Браво, Театрт "ШИНЭ ХУН" дэвлээ

2019 оны 06 сарын 10

Үсэндээ улаан сарнайн гоёл шигтгэсэн урт хар даашинзтай эрхэмсэг хатагтай, цагаан дресстэй залуухан бүсгүй, улаан платиар гоёсон бяцхан охин... Энэ бол шинэхэн хун, шинэ ханхүүтэй хэрхэн бүжихийг харахаар “Хунт нуур”-ыг зорин ирсэн зочдын нийтлэг төрх.

Энэ цаг үед сонгодог урлагийг дээдлэгч дэлхийн улс орнуудын олон арван тайзнаа хэдэн зуун удаа тоглогдсон “Хунт нуур” балет Монгол Улсад ч ялгаагүй өөрийн үзэгчтэй болсон. Тиймдээ ч тус балетыг монголчууд театрын тайзнаа хамгийн олон удаа тавьжээ. Уг жишгээр  УДБЭТ-ын тайзнаа ээлжит тоглолт өнгөрөгч ням гарагт (2019.06.09) боллоо. Гэхдээ энэ удаагийн “Хунт нуур”-т “шинэ хун", "шинэ ханхүү”-тэй бүжсэнээрээ онцлог байв.

Гол дүр Оддетта гүнж буюу цагаан хун, Одиллия буюу хар хунгийн дүрд залуу гоцлооч М.Нандинцэцэг, Зигфрид буюу ханхүүгийн дүрд залуу гоцлооч Ө.Мөнхжин нар тоглосон юм. Ө.Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос ДБЭТ-т ажиллаж байна. Харин гоцлооч М.Нандинцэцэг 2017 онд Монгол Улсын Консерваторийг төгсжээ.

Муу санаат шидтэний хараалаар хун болон хувирсан Одетт гүнжийн түүхийг өгүүлдэг “Хунт нуур” хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгэн жүжиг... Хайр сэтгэл, атаа хорсол, гоо сайхныг хөгжим, бүжиг, үггүй жүжиглэлтээр төгс илэрхийлж, оюуныг цэнгүүлнэ. Энэхүү дэлхийн сонгодог урлагийн сод бүтээлүүдийн нэгэн төлөөлөл “Хунт нуур” бүжгэн жүжгийг Оросын алдарт хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковский 1875- 1876 онд зохиожээ. Улмаар 1877 онд Большой балет чуулгынхан анх Москвагийн Большой театрын тайзнаа тоглосон байна. Түүнээс хойш олон хувилбараар тоглосон ч өдгөө хамгийн өргөн дэлгэрсэн нь Мариус Петила, Лев Инанов нарын дэглэсэн 1895 оны хувилбар юм. Энэ хувилбарыг анх 1895 онд Санкт-Петербургийн Маринкскийн театрт тогложээ.

Үзэгчдийн алга ташилт, талархал, бишрэлийн дунд өрнөсөн энэхүү тоглолтын дараа шинэхэн гоцлоочидтой цөөн хором ярилцах завшаан олдсон юм.


-Та хоёр маань “Хунт нуур” балетад “Ханхүү, хун”-гийн анхны дүрээ бүтээлээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Ө.Мөнхжин: Хамгийн түрүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, С.Ганчимэг багш нартаа маш их баярлалаа. Мөн партнертаа баярлалаа.

М.Нандинцэцэг: Би ч гэсэн хоёр багшдаа их баярлалаа гэдгээ хэлье. Энэ удаагийн тоглолтод хоёр гол дүр нь шинээр гарч байгаа учраас хэцүү байсан. Бид хоёр анх ойлголцохгүй зүйл олон байсан ч бэлтгэлийн явцад жигдрээд, тоглолт дээр ямар ч асуудалгүй, амжилттай ард нь гарсандаа партнертаа баярлалаа.

-Хэдэн настайгаасаа балетаар хичээллэсэн бэ?

Ө.Мөнхжин: 10 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Одоо 19 настай.

М.Нандинцэцэг: Миний хувьд нэгдүгээр ангиасаа балетын дугуйланд хичээллэж эхэлсэн. Тэгээд долоодугаар ангиасаа Хөгжим бүжгийн коллеж (Монгол Улсын Консерватори)-ийн мэргэжлийн бүжгийн ангид суралцаж, төгссөн. Нийтдээ 10 жил бүжиглэж байна.

-Балетаар хичээллэхэд хамгийн хэцүү, мөн сайхан нь юу вэ?

Ө.Мөнхжин: Өөрийн чадахгүй байгааг хийж, өөрийнгөө ялан дийлж гарах л хэцүү санагддаг. Харин хүмүүст бүжгээ үзүүлж, тэдэнд сайхан мэдрэмж өгөх нь хамгийн сайхан.

М.Нандинцэцэг: Ер нь бэлтгэлийн үед шантрах үе их гарна. Тэр бүгдийг даван туулах нь л чухал юм даа.

-Хамгийн сүүлд ямар уралдаанд оролцож, ямар амжилт үзүүлэв?

Ө.Мөнхжн: Пермьд суралцаж байхдаа Хятадын “IBCC-2017” балетын уралдаанд оролцоод тусгай байр, өнгөрсөн сард Улаан-Үд хотод болсон Евро-Азийн  тэмцээнээс сонгодог бүжгийн эрэгтэй төрөлд мөнгөн медаль авсан.

М.Нандинцэцэг: 2018 оны зун “Seoul international dance competition“ олон улсын бүжгийн тэмцээнд балетын төрлөөр оролцож, тусгай байр эзэлсэн. Өнгөрсөн сарын Улаан-Үдийн уралдаанд финалын шатанд үлдэж, дипломат болсон.

-Баярлалаа, амжилт хүсье.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top