Төсвийн тэнцэл ашигтай гарч, ханшийн дарамт буурав

2019 оны 03 сарын 29

Макро эдийн засгийн хоёрдугаар сарын тойм мэдээллийг хүргэж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн  мэдээллээс онцлоход улсын төсвийн тэнцэл ашигтай гарч, ханшийн дарамт буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Төсвийн тэнцэл  169 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 35.2 хувиар, зарлага 46.8 хувиар тус тус буурсан бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 169 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 96.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.

Ам.долларын ханш 16.31 төгрөгөөр буурав

Хоёрдугаар сард Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 230 төгрөг буюу 9.6 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 16.31 төгрөг буюу 0.6 хувиар буурч 2633.37 төгрөг болов. Нэгдүгээр сард гадаад валютын нөөц 3.6 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас 2 хувиар, өмнөх оны мөн үеэс 29 хувь нэмэгдсэн байна.

Инфляци өмнөх сараас ӨСЧЭЭ

Хэрэглээний үнийн индекс буюу инфляци  улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувиар өсч, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар, оны эхнээс 0.5 хувь өсчээ.  Хүнсний бараа, орон сууц, ус, цахилгаан, хувцас, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ өссөн нь голлон нөлөөлснийг тоймд  дурджээ.

Гадаад худалдааны тэнцэл 256 сая.ам доллар болов

Нийт барааны эргэлт 1931.1 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар өссөн бол экспорт өмнөх сараас 30.4% импорт өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 256 сая ам.долларын ашигтай гарлаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

Дотоодын нийт бүтээгдэхүүн  2018 оны 4-р улирлын байдлаар (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18,058 тэрбум төгрөгөөр нэмэгдэж эдийн засаг 6.9 хувиар өсөв. ДНБ-ий 6.9 хувиар өсөхөд үйлчилгээний салбар 5.3%, санхүү, даатгалын үйл ажиллагааны салбар 12.3% аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 6.2% өссөн нь нөлөөлөв.

Үндэсний Статитикийн хорооны тооцооноос харахад өнгөрсөн оны мөн үед эдийн засгийн өсөлт (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 4.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 396.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж эдийн засгийн өсөлт 5.1% болсон. Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 4%-иар буурсан бол, үйлчилгээний салбар 12%, бүтээгдэхүүний цэвэр татвар 18%-иар тус тус өсчээ.

Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 2.5 хувиар өслөө. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 31.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 (13.5%) их наяд төгрөгөөр өслөө. Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.1 (6.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд бараа, үйлчилгээний экспорт 2 (15.3%) их наяд төгрөг, хөрөнгийн нийт хуримтлал 1.7 (27.2%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ

47 улсад бараа экспортлов

 Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1931.1 сая ам.долларт хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж, зөрүү нь 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна. Манай улс он гарсаар дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 47 улсад бараагаа экспортлож, 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 74.3 хувийг эзлэж байна.

Ам.долларын зээл 2.7 их наяд төгрөг

Банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон нийт зээлийн хэмжээ 17.1 их наяд төгрөг болж төгрөгийн зээл 14.4 их наяд, ам.долларын зээл 2.7 их наяд төгрөгийг эзэлж байна. Сүүлийн жилд хэрэглээний зээл өссөөр байгаа нь манай улсын импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүний зээл эзэлж байна. Импортын зээл өмнө нь хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан бол одоо дөрвөн тэрбум ам.долларт хүрч өсчээ. Тиймээс замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч, хэрэглээний зээлийг хумих бодлогыг Монголбанкнаас барьж буй. Зээлийн үлдэгдлийг бүтцээр авч үзвэл: цалин тэтгэвэр 26 хувь, худалдаа 14 хувь, үл хөдлөх 11 хувь, барилга 9 хувь, уул уурхай 7 хувь, автомашин 3 хувийг тус тус эзэлж буй аж.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top