Түүхий нүүрс зарсан иргэдийг ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР торгож эхэллээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Би сургуулийн насны олон хүүхэдтэй, ажил хийдэггүй. Гэр бүлээ тэжээхийн тулд нүүрс бөөний үнээр худалдан авч гудамжинд зардаг. Нэг шуудай нүүрснээс ердөө 500-хан төгрөгийн ашиг хардаг... хэмээн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн С.Наранцэцэг гэх эмэгтэй ярьж байна.

Тэрбээр Баянхошууны хуучин эцэст гудамжний үзүүрт нүүрс зарж амьжиргаагаа залгуулаад 22 жил болж байгаа аж. Түүнд зээлээр авч хараахан зарж борлуулаагүй 600 гаруй шуудай нүүрс бий. Харин тус хороонд өнөөдрөөс эхэлж түүхий нүүрс худалдахыг хоригложээ. Энэ нь жилийн өмнө Засгийн газраас гаргасан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон шийдвэртэй холбоотой гэнэ.

Учир нь, одоогоос яг жилийн өмнө Засгийн газраас утаа, агаарын бохирдлыг багасгах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхэлж Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар хэрэглэх түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Улаанбаатар хотод 220 мянган ширхэг жижиг оврын яндан бий гэсэн тооцоо байдаг. Дээр нь 3000 орчим нам даралтын зуух бий. Өөрөөр хэлбэл, энэ тооны өрх түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн үг.

Шахмал түлшийг хэрэглэснээр нийслэлийн утаа, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзэж байна.

Түүнчлэн дээрх 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байна. Түүхий нүүрсний хэрэглээг халснаар энэ тоо хоёр дахин багасч, нийслэлчүүд жилд 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоог албаныхан гаргасан байдаг. Энэ ч утгаараа ирэх өвлөөс эхэлж Улаанбаатарын утаа, агаарын бохирдол 50 хувь буурна гэж өнөөгийн Засгийн газар үзэж байгаа юм.

НӨӨЦӨЛСӨН НҮҮРСЭЭ ЗАРЖ ДУУСААГҮЙ ИРГЭД ХОХИРЧ ҮЛДЭХ НЬ

Манай сурвалжлах баг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн долоо, ес болон 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрс зарж, борлуулдаг иргэдтэй уулзсан юм. Тэдний ярьж байгаагаар өнөөдрөөс түүхий нүүрс худалдахыг хоригложээ. Хэрэв түүхий нүүрс зарж борлуулах аваас Зөрчлийн хуульд зааснаар 300 мянган төгрөгөөр торгоно гэдгийг сануулсан байна. Нэг шуудай нүүрснээс 500 төгрөгийн ашиг хардаг борлуулагчид нөөцөлсөн нүүрсээ зарж дуусахгүй бол санхүүгийн хувьд хүндхэн байдалд орж, эдийн засгаараа хохирох эрсдэлд оржээ. 

Өнөөдрөөс түүхий нүүрс зарсан иргэдийн 300 мянган төгрөгөөр торгоно.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн Ц.Оюун-Эрдэнэ “Биднийг нүүрсээ зарж дуусга гэсэн. Гэхдээ надад нөөцөлсөн зарж дуусаагүй олон шуудай нүүрс байна. Гэтэл маргаашнаас /өнөөдөр/ нүүрс зарахыг хориглосон. Надад амьжиргаагаа залгуулахын тулд байгаа нүүрсээ зарж дуусгахаас өөр сонголт байхгүй” гэв.

Түүнчлэн тэрбээр “Уг нь, шахмал түлш худалдах гэрээ хийсэн, зөвшөөрлөө ч авсан. Гэтэл тэд ирэх намраас л шахмал түлшээ нийлүүлнэ гэж хэлсэн. Төр, засгийнхан шахмал түлшээ зар гэж байгаа бол түгээлтээ хийж эхлэх хэрэгтэй шүү дээ. Нүүрс зарахыг тэртээ тэргүй хориглож байгаа бол шахмал түлшээ нийлүүлэх хэрэгтэй. Өвөл нэг хэсэг 50 шуудай шахмал түлш ирсэн. Тэрнээс хойш үйлдвэрлэж байна, нөөцөлж байна гэж хэлээд л таг. Хорооны дарга бол түүхий нүүрсээ зараад дуусгачих, намар шахмал түлш ороод ирчихнэ гэж хэлсэн. Бид өнөөдөр нүүрсээ зарж дуусгана. Маргааш талбайгаа чөлөөлнө. Шахмал түлш нь орж иртэл ажилгүй болно” хэмээн ярилаа. 

БИДЭНД “ТҮҮХИЙ НҮҮРС ЗАРАХГҮЙ ШҮҮ” ГЭЖ Л АНХААРУУЛСАН

Гэр хороололын гудамжинд түүхий нүүрс зарж борлуулдаг олон иргэн бий. Тэд дор хаяж дунджаар таван ам бүл тэжээдэг. Харин Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан зарим хороонд нүүрс зарж борлуулахыг хориглож эхэлжээ. Энэ нь тэдний амьдралд хүнд тусаж байгааг хэлж байгаа бол нөгөө хэсэг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон Засгийн газрын шийдвэрийн талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн Б.Сонинцэцэг “Дүүрэг, хорооноос мэдэгдсэн зүйл алга. Хэрэв Засгийн газар нүүрс оруулах, зарахыг хориглосон шийдвэр гаргасан бол дагахаас өөр аргагүй. Гэхдээ цаашид амьжиргаагаа хэрхэн залгуулахаа мэдэхгүй байна” гэв. Тэгвэл зарим нэгэнд нь албаныхан “Маргаашнаас /өнөөдөр/ түүхий нүүрс зарахгүй шүү. Түүхий нүүрс зарвал торгуулна” гэж л анхааруулжээ. Тэд “Бидэнд юу ч хэлээгүй. Хүмүүсийн ярихыг л сонсож байна. Бид худалдаж авсан нүүрсээ зарж дуусч байж л шахмал түлш зарж эхэлнэ шүү дээ” хэмээн хэллээ.

Н.МӨНХТУЯА: НӨӨЦӨЛСӨН 100 ГАРУЙ ТОНН НҮҮРС БИЙ

Манай сурвалжлах баг Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт түүхий нүүрсний бөөний цэг ажиллуулдаг Н.Мөнхтуяатай уулзлаа. Хааш хаашаагаа 0.7 га орчим хашаанд 100 гаруй тонн нүүрс буулгажээ. Эднийг Сонгинохайрхан дүүргээр зогсохгүй бусад дүүргийн цэгт ч түүхий нүүрсээ нийлүүлдэг байна. Тэрбээр “Манайх бөөний цэг. Олон хүн манайхаас нүүрс бөөндөж авдаг. Намайг нүүрсгүй нэг өдөр болоход л хүмүүс өдөр, шөнөгүй залгаж асуудаг. Шахмал түлшээ өгвөл адилхан л зарна. Заавал түүхий нүүрс зарна гээд байгаа юм биш. Маргаашнаас заруулахгүй гэж байна. Шахмал түлш нь дуудаад ирэхгүй, залгаад утсаа авахгүй юм. Яахаа ёстой мэдэхгүй байна” гэв.

Түүнчлэн “Нэг машиндаа л 30 гаруй тонн нүүрс ирдэг. Яг одоо бол манай хашаанд 100 гаруй тонн нүүрс байна. Хэрэв заруулахгүй бол би 10 гаруй сая төгрөгөөр шатна. Миний хохиролыг хэн төлөх юм. Сайн мэдэхгүй л байна. Мэдээж агаарын бохирдол үнэхээр багасах юм бол шахмал түлш зарахаас татгалзахгүй. Гэвч шахмал түлш авах гэхээр ирдэггүй. Сонгинохайрхан дүүргээс долоон буудал хүртэл бүх газрыг хангадаг. Арай ч иргэдээ ингэж хохироохгүй байлгүй дээ гэж бодож байна” хэмээн учирлалаа.

Н.Мөнхтуяагийн ажиллуулдаг нүүрсний бөөний цэг өвлийн цагт өдөрт 70 тонн нүүрсийг өлхөн зардаг байна. Харин урин дулаан цагт өдөрт 30 тонн нүүрс л зардаг аж. Үүнээс үзэхэд эдний нөөцөлсөн 100 гаруй тонн нүүрсийг борлуулж дуусна гэхээр наад тал нь гурван өдөр шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Гэтэл хороо, дүүргээс нь өнөөдрөөс эхэлж түүхий нүүрс зарахгүй байх шийдвэрийг гаргажээ. Тиймээс үлдсэн түүхий нүүрсээ хэрхэхээ мэдэхгүй байгаагаа ч хэлсэн юм.

М.ТЭМҮГЭ: ӨНГӨРСӨН ӨВӨЛ ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭСНЭЭР АГААРЫН БОХИРДОЛ 30 ХУВЬ БУУРСАН

Манай сурвалжлах баг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороог зорьсон юм.  Тус хороо нь 7000 өрхтэй, 27 мянган хүн амтай. Харин шахмал түлш борлуулах 40 гаруй цэгтэй юм байна. Учир нь, Засгийн газраас өнгөрсөн өвөл шахмал түлшийг агаарын бохирдлыг хэр бууруулж байгааг туршиж үзэхээр тус хороог сонгосон юм. Өөрөөр хэлбэл, тус хорооны айл өрхүүд өнгөрсөн өвөл хэрэглээндээ түүхий нүүрс биш шахмал түлшийг хэрэглэсэн юм.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг дарга М.Тэмүгэтэй уулзлаа. Тэрбээр “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахгүй байх Засгийн газрын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг гарч ажиллаж байна. Түүхий нүүрс хэрэглэдэг цэгүүдэд тодорхой хяналт тавьж ажиллаж байна. Шахмал түлш нийлүүлдэг “Тавантолгой түлш”-ээс тодорхой цэгүүдийг байгуулсан. Манай хороо 27 мянган хүн амтай. Нийт 7000 гаруй өрхтэй. Түүхий нүүрс худалдан борлуулж байгаа цэг нь 40 гаруй байна. Иргэдэд сургалт зохион байгуулсан. Түүхий нүүрсийг тавдугаар сарын 15-наас өмнө худалдан борлуулах, түлж дуусгах үүргийг өгсөн. Хэрэв түлж дуусгаагүй тохиолдолд нүүрсийг цаашид хэрэглүүлэхгүй гэдэг хяналтыг тавьж байна. Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Тэгэхээр цаашид манай хороо түүхий нүүрсийг хэрэглэхгүй, шахмал түлшийг хэрэглэнэ гэсэн гурвалсан гэрээгээ мөрдөж ажиллана” гэх тайлбарыг өглөө.

Түүнээс шахмал түлш хэрэглэж байгаа иргэд сэтгэл ханамж хэр байгааг тодруулахад “Сайн байна. “Тавантолгой түлш”-ээс нийлүүлсэн шахмал түлшинд иргэд ам сайтай байна. Харин бусад аж ахуйн нэгжийн нийлүүлж байгаа шахмал түлшний талаар янз бүрийн бодолтой байна билээ. Үртсэн, аргалан, модны үртэс гээд янз бүрийн чиглэлээр үйлдвэрлэж байна. Харин энэ бүхнээс коксжсон түлшийг хэрэглэхэд боломжтой гэдэг дүгнэлтэд иргэд хүрсэн байгаа. Цаашид хороо, дүүргийн зүгээс иргэд, цэг бүрт тулж нийлүүлэлтийг хийж өгөх хүсэлтэй ч боломжгүй байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ner(202.9.42.175) 2019 оны 05 сарын 15

Таван толгойн үйлдвэрээс бусад нь хогдоо

0  |  0
Зочин(49.0.213.241) 2019 оны 05 сарын 15

Хэзээ нэг өдөр нүүрс түлэхээ болих л хэрэгтэй болно. Нийтээрээ сүрьеэ тусч үхэх болчоод байхад хэн нэгний олдог 500 төгрөг утгагүй.

2  |  0
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН(192.82.65.120) 2019 оны 05 сарын 15

БИ ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДАРМААР БАЙНА. БУСДЫН ЭРХЭЭР ӨӨРИЙН ЭРХ ХЯЗГААРЛАГДДАГ. ЖИЛИЙН ӨМНӨ ГАРСАН ШИЙДЭР АЖ АМЬДАРЛАА УХАМСАРААРАЙ ЗОХИЦУУЛАХ НЬ ИРГЭН БҮХНИЙ ҮҮРЭГ. ШИЙДВЭРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.

2  |  0
Зочинts(59.153.114.212) 2019 оны 05 сарын 15

ШАХМАЛ ТҮЛШ НЬ ИРЭЭГҮЙ БОЛ ЦАС ОРЧИХСОН ГЭРТ ХҮЙТЭН БАЙХАД ХҮҮХЭДТЭЙ АЙЛУУД ЯМАР НЭГ ЮМ АВЧ ТҮЛИЙШДЭЭ. НЭГ ЮМ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ БҮХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГ НЬ БҮРДҮҮЛЖ ТӨГС ЮМ ХИЙХ ХЭРЭГТЭЙШДЭЭ.

1  |  0
Зочинts(59.153.114.212) 2019 оны 05 сарын 15

ШАХМАЛ ТҮЛШ НЬ ИРЭЭГҮЙ БОЛ ЦАС ОРЧИХСОН ГЭРТ ХҮЙТЭН БАЙХАД ХҮҮХЭДТЭЙ АЙЛУУД ЯМАР НЭГ ЮМ АВЧ ТҮЛИЙШДЭЭ. НЭГ ЮМ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ БҮХ НӨХЦӨЛ БОЛОЛЦООГ НЬ БҮРДҮҮЛЖ ТӨГС ЮМ ХИЙХ ХЭРЭГТЭЙШДЭЭ.

1  |  0
ххаах(64.119.18.253) 2019 оны 05 сарын 15

гэнэт гарсан шийдвэр бишшүү дээ. мэдсээр байж түүхий нүүрс нөөцлөөд. ийм амиа бодсон сэргэлэн балай нөхдүүдийг арга хэмжээг нь авах хэрэгтэй.

4  |  0
zochin(139.5.217.253) 2019 оны 05 сарын 15

bolokhguy l bol bolokhguy shuu dee , dandaa iim ul butekh khugiin shaltag khelj baygaach

2  |  0
Top