ТОЙМ: Өр “тэглэгдсэн”, Өсөлт “тогтвортой” гэж таамаглагдсан 7 хоног

2019 оны 04 сарын 06

Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт өрнөсөн үйл явдлуудын тойм мэдээллийг хүргэж байна. “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 51 хувьтай холбогдох өрийг тэглэсэн гэж Засгийн газраас мэдэгдлээ. Олон жил үргэлжилсэн уг сэдэв бүрэн хаагдлаа гэж хэлэхэд эртдэх байх. Энэ оны эхний улирлын байдлаарх инфляцийн төлөв байдлыг Төв банкнаас танилцууллаа. Инфляци 2018 оны эцэст  төсөөллөөс давсан бол 2019 оны хоёрдугаар сард БУУРСАН үзүүлэлттэй байна. Азийн хөгжлийн банкнаас инфляцийн талаар мэдээлэхдээ “тогтворжих” төлөвтэй байна гэсэн юм.

Тувагийн Элегест орд Тавантолгойн өрсөлдөх чадварт нөлөөлөх үү?

 “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийг 25 төгрөгөөр тогтоосон талаар бид энд ярьж байх зуур ОХУ-ын Тувагийн Элегест ордын нүүрсийг өмнөд хөршид, цаашлаад олон улсын зах зээлд хүргэх төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “РЖД”, “ТЭПК Кызыл - Курагино” нийгэмлэгүүд хамтран гүйцэтгэх гэрээг байгуулсан талаарх мэдээлэл энэ долоо хоногт тодорхой болсон юм.  Кызыл-Курагино төмөр замын төсөл бол гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах санаачилгыг хэрэгжүүлэх хөтөлбөрт багтсан төслүүдийн нэг юм. Тэгвэл Элегест ордын нүүрсийг БНХАУ-д хүргэх энэ төмөр замын төсөл манай Тавантолгой ордын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал анхаарал татах нь зүйн хэрэг. Учир нь Кызыл – Курагино төмөр замын төсөл газарт бууснаар ганц Элегест биш Элга зэрэг нөөц арвин ордуудын нүүрс тээвэрлэгдэх юм. БНХАУ-ын зүгээс уг төмөр замын төсөлд оролцох сонирхлоо гурван жилийн өмнөөс илэрхийлж байсныг дурдах хэрэгтэй байх.

Тавантолгой нөөцөөрөө дэлхийн хэмжээний орд болох нь баталгаажлаа гэсэн мэдээллийг өнгөрсөн жилийн есдүгээр сард албаны хүмүүс өгч байхтай зэрэгцэн Монголын нүүрс экспортын гол өрсөлдөгч нь ОХУ гэдгийг “Coal Mongolia-2018” чуулганд оролцсон Хятадын үндэсний нүүрс ассоциацийн Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг хэлж байсан билээ. Тэгвэл бидний “өрсөлдөгч” хойд хөрш Элегест ордыг эргэлтэд оруулах алхмыг тун ажил хэрэгч түвшинд ийн баталгаажуулж, 4-5 жилийн дотор төмөр зам барьж байгуулах нь тодорхой боллоо. Харин манай Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх төмөр замын дэд бүтцийн төсөл хэрхэх вэ гэдэг нь улам л халуун сэдэв болсоор байна.

Эдийн засгийн төлөвийг эерэгээр ТААМАГЛАВ

Монголын эдийн засаг 2019, 2020 онд тогтвортой өсөх төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банкнаас энэ долоо хоногт /2019-04-03/ дуулгалаа. АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох жил тутмын “Азийн хөгжлийн төлөв 2018” тайлангийхаа шинэчилсэн дугаарт Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэсэн таамаглалыг оруулж байсан билээ. Тэгвэл уг тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.3 хувь болно гэж таамагласан байна. АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен өчигдөр Монголын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулах үеэр хэлэхдээ “2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан. 2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм. Засгийн газрын зүгээс үр ашигтай макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэхэд төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно” гэсэн юм. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард манай эдийн засгийг дүгнэхдээ “Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл 2018 онд хүлээлтийг давлаа. Энэ оны эхний хагаст өмнөх оны өсөлтийг ахиулж 6.3 хувийн өндөр өсөлттэй гарсан нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт тэлсэн, өрхийн зээл олголт нэмэгдсэнээс хэрэглээ өссөн зэрэгтэй холбоотой” гэж байсан билээ.

Манай эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт чухал нөлөөтэй. Хөрөнгө оруулалт ДНБ-ий 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотойгоор хэрэглээ нь ДНБ-ий 3.9 хувийг бүрдүүлсэн тоо байгаа. АХБ-наас 2019 онд Засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна гэж мэдээллээ. 2017, 2018 онуудад өндөр байсан төсвийн орлого бага зэрэг буурах хүлээлттэй байгаа ч, өсөлтийн төлөв дэх эерэг боломжуудаар сайжирч болно гэлээ. Урсгал дансны алдагдал нь 2018 онд ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 9.6 хувьд хүрч буурахаар байна. Үүнд, экспортын өсөлт, ялангуяа алтны экспорт ихээр өсөхөөр байгаа төлөв болон машины импортын удаашрал нөлөөлнө гэж харжээ. Урсгал дансны алдагдал нь 2020 онд эргээд ихэсч, ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа нь экспортын өсөлт саарах мөн импортын эрэлт тогтвортой хадгалагдах зэрэгтэй холбоотой аж. Олон улсын зах зээлд бонд гаргасан болон гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэргээс гадаад валютын улсын албан нөөц 2018 онд 500 сая ам.доллараар өсч 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. 2018 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунджаар 1.1 хувиар суларсан бөгөөд жилийн эцсийн байдлаар 8.9 хувьд хүрснийг АХБ-ны тайланд дурдсан байна.

“АМНАТ таван хувь болсон нь алтны худалдан авалтад сөргөөр нөлөөлөхгүй”

Ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны салбар дахь АМНАТ-ыг таван хувь болгосон билээ. Уг шийдвэр энэ сарын 8-ны өдрөөс өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Өнгөрсөн жилүүдэд 2.5 хувиар АМНАТ-ыг тооцож авсан нь алтны худалдан авалтад үр нөлөө өгсөн байдаг. Харин 5 хувиар тогтоосноор Төв банкны алтны худалдан авалтад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуулт анхаарал татаж байгаа. Тэгвэл Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Өмнө нь АМНАТ-ыг 2.5 хувь болгосон хуулийн үйлчлэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дуусгавар болсон. Тэгэхээр Монголбанкны хувьд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хуулийн үйлчлэх хугацааг 5 жилээр сунгах саналыг Засгийн газарт тавьж, үүний дагуу Засгийн газраас хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн байсан. Гэвч УИХ-аар хуулийг хэлэлцэх хугацаа хойшлогдсоны улмаас дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр боллоо. Монголбанкны хувьд АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр байлгая гэсэн байр суурьтай байсан. Хэдийгээр АМНАТ 5 хувь байхаар батлагдсан ч Монголбанкны худалдан авах алтны хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй гэж бодож байгаа. Нэгдүгээр улирлын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжүүдээс 384 кг алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 80 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байгаа. Ялангуяа 3 дугаар сард бид 91 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, бараг 90 орчим хувиар буураад байна. Тэгэхээр өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авснаар ГВАН-ийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Энэ онд ч бас алт худалдан авалтыг 22 тоннд хүргэхийг зорьж байгаа ч олон нөхцөл, байдлын улмаас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй байна. Гэхдээ бид бүхэн хичээж ажиллана. Ялангуяа энэ чиглэлээр Монголбанк дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг 6 сарын хугацаатайгаар дахин хэрэгжүүлэх гэж байна. Аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд алтаа Монголбанкинд худалдсанаар гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмэр, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад оруулж буй эх оронч санаачлагыг сурталчлах, Монголбанкны алт худалдан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр төлөвлөж байна” гэв.

1072 хувьцааны ногдол ашиг 26800 төгрөг байх шийдвэр ил болов

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ногдол ашиг 25 төгрөг байх шийдвэрийг компанийн ТУЗ-аас гаргасан нь энэ долоо хоногийн даваа гарагт ил болов. Тус компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.5 хувь нь 2 511 000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож байгаа юм. Тиймээс тус компанийн хувьцаатай холбоотой мэдээлэл иргэдийн анхаарлын төвд байдаг. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээд “Нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах” шийдвэр гаргасан нь ил боллоо. 1072 хувьцаа эзэмшигчийн нэгж хувьцаанд 25 төгрөг олгоно гэж тооцохоор ногдол ашгийн нийт дүн 26 800 төгрөг болж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад хандан тавиад байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой асуулгын хариултад ийм мэдээлэл байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top