“Монгол тулгатны 100 эрхэм”: Түвшээ аварга О.Цагаанзам туульчаас ярилцлага авна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

Халимагийн нийслэл Элиста хотын “Бумбын орон” хүрээлэнд энэ сарын 15-21-нд “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Хүрээлэнд халимаг түмний амьдрал, аж байдлыг танилцуулсан үзэсгэлэн гарч байгаа юм.  

Тус арга хэмжээнд Олимпийн аварга, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, найруулагч Б.Баатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцож байна. Халимагийн Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Бату Хасиков тэднийг хүлээн авч уулзлаа.

Бату Хасиков “Ойрд ард түмэн нэгдмэл амьдрах хэрэгтэй. Халимагийн хувьд энэ бол их чухал зүйл. Биднийг орон зай тусгаарлаж байгаа ч нийтлэг үнэт зүйлс, тал нутгийн үзэл санаа нэгтгэж байна. Уулзалтад манай алдарт туульч, “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцсонд баяртай байна. Манай монгол анд нөхөд Цагаанзам гуайн “Ээжийн дуун” дууны клипийг бүтээж байсан билээ. Энэ дууны аялгуун дор би рингэнд гардаг байлаа. Халимаг оронд тавтай морил. Дахин дахин ирж байгаарай” гэж хэлсэн байна.

Манай төлөөлөгчид баярын арга хэмжээнд оролцохоос гадна Халимагийн тухай баримтат кино, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хийх зорилготой гэнэ. “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлэгт “Ардын жангарч” Охийн Цагаанзам оролцож, олимпийн аварга Н.Түвшинбаяр ярилцлага хийхээр болжээ. Нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа алдарт туульч маань Монголд ирэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top