Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид “Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэхэд анхаарах асуудал, хууль, эрх зүйн орчныг төлөвшүүлэх талаархи” судалгаа, судалгаанд үндэслэн гаргасан санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлэв.
Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголын банкны холбоо, банк, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, шүүх, прокурор, цагдаа, хууль зүйн болон эдийн засгийн их сургуулиуд, олон нийтийн төлөөллийн 140 гаруй оролцогчтой өргөн хүрээнд зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар нээж хэлсэн үгэндээ “Төв банк өөрийн чиг үүргийг хараат бусаар хэрэгжүүлж байж гэмээнэ мөнгөний бодлого зохистой хэрэгжиж, санхүүгийн тогтвортой байдал хангагдахад дэмжлэг болж, эдийн засгийн хөгжлийг дэмждэг” болохыг онцолсон байна.
Төв банк үйл ажиллагааныхаа үндсэн зорилт болох үнийн түвшний тогтвортой байдлыг хангах үндэслэл нь түүний бие даасан байдал болохыг судлаачид тэмдэглэлээ. Мөн харьцуулсан судалгаагаар улс орнууд төв банкны бие даасан, хараат бус байдлын ач холбогдлыг өндөрт авч үзэж, бие даасан байдлыг Үндсэн хууль болон нарийвчилсан органик хуульд тусган баталгаажуулдаг нь харагдаж байна.
Тус эрдэм шинжилгээний хурлаар судлаачид судалгаагаа танилцуулахаас гадна төв банкны хараат бус, бие даасан байдлын зарчмыг хэрхэн Монгол Улсын хөрсөнд буулган хуулиар баталгаажуулах талаар санал, дүгнэлт өгч, хэлэлцүүлснээрээ онцлог ач холбогдолтой боллоо.
Сэтгэгдэл ( 0 )