Хоёр хүний аминд хүрсэн “Новатек интернэшнл”-ийн хэрэг яагаад дарагдсан бэ!

Манай сонин саяхны дугаартаа “Нийслэлд газаас үүдэлтэй аюулын харанга дэлдэж байгаа”-г сэрэмжлүүлсэн билээ. Дээрх нийтлэлээр олон нийтэд газрын аюулгүй байдлыг сэрэмжлүүлсэн бөгөөд жишээ, баримт дотор “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгч гэх “Новатек интернэшнл” ХХК-ийн хэрэг юуны учир дарагдсан бэ гэдэг асуудал давхар хөндөгдсөн юм.

Хэд хэдэн хүн ухаан алдаж, бие давхар эмэгтэй амиа алдсанаар хоёр  хүний аминд хүрсэн гэж үзэх энэ хэрэг хууль, хяналтын шатанд удаашралтай байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Нэхэн сануулахад, одоогоос жил гаруйн өмнө буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын төв хэсэгт, олон арван компани, аж ахуйн нэгжийн нэгдсэн байр болох “Гранд плаза” төвийн найман давхарт байрлах “Новатек интернэшнл” ХХК-ийн оффист энэ хэрэг гарсан байдаг. Тухайн үед хэд хэдэн хүн гэнэт ухаан алдаж, түргэн тусламж дуудсан бөгөөд зарим нь эмнэлгийн тусламж авч сэргэсэн ч жирэмсэн эмэгтэй Ц.Т амь насаа алджээ. Үндсэндээ хоёр ч эрдэнэт хүний  алтан амь эрсэдсэн аймшигт хэрэг гарсан байдаг. Улмаар талийгаачийн үхлийн шалтгаан нь амьсгал боогдож, хурц хордлогод орсноор амь насаа алдсан гэж гарсан байна. Гэтэл уг хэрэг огт шийдэгдэлгүй өдгөө хоёр дахь жилийн нүүрийг  үзэж байгаа аж.

Хууль, хяналтын байгууллага “шалгаж байгаа” гэх нэртэй хэрэг ийнхүү сунжирч иржээ. Мэдээж юуны учир хэргийг удаашруулж, иргэдийн гомдлыг барагдуулахгүй байна вэ гэдэг асуулт гарна. Энэ байдал нь өөрөө  сэжигтэй байхаас  гадна хардлага төрүүлж байгааг ч эх сурвалжууд эхнээсээ хэлж буй. Юу гэвэл, уг хэргийн гэрчүүд байцаалт өгөөгүй. Мөрдөгч нь ч тэднийг дууддаггүй. Эмчилгээний асуудлуудыг шалган тогтоогоогүй. Ийм атал  “Гэрч олдохгүй байна” гэсэн шалтгаанаар хэргийг  хойшлуулсаар иржээ.

Тэгвэл тухайн үед гүн хордлогод орсон А гэх  эмэгтэй сэхээнд орж, амь нас нь аврагдсан байдаг. Үргэлжлүүлээд урт хугацаанд их хэмжээний зардал гарган гадаад орнуудад эмчлүүлжээ. Ингээд эх орондоо ирсэн тэрбээр хэргийн гэрч гэдэг нь маргаангүй. Гэтэл тэрбээр байцаалт, мэдүүлэг өгөхөөс зайлсхийсээр байгаа нь бусдын дарамт ятгалгад өртсөн байх магадлалтайг гэдгийг зарим эх сурвалж хэлдэг. Мөн тус компанийн захирал Б гэгч уг хэрэг явдлын дараа нэн яаралтай ажлаасаа гарч, түүнээс хойш  сураг алдарсан нь буруутай гэдгээ мэдэрснийх гэж үзэж болохоор...Өдгөө холбогдох байгууллагууд  түүнийг “Олдохгүй байна” гэсэн шалтаг хэлсээр  жил гаруй  болж  байгаа нь хардлага дагуулж буй.

Тухайн үед хүмүүс газанд хордсон уу, нэг дор олноор ухаан алдаж, улмаар бие давхар эмэгтэй амь насаа алдахад хүрсэн ямар эрсдэл, учир шалтгаан байв гэдгийг тордуулсан бол... Хэргийг дарагдуулах бус олон нийтэд шуурхай мэдээлж, сэрэмжлүүлсэн бол газаас үүдэлтэй дараа дараагийн  аюул гарах байсан уу, үгүй юу.

Хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулчихаад нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хяналт шалгалтыг шуурхай явуулах, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл хийхийн оронд энэ хүртэл таг чиг байгаа “Новатек интернэшнл” ХХК хувийн эрх ашиг, хар амиа хичээсэн үү? Хууль хяналтынханд ямар нэгэн байдлаар нөлөөлөөд байгаа юм биш биз гэх мэт олон  асуулт дээрх нөхцөл байдлаас урган гарч байна.

Тус компани хэзээ байгуулагдсан, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг сонирхвол, хоёр ч цахим хуудас гарч ирэх бөгөөд эхнийхэд нь “2007 онд анх байгуулагдсан. Дулааны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэх, цахилгаан, дулааны шугам хоолойн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Ингэхдээ цахилгаан, шугам хоолой, дулааны угсралт, засвар үйлчилгээ, цахилгааны тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ эрхэлдэг” гэсэн танилцуулга дурайж байна. Дараагийн цахим хуудас /Novatek-International-LLC/-т Эрчим хүчний тоног төхөөрөмж, өргөх механизм, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн ханган нийлүүлэлт, үйлчилгээний чиглэлээр дагнан ажилладаг. Манай компани нь дэлхийд танигдсан үйлдвэрлэгчдийн мэдээллийн бааздаа үндэслэн, хамгийн сүүлийн үеийн техник, шилдэг технологиор бүтээгдсэн тоног төхөөрөмж, сэлбэг материалыг харилцагчдаа нийлүүлж, борлуулалтын дараах иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг үндэсний компани юм” гэжээ.

Шилэн дансны мэдээллээс үзэхэд, “Новатек интернэшнл” ХХК нь төрд хамгийн өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг хувийн хэвшлийн нэг. 2019-2020 онд  зургаан удаагийн гүйлгээгээр 1.833.307.685 төгрөгийг улсын төсвөөс авч байжээ.

Өдгөө ч тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд захиалагчдаас бараа, бүтээгдэхүүний захиалга авч, нийлүүлсээр байна. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр юу болсон. Хүмүүс юунаас болж хордсон, ямар арга хэмжээ авсан, аюулгүй байдлын баталгааг хэр хангасан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг тодруулахаар тус компанийн оффисын 7511... болон бусад утсанд холбогдсон ч хэргийн талаар бүгд “мэдэхгүй” хэмээн хариулж, удирдлагуудтайгаа холбож өгсөнгүй.

Ч.Зотол

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top