ТОЙМ: Эдийн засгийн онцлох сэдвүүд

2019 оны 05 сарын 04

Энэ долоо хоногийн эдийн засгийн салбарын тойм мэдээллийг хүргэж байна.


Шатахууны үнэ дагасан ТАЙЛБАР

Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор энэ долоо хоногийн баасан гарагт Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэл хийлээ. Үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийн талаар Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39-50 ам.доллароор, мөн 2019 оны дөрөвдүгээр сарын хилийн үнэ өмнөх 3 сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам. доллароор, 2019 оны тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллароор, А-80, Аи-92 автобензин 53 ам. доллароор тус тус өссөн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж байгаа аж. Одоогийн байдлаар А-80 автобензин 666 ам.доллар/тн, Аи-92 автобензин 696 ам.доллар/тн, дизелийн түлш 640 ам.доллар/тн болоод байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 109, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Засгийн газрын 2018 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжүүд 116,5 мянган тонн-оос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна гэлээ.

Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472,3 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан хэрэглэгчдийг шатахуунаар тасалдалгүй хангаж байна.

Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх Техникийн туслалцааны ажлын хэсэг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-29-ний  өдрүүдэд манай улсад ажиллажээ. Олон улсын валютын сан нь шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг 40 гаруй оронд хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизмыг манай улсад нэвтрүүлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил тод болгох, тогтмол мэдээлж байх, улс төрөөс шалтгаалан шатахууны үнэнд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн огцом өөрчлөлтийг багасгаж зах зээлийн зарчимд уялдуулах давуу талтай болох юм. ОУВС-ийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байгааг мөн дуулгалаа.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 465.28-544.78 ам.доллар буюу баррель нь 64.00-71.70 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Ираны эсрэг хоригоо чангатгаж байгаатай зэрэгцээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помео “Иранаас үргэжлүүлэн газрын тосны худалдаж авч байгаа ямар ч улс АНУ-ын хоригтой нүүр тулна” гэж мэдэгдснээс шалтгаалан газрын тосны ханш сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрээд байна. Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригоос шалтгаалан БНХАУ, Грек, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Тайвань, Турк зэрэг орнууд энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн Иранаас газрын тос импортлох боломжгүй болж байгаа. Үүнээс шалтгаалан Иран улс газрын түүхий тосны зах зээлээс гарч байгаагаас гадна Ливи улсын дотоодын хямрал нь газрын тосны олборлолтын хэмжээ огцом буурахад шууд нөлөөлж байна. Одоогийн энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл Брент төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх боломжтой гэж “SPI Asset Management” таамаглаж байна. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ийнхүү өсөх төлөв хадгалагдсан хэвээр байна.  


Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл бэлэн болжээ

Улсын эдийн засагт үлэмж нөлөө дагуулах мянга мянган ажлын байр дагуулах хөтөлбөр хүлээлгийн өрөөнд байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.  Аж үйлдвэрийн салбарыг 15 жилийн хугацаанд хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг төсөөллийг цаасан дээр буулгаад дөрвөн оныг элээсэн бид “Хүнд аж үйлдвэрийн  хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд чухам ямар үйлдвэрүүдтэй үлдэж хоцрох бол гэсэн хүлээлт зүй ёсоор үүсээд буй. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Хүнд аж үйлдвэрийн  хөгжлийн  хөтөлбөр”-ийг боловсруулж дууссан байна. УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр хэлэхдээ “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн  хөтөлбөр”-ийг  боловсруулж дууссан. Энэ хүрээнд хэд хэдэн хэлэлцүүлэг арга хэмжээ зохион байгуулахад, оролцогч талуудаас олон санал ирлээ. Яамны зүгээс нэлээн ч их судалгаа хийлээ. Улмаар бүсчилсэн хөгжлийг илүүд үзэх нь зөв гэж тогтсон. Монгол Улсад эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай хоёр, гурван төсөл байна.  Хар төмөрлөгийн үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр, мөн арвин их нөөцтэй байгаа хүрэн нүүрсийг гүн боловсруулах, зэсийн баяжмал  боловсруулах үйлдвэр гэсэн чиглэлүүдэд анхаарах нь зүйтэй  гэсэн байр суурь дээр тогтсон. Хөтөлбөрийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах байх. Хөтөлбөр батлагдсаны дараа  хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг нарийн тодорхойлоод явна” гэсэн юм.


Гурван мянган хохирогчтой “Монкорд”-ын асуудлыг хэлэлцэв

“Монкорд” ХЗХ-той холбоотой асуудлыг тойм хөндөж байна. Гэхдээ уг хадгаламж зээлийн хоршоотой холбоотой сэдэв яригдаад багагүй хугацаа өнгөрч буйг тодотгох нь зөв биз ээ. Энэ долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос /2019.04.30/ Хадгаламж зээлийн хоршоодод үүссэн нөхцөл байдлын талаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Гурван мянга  гаруй хохирогчтой 20 орчим тэрбум төгрөгийн хохирол үүсгээд байгаа “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг буцаан олгож, иргэдийн хохирлыг барагдуулах талаар Санхүүгийн зохицуулах хороонд 2016 оноос хойш хандаж байгаа боловч тус хорооноос өнөөдрийг хүртэл иргэдийн хохирлыг барагдуулах талаар шийдвэртэй арга хэмжээ аваагүй байгаа тул нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулж өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл тус хоршооны хадгаламж эзэмшигч нэр бүхий 173 иргэнээс Өргөдлийн байнгын хороонд ирсэн аж.

Тэгвэл  “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд, тус хорооноос “Монкорд” хадгаламж зээлийн хоршоонд 2007-2018 онуудад нийт 8 удаа газар дээрх хяналт шалгалт хийж, 2012 оноос хойшх шалгалтаар “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг “Хангалтгүй” гэж дүгнэж эхэлсэн бөгөөд 2012-2018 онуудад удаа дараа илэрсэн зөрчлийг арилгах, санхүү төлбөрийн чадвараа сайжруулах талаар үүрэг өгч, зарим үүрэг даалгавар биелээгүй тул захиргааны шийтгэл оногдуулж байсан байна. Мөн 2018.06.29-ний өдрийн 433 тоот, 2018.10.31-ний өдрийн 583 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу газар дээрх хоёр удаагийн хяналт шалгалтаар 20,403,138.8 мянган төгрөгийн алдагдалтай, нягтлан бодох бүртгэлийн системдээ ашиглаж байгаа програм нь стандартын шаардлага хангаагүй, санхүүгийн анхан шатны баримт бичгийг нуун дарагдуулан гаргаж өгөөгүй, төлбөрийн чадварын эрсдэл үүссэн, санхүүгийн тайланг үнэн зөв тайлагнаагүй, олгосон зээлийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, санхүүгийн тайланд бүртгэсэн зэрэг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл урьдчилсан байдлаар илэрсэн тул СЗХ-ноос эдийн засгийн шинжтэй залилан мэхлэх үйл ажиллагаа байж болзошгүй нөхцөл үүссэн эсэхийг шалган тогтоолгохоор “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 25-р зүйлийн 25.1.9-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шилжүүлсэн. “Монкорд” ХЗХ-ны гишүүдийн хүсэлтээр Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019.02.25-ны өдрийн 5/345 тоот албан бичгээр тус хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлэн хэрэг бүртгэлтийн 181102772 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах 13 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсгийг ЦЕГ-ын тэргүүн дэд даргын 2019.03.26-ны өдрийн 05 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна гэлээ.

Өргөдөл гаргагчдын төлөөлөл иргэн Д.Өлзийсайхан, хохирогчдын эрх ашгийг хамгаалахаар  хэлэлцүүлэгт оролцлоо. Тэрбээр “Өнөөдөр 280 орчим хадгаламж зээлийн хоршоо байна, эдгээр хоршоод 5-6 жилийн хугацаанд хоршоодын үйл ажиллагаа хэвийн явж байна гэж иргэдэд худал мэдээлэл өгч ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудтай удаа дараа уулзсан боловч өнөөдөр иргэд хохирсоор байна” хэмээн хэлж байв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өгсөн тайлбартаа, өнөөдрийн байдлаар 279 хадгаламж зээлийн хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна, хоёр дахин өссөн үзүүлэлт нь Улаанбаатар хотын хороо бүрт буюу өөрөөр хэлбэл 117 ХЗХ шинээр байгуулагдсан, харин сүүлийн 2,5 жилийн хугацаанд шинээр байгуулагдаагүй болно. “Монкорд”-ын хувьд 1996 онд үүсгэн байгуулагдсан, өнгөрсөн хугацаанд СЗХ-ноос удаа дараа хяналт шалгалт хийж, хорооноос доголдол байна гэж үзээд дахин шалгалт хийсэн. 2018 оны шалгалтын дүнд сэжиг бүхий хоёр өөр данс байсан нь тогтоогдсон. Мөн 2018 оны 11, 12 дугаар сард СЗХ-ноос өргөтгөсөн ажлын хэсэг байгуулан ажиллаж, гэмт хэргийн чанартай үйлдэл болох нь тогтоогдож, прокурор, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Өчигдөр гэхэд 28 хохирогчтой уулзан, хууль тогтоомжийн хүрээнд хохирогчдын хохирлыг барагдуулахаар нэг бүрчлэн ажиллаж байна гэлээ.  Мөн тэрбээр 2014-2015 онуудад нийслэлийн хороо бүрт хадгаламж зээлийн хоршоо байгуулах шийдвэрийг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар хөнгөвчилсөн нөхцөлтэй гэрээ байгуулж, энэхүү үйл ажиллагааг Улаанбаатар хотод өргөжүүлэх нь зүйтэй хэмээн 100 гаруй хадгаламж зээлийн хоршоо байгуулж, хотын Хөгжлийн сангаас тодорхой хэмжээний дэмжлэг авсан гэлээ. Өнөөдөр СЗХ нь эдгээр хадгаламж зээлийн хоршоо бүрийг шалгаж байна, эдгээрээс хэвийн ба хэвийн бус үйл ажиллагаатай хоршоод байна. “Монкорд”-ын хувьд аудитын тайлангаа хоёр өөр хувилбараар буюу худал хүргүүлж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Харин хүүгийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоох зохицуулалт байхгүй гэв.


Томоохон төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхийг даалгав

Засгийн газар энэ долоо хоногт эдийн засгийн чиглэлийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал, Хөгжлийн банк  арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож,  томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь энэ долоо хоногт даалгалаа.  2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг мөн  даалгав. Тэрчлэн  Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгалаа. Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг  мөн холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.


Тавантолгой-Гашуунсухайтын  авто замыг арчилна 

Төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дарах нөлөөтэй нүүрсний экспортын гол гарц болсон стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км авто замын засвар, арчлалтын нэгж байгуулах, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах ажлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан дуусгах  албан даалгаврыг засгаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудад өгсөн. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийн дэргэд Зам засвар, арчлалтын нэгж байгуулах шийдвэрийг гаргажээ. Зам засвар, арчлалтын нэгж байгуулагдснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажлыг цаг алдалгүй богино хугацаанд хийх боломж бүрдэх аж.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top