Ч.Энхбат: Хөгжлийн банк зургаан их наядын зээл олгосон

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатаас тодрууллаа.

-Хөгжлийн банкинд шалгалт орсон гэж байсан. Шалгалтын ажлын хэсэг танай банкны ямар ажлуудыг шалгаж байгаа вэ. Шалгалтын үйл явц хэзээ дуусах бол?

-Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкинд шалгалт хийж байгаа. Энэ шалгалт хоёр жил тутамд хийгддэг шалгалт л даа. Өмнө нь 2016 онд шалгалт орж байсан. Ээлжилт шалгалт нь өнгөрөгч хоёрдугаар сард орсон. Ажлын 30 хоногт үргэлжлэх учиртай. Шалгалтын дүн эхний байдлаар ирэх долоо хоногт гарах болов уу. Бидний зүгээс шаардлагатай бүх материал, мэдээллээр хангаад явж байгаа.

-Өмнө нь Монгол банкнаас шалгалт орсон чинь оруулахгүй, бичиг цаасаа гаргаж өгөхгүй байсан гэдэг зүйл яригдаад байсан. Энэ яг юу болсон юм бэ?

-Монгол банкнаас өнгөрөгч оны долдугаар сард шалгалт орсон. Дахин шалгалт орох асуудал яг энэ шалгалттай давхацсан. Нөгөө­тэйгүүр хууль хэрэглээний тал  дээр асуудал байсан. Үүнийгээ нэг мөр болгож байгаад шалгалтаа оруул гэсэн шаардлага тавьсан.

-Хоёр жилийн өмнө нэлээд томоохон компаниуд зээлээ төлөхгүй байна гэсэн мэдээлэл байсан. Тэр юу болов. Одоо яг зээлээ төлөхгүй хүү алданги тооцоод явж байгаа аж ахуй нэгжүүд байна уу. Яг ямар компаниуд, хэд орчим төгрөгний эргэн төлөлт хийгдэх вэ?

-Ер нь бол Хөгжлийн банк дээр 2016 оноос өмнө олгосон томоохон хэдэн зээлдэгчийн асуудал байгаа. Бусад жижиг зээлдэгч, арилжааны банкууд олгосон зээлүүдийн эргэн төлөлт тодорхой хэмжээгээр хийг­дээд явж байгаа. Хөтөл, Кью Эс Си, Төрийн орон сууцны корпораци байна. ТОСК-ийн тодорхой зарим төслүүдийг түрээсийн орон сууц руу шилжүүлчихсэн хэрнээ төсөв дээр мөнгө нь суухгүй гэдэг ч юм уу ийм хүндрэлүүд гарч байгаа. “Эрэл” үйлдвэрийн төсөл байна. Ингээд гарын таван хуруунд багтахуйц томоохон хэдэн төслүүдээс Хөгж­лийн банк дээр эргэн төлөлт хүндрэлтэй байж байгаа.

-Хэд хэдэн төгрөг байна. Та компанитай нь  цуг төлөх төлбөрийг нь хэлж болох уу?

-Ерөнхийдөө Хөтөл дээр гэхэд 60 гаруй сая ам.долларын үндсэн төлбөр, хүү төлөгдөөгүй явж байгаа. Кью Эс Си дээр мөн адил 60 гаруй сая ам.доллар төлөгдөөгүй. “Эрэл” компани гэхэд өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр, хүүтэйгээр 130 тэрбум төгрөгний асуудалтай явж байна. Томоохон хэдэн аж ахуй нэгжүүдийн зээл төлөгдөхгүй байгаа нь эргээд бас ашигт ажиллагаа Эрсдэлийн сан дээр бас сөрөг нөлөө үзүүлж байгаа.

-УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани зээлээ төлөхгүй байна гэдэг мэдээлэл байсан. Төлж байгаа юм уу?

-Тус компани хувиараасаа өмнө төлөлтөө хийгээд явж байгаа. Анх 60 гаруй сая ам.доллар байсан бол одоо 30 гаруй сая ам.доллар үлдсэн. Хувиараасаа өмнө төлөөд явж байгаа гэж ойлгож болно.

-Хөгжлийн банкнаас 1.3 их наядын зөрчил илэрсэн шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр хэлж байсан. Тэр асуудал ер нь юу болсон бэ?

-Тэр ажлын хэсгээс гарсан дүгнэлтийн дагуу Хөгжлийн банкинд чиглэл өгсөн. Тухайн чиглэлийн дагуу бид бүх шаардлагатай мэдээ, материалыг хууль, хяналтын бай­гуул­лагад нь шилжүүлсэн. Энэ хүрээндээ шаардлагатай бүх мате­риалуудыг гаргаад явж байгаа. Хууль, хяналтын байгууллагууд яаж эцэслэх нь тэдний асуудал байх.

-Нийтдээ өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас хичнээн төгрөгний зээл гаргасан байдаг юм. Яг найдваргүй болчихсон хичнээн төгрөг байгаа юм бол эргэн төлөгдөхгүй байгаа?

-Өнгөрсөн хоёр жилийн хуга­цаанд бид хоёр их наяд гаруй төгрөгийн зээл төлүүлсэн. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа хойш зургаан их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүнээс 3.3 их наядыг бол улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй зээл байсан. Үүнийг 2016 оны жилийн эцэст УИХ, Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу холбогдох яамдуудад шилжүүлсэн.

-Хоёр жилийн өмнө Хөгжлийн банкаар чанартай, чанаргүй зээлийг нь ялгаад, муу зээлийг нь ялгасан ангилал явагдсан бил үү?

-Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн хэмжээ 3.3 их наяд байсан. Энэ мөнгөөр зам, дэд бүтцийн ажлууд хийгдсэн байлаа. Үүний санхүүжилтийг Хөгжлийн банкнаас хийлгээд мөнгийг нь төсөвт суулгаж өгнө гэсэн тогтоолуудтай байсан юм. Харамсалтай нь төсөвт мөнгө нь суухгүй явсаар байгаад хуримтлагдчихсан байсан. Үүнийг 2016 онд шинэ Засгийн газар байгуулагдаад шалгалт оруулсан. Хөгжлийн банкны балансыг нэг талд нь гаргахгүй бол эргээд банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь гэдэг дүгнэлт гарсан. Олон улсын валютын сангийн зүгээс ч гэсэн төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн. Үүний дагуу төсвийн шинжтэй бүх эргэн төлөгдөх нөхцөлтэй 350 гаруй төсөл хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлсэн. Нийт дүн нь 3.3 их наяд төгрөг.

-Тэр мөнгө бол цаг хугацаандаа төлөгдөх юм байна, тийм үү?

-Улсын төсөв дээр мөнгө нь суугаад явах ёстой замын ажлуудын мөнгийг Хөгжлийн банкнаас гар­гуулчихсан байхгүй юу. Тэрийгээ төсөвтөө суулгаад үе шаттай өгнө гэсэн ч эргэн төлөлт хийгдэлгүй хуримтлагдсан байсан. Тэрийг бид улс руу шилжүүлсэн байсан. Улс тэгээд ямар нэгэн байдлаар төсөвтөө шингээгээд гадаад төл­бөрүүдээ хийгээд явна гэсэн үг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.108) 2019 оны 04 сарын 07

Зээл өгөхөөс өөр юм хийдэггүй банк юм биш үү

0  |  0
зочин (59.153.112.100) 2019 оны 04 сарын 04

эрэл гээд баахан дампуурсан аж ахйуйн нэгж байхад нэмж зээл өгөөд байх даа ч яахав бүгд хаууль авч л өгсөн байгаа даа шалгуулах л хэрэгтэй дээ

0  |  0
5 давхар байшин(122.201.24.53) 2019 оны 04 сарын 04

Энхбат минь Бишрэлтэд олгосон 30.0 сая $ -оо яаж тайлбарлана даа чи ч баларсаан.

0  |  0
Top