Эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлууд, тоон мэдээллүүдээс тоймлон хүргэж байна.
Хэрэгжилт хэдэн хувь бэ?
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.
Эргэн сануулахад, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг мөн тусгасан. Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх; инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцлийг бүрдүүлэх; эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайдын танилцуулгад:
Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь
Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь
Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь
Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь
Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарсан байна.
2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн гэж мэдээлсэн юм.
Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ батлагдлаа
“Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсныг тойм онцолж байна. Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байгаа үйл явдал юм. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт баригдах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд жилд 500 мян.тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж. Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэх юм. Уг цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордуудын төмрийн хүдэр, баяжмалыг ашиглахаар урьдчилан тооцоолсон гэдгийг “Эрдэнэс Монгол” компаниас мэдээлсэн.
Макро эдийн засгийн ТОЙМ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс макро эдийн засгийн хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг тоймлов. Мэдээллээс онцлоход улсын төсвийн тэнцэл ашигтай гарч, ханшийн дарамт буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 35.2 хувиар, зарлага 46.8 хувиар тус тус буурсан бол төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 169 тэрбум төгрөгийн ашигтай гарав.
-Нийт барааны эргэлт 1931.1 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар өссөн бол экспорт өмнөх сараас 30.4% импорт өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсч гадаад худалдааны тэнцэл 256 сая ам.долларын ашигтай гарсан байна.
-Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1931.1 сая ам.долларт хүрэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж, зөрүү нь 256.1 сая ам.доллараар эерэг гарсан байна. Манай улс он гарсаар дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 47 улсад бараагаа экспортлож, 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортложээ.
-Дотоодын нийт бүтээгдэхүүн 2018 оны 4-р улирлын байдлаар (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 18,058 тэрбум төгрөгөөр нэмэгдэж эдийн засаг 6.9 хувиар өсөв. ДНБ-ий 6.9 хувиар өсөхөд үйлчилгээний салбар 5.3%, санхүү, даатгалын үйл ажиллагааны салбар 12.3% аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 6.2% өссөн нь нөлөөлөв.
Банк, санхүүгийн байгууллагуудаас олгосон нийт зээлийн хэмжээ 17.1 их наяд төгрөг болж төгрөгийн зээл 14.4 их наяд, ам.долларын зээл 2.7 их наяд төгрөгийг эзэлж байна. Сүүлийн жилд хэрэглээний зээл өссөөр байгаа нь манай улсын импортын 20 гаруй хувийг хэрэглээний бүтээгдэхүүний зээл эзэлж байна. Импортын зээл өмнө нь хоёр тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан бол одоо дөрвөн тэрбум ам.долларт хүрч өсчээ. Тиймээс замбараагүй хэрэглээг хумих шаардлага гарч, хэрэглээний зээлийг хумих бодлогыг Монголбанкнаас барьж буй. Зээлийн үлдэгдлийг бүтцээр авч үзвэл: цалин тэтгэвэр 26 хувь, худалдаа 14 хувь, үл хөдлөх 11 хувь, барилга 9 хувь, уул уурхай 7 хувь, автомашин 3 хувийг тус тус эзэлж буй аж.
Худалдан авалт өссөнгүй
Төв банк гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь, өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байсанаас 623 кг дутуу буюу 87 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алтыг худалдаж авчээ. Алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой гэж тайлбарлаж байна.
Эрчим хүчний салбарт 2020 он хүртэлх хэлэлцээрийг батлав
Эрчим хүчний салбарын 2019-2020 оны хамтын хэлэлцээрийг энэ долоо хоногт /2019.03.29/ баталлаа. Энэ удаагийн хэлэлцээрээр Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр эрчим хүчний салбарын хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэх, үйлдвэрлэлийн үр ашиг, салбарын тогтвортой байдлыг хангаж ажиллах зэрэг асуудал дээр талууд санал нэгдсэн юм. Аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO-45001 стандарт болон нийгмийн хариуцлагын стандартыг нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг талууд хамтран хэрэгжүүлнэ гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )