цүнх баригч нарыг томилтооргүй байнаааа!!!!

0  |  0
Top