Ясуюки Савада: Байгалийн гамшигт өртөж буй таван хүн тутмын дөрөв нь Ази тивд амьдарч байна

2019 оны 04 сарын 04

“Байгалийн гамшигт өртөж буй таван хүн тутмын дөрөв нь Ази тивд амьдарч байна. Ази тив нь сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааг тэргүүлж ирсэн ч, улс орны болон ард иргэдийн түвшинд эмзэг байдлыг бууруулж, хариу үйлдлийг эрчимжүүлэхэд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байна” гэж Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада хэлж байна.

Гамшгийн эрсдэл өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэж буй өнөө үед Азийн хөгжиж буй улс орнууд гамшиг нүүрлэхээс өмнө сайтар төлөвлөх, засгийн газрын төсвөөс нөөц бүрдүүлэх, даатгалд хамрагдахыг уриалах зэргээр гамшигт тэсвэртэй байдлаа яаралтай бэхжүүлэх  шаардлагатай тулгарч байна гэж Азийн хөгжлийн төлөв 2019 тайланд дурджээ.

Ядуу буурай өрхүүд, жижиг бизнесүүд болон Номхон далайн арлын улсууд гэх мэт жижиг, алслагдмал улсууд хамгийн ихээр гамшигт өртөж байна. Хэдийгээр цаг уурын өөрчлөлт байгалийн гамшгийн давтамжийг ихэсгэж, хурдацтай өрнөх хотжилт гамшигт өртөх эрсдэл нөлөөг нэмэгдүүлж буй хэдий ч, 1980 оноос хойш Ази тивд болсон гамшгийн хохирлын зөвхөн 8 хувийг л даатгалаар шийдвэрлэжээ.

Азийн хөгжлийн төлөв тайлан улс орнуудыг гамшгийн эрсдэлийн төлөвлөлтөө идэвхижүүлэхийг уриалж байна. Байгаль орчинд ээлтэй, гамшигт тэсвэртэй дэд бүтэц нь ирээдүйд үүсч болох гамшигтай холбоотой хохирлыг бууруулахад гойд ач холбогдолтой. Үүнд гантай үед ашиглах усны нөөцийн илүү сайн удирдлага, газар хөдлөлтөд тэсвэртэй нийтийн барилгууд болон далайн эрэг хавийн газрын хөрсний элэгдлийг бууруулах зорилгоор мангро модны ойг дахин ургуулах зэргийг дурдаж болно.

Засгийн газрууд гамшгийн үед ашиглах нөөц санг тогтмол бүрдүүлэх, мөн эрсдэлийг илүү өргөн цар хүрээнд багцлан тархаах боломжийг бүрдүүлэх зорилгоор даатгал болон зээлийн ашиглалтыг, ялангуяа эрсдэл шилжүүлэх бүтээгдэхүүн, давхар даатгал зэргийн ашиглалтыг нэмэгдүүлвэл бүс нутгийн улс орнуудад ашиг тусаа өгөх юм. Улс орны хэмжээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ нь ард иргэдийн түвшний үйл ажиллагаагаар дэмжигдэх шаардлагатай. Учир нь гамшиг нүүрлэсний дараа ард иргэд нь тухайн нутаг дахь мэдээлэл, дэмжлэгийн анхны суваг болдог тул хог, хаягдлын удирдлага гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх боломжийг олгодог. Тус тайланд дурдсанаар гамшгийн дараа хамгийн түрүүнд сэргээн босголтын ажил маш хурдан өрнөдөг.

 Гэхдээ энэхүү хурдтай өрнөх засвар ажилтай зэрэгцээд ирээдүйд гарч болзошгүй гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, нийгмийн эмзэг давхрагын хэрэгцээ, шаардлагыг анхаарч үзэх, мөн гамшигт өртсөн газар нутгийн эдийн засаг болон нийгмийн идэвхийг сэргээх зэрэг бусад ажлуудыг хамтад нь анхаарах хэрэгтэй. Эдгээрийг хэрэгжүүлэх гол арга зам нь засгийн газар болон орон нутгийн захиргаа, төрийн бус байгууллагууд болон ард иргэдийн хамтын ажиллагаа болохыг 2015 онд болсон Непал дахь газар хөдлөлт болон Вануату дах Пам хар салхины дараа явагдсан аврах ажиллагаа харуулсныг тодотгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top