Бээжин хариу гал нээснээр худалдааны дайн хурцадлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд 25 хэвийн гаалийн татвар ногдуулсны хариуд Бээжин ирэх сар гэхэд АНУ-ын нийт 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулна гэж мэдэгдлээ. АНУ-ын эрх баригчид нэг жил үргэлжилж буй худалдааны дайнд давуу байдалтай байгаа гэж мэдэгдэж буй ч Хятад ийнхүү хариу гал нээлээ. Эдийн засагчдын үзэж буйгаар, Бээжин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг зогсоож, Америкийн өрийг унагаж, Боинг онгоцны захиалгыг хасах арга хэмжээ авах боломжтой бөгөөд энэ тохиолдолд худалдааны дайны гал хүчтэй дүрэлзэнэ.

Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сард Японд болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана гэж найдаж буйгаа илэрхийлж, эвлэрэх үүдийг нээлттэй үлдээсэн. Үүнтэй зэрэгцэн Трамп Хятадын 325 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмж гаалийн татвар ногдуулах үүрэг өгсөн бөгөөд хэзээнээс энэ нь хүчин төгөлдөр болох талаар шийдээгүй байна гэж даваа гарагт мэдэгдсэн билээ.

Бээжингийн зүгээс 25 хувийн гаалийн татварт хамруулж буй АНУ-ын бараа бүтээгдэхүүнд АНУ-ын хөдөө аж ахуй, бэлэн бүтээгдэхүүнүүд багтаж байна. Гэхдээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг зургадугаар сарын 1-ний гэж заасан нь мөн асуудлыг шийдэх хугацаа олгож буй нь харагдаж байна.

“Хятадын зүгээс авч буй татварын арга хэмжээ нь АНУ-ын худалдааны протекционист бодлогод барьж буй хариу үйлдэл” гэж Бээжин мэдэгдээд АНУ-тай харилцан ашигтай хэлэлцээр байгуулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Уолл Стритийн хувьцаанууд огцом унаж, Насдак хөрөнгийн биржийн хувьд  2019 оны хамгийн муу өдөр тохиож, Dow Jones Industrial Average энэ оны хоёрдугаар сарын 11-нээс хойшх хугацаанд хамгийн доод ханштай хаагджээ.

Хэвлэлийн бага хурал дээр Трамп гаалийн тарифыг өсгөх өөрийнхөө шийдвэрийг маш зөв алхам байсан гээд энэ талаар баримталж буй байр сууринд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна.

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн энэ жил удаашрах төлөвтэй байгаа дэлхийн эдийн засагт хүндээр тусна гэж эдийн засагчид үзэж байна.

Доналд Трамп Хятад улсыг олон улсын зах зээлд интервенц хийж, Америкийн технологийг хулгайлах замаар дэлхийн аж үйлдвэрийн салбарт давамгайлах бодлого барьж, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүний үүрэг, хариуцлагаа зөрчиж байна гэж буруутган, өнгөрсөн онд Хятад улстай худалдааны дайн эхлүүлээд байгаа билээ.

Бээжин үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд энэ хугацаанд талууд нийт 360 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд харилцан татвар ногдуулаад байгаа юм.

Энэ даваа гарагт /2019.05.13/ БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Хятад улс гаднын шахалт, дарамтад хэзээ ч бууж өгөхгүй” гэж мэдэгдээд хоёр улсын төрийн тэргүүн нар янз бүрийн суваг ашиглан харилцаж байгаа гэж хэлсэн. Гэхдээ тэрбээр Доналд Трамп, Ши Жиньпин нар уулзах тухай мэдээллийн батлаагүй.

Тарифыг нэмэгдүүлэхээс гадна Хятад улс АНУ-д бусад хариу арга хэмжээгээр цохилт өгөх боломжтой. Тус улс АНУ-аас цөөн тооны бараа бүтээгдэхүүн импортолдог тул ижил хэмжээний хариу алхам хийх боломжийг нь хязгаарладаг.

Блумберг агентлагийн тооцоолсноор, Бээжин АНУ-ын засгийн газрын бондын идэвхтэй худалдан авагч бөгөөд өнгөрсөн оны байдлаар 1.2 их наяд ам.долларын бондыг эзэмшиж байгаа. АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин Хятад улс АНУ-ын өрийн үргэлжлүүлэн худалдан авна гэж найдаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр АНУ-ын засгийн газрын бондын худалдан авах нь маш сайн хөрөнгө оруулалт гээд Бээжинд болох яриа хэлэлцээний дараагийн үе шатны тов хараахан гараагүй байгаа талаар ярьжээ.

Энэ үеэр Боинг компани худалдааны яриа хэлэлцээний дүнд талууд хэлэлцээр байгуулж чадна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Тус компанийн ашиг орлого Хятадын зах зээлээс ихээхэн хамаардаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top