-ЗАСГИЙН ГАЗАР "САУД ГОБИ КОАЛ ТРАНС"-ЫН ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ГАДУУР ҮЛДЭЭВ-
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон.
Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлаагүйгээр барахгүй тус орон нутгийн цэвэр усны хагалбар орших хамгийн чухал хэсгийг хамгаалалтын бүсээс хассан байдаг.
Тодруулбал, 2017 гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолд Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсээс гадуур үлдээсэн юм.
-ИРГЭДИЙН ТЭМЦЭЛ МУХАРДАЖ ХАНДАХ ГАЗАРГҮЙ БОЛОВ-
Ийнхүү улсын хамгаалалтаас гадуур үлдсэн дээрх газар нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн гэгдэх “Сауд гоби коэл транс” компанийн хоёр ч лицензтэй газар байсан бөгөөд тус компани нь Засгийн газрын 91-р тогтоол гарахаас долоо хоногийн өмнө Гурвантэс сумын 3, 4 дүгээр багийн нутаг Хөвд, Хуршуутын Баянбүрдийн дунд уурхайн тосгоноо байгуулан ажиллаж эхэлсэн байдаг.
Ингэж уурхайн ажил эхэлснээр Хөвд, Хуршуутын гол ширгэх, иргэдийн амьдрах орчин алдагдах, малын бэлчээргүй болох, зэрлэг ан амьтад харангадаж үхэх бодит аюул нүүрлэсэн учраас өнгөрсөн арваад жилийн турш нутгийн иргэд тэмцэж ирсэн ч үр дүнд хүрээгүй юм. Тухайлбал, иргэдийн төлөөлөл Л.Сүрэнхүү нар шүүхэд “Сауд гоби коал транс” компанийн ажиллагааг зогсоох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байдаг. Харин хоёр шатны шүүхээс одоогоор иргэдийн эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй, уурхайн ойролцоох гол булаг шанд ширгэж үгүй болоогүй гэх тайлбарыг өгчээ.
Ийнхүү иргэдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод зогсохгүй, эсэргүүцэл үзүүлсэн нэр бүхий иргэдийг “Сауд гоби коал транс” компаниас эргүүлэн шүүхэд өгсөн байдаг. Тус компанийн зүгээс иргэд эсэргүүцэл үзүүлснээр уурхайн ажил зогсоход хүрээд байгаа ба үйл ажиллагааны алдагдал хэмээн 400 сая төгрөг нэхэмжилсэн юм.
Дээрх маргааныг аймгийн шүүхэд бус Төв аймгийн шүүхэд хэлэлцэж, шийдвэрлэсэн байдаг ба хэрэв иргэд мөнгө төлөхгүй бол уурхайн ажлыг эсэргүүцэхгүй байхаар эвлэрлийн гэрээ байгуулж шийдсэн ажээ. Ингээд нутгийн иргэдийн тэмцэл мухардалд орсон бөгөөд тэдэнд хандах газар үлдээгүй юм.
-ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЭХЭЛЛЭЭ-
Харин энэ үед сэтгүүлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэж эхэлсэн байдаг. Тухайлбал, сэтгүүлч Б.Отгон, орон нутгийн сэтгүүлч Ж.Сайнжаргал, Д.Мишигсүрэн нарын сэтгүүлчид дээрх уурхайн хууль бус үйл ажиллагааг илчилсэн мэдээ мэдээллийг нийгэмд түгээж иржээ.
Түүнчлэн 2017 оны дөрөвдүгээр сард сэтгүүлч Х.Мандахбаяр, Зиндаа.мн сайтын сэтгүүлчид хамтран “Тосон бумбын нулимс” цуврал нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байв. Ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагын тусламжтайгаар уг асуудал олон нийтийн анхааралд орж эхэлсэн байдаг.
Гэсэн ч “Сауд гоби коал транс” компани уурхайн үйл ажиллагаагаа үргэжлүүлсээр байгаа ба тэдний үйл ажиллагааг мэдээлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг худал мэдээлэл түгээж нийгмийг турхирч эхэлжээ. Иймд, 34 хүний бүрэлдэхүүнтэй “Хариуцлагатай уул уурхай” сэтгүүлчдийн баг бодит байдлыг сурвалжлахаар болж, тавдугаар сарын 23-29-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ажиллаад ирсэн билээ. Энэ үеэр тус уурхайн нэгдүгээр ам усаар дүүрч, зүмбэний ус тогтсон байхыг баримтжуулан авчээ. Уурхайн ажил явагдаж буй уг талбайн хэсэгт орон нутгийн усны хагалбар байдаг ба уурхайг ухсанаар гүний ус уурхайн шанаганд тогтож, ойролцоох гол, булаг шанд тэжээлээ алдаж байгаагийн баталгаа нь юм.
-УИХ-ЫН ГИШҮҮД, НУТГИЙН УДИРДЛАГУУД ИРГЭДТЭЙ ХҮЧЭЭ НЭГТГЭН ТЭМЦЭЖ БАЙНА-
Дээрх баримт бол хөдлөшгүй нотлох баримт бөгөөд хэрэв энэ уурхай үйл ажиллагаагаа явуулсаар байвал Тост, Тосон бумбын нуруугаар зогсохгүй Гурвантэс сум тэр чигтээ усгүй болох аюултай. Тиймээс уурхайн ажлыг бүрэн зогсоох тухай шаардлагыг сэтгүүлч Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн бөгөөд шинээр үүссэн нөхцөл байдлын хүрээнд зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дахин шалгалт оруулаад байгаа юм. Ийнхүү Монгол Улсын хуулиас гадуур үйл ажиллагаа явуулж буй дээрх компанийн эсрэг тэмцэлд иргэд, хэвлэл мэдээллийнхэн төдийгүй Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон бусад орон нутгийн удирдлагууд хүчээ нэгтгэн ажиллаж эхлээд байна.
Үүний дүнд “Сауд гоби коал транс” компани уурхайн үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоож эхэлжээ. Тодруулбал, тавдугаар сарын 31-ний өдөр “Сауд гоби коэл транс” компаниас гүйцэтгэх захирал Д.Буянбатын гарын үсэг бүхий СГТ/01-183 тоот мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд, цаашид манай компани олборлолтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учир ерөнхий гүйцэтгэгч “Готик голд мине” компанитай гэрээгээ цуцалж, уурхайн ажлаа зогсоож байгаа талаар дурджээ.
Энд дурдахад “Сауд гоби коэл транс” компани нь олборлолтын туслан гүйцэтгэгч хоёр компанитай бөгөөд ийнхүү нэг компани нь ажиллах боломжгүй болсон байна. Хэдийгээр уурхайн олборлолтын ажиллагаа хэсэгчлэн зогссон ч энэ хангалттай үр дүн биш бөгөөд “Сауд гоби коал транс” компанийн уурхайг бүрэн зогсоож, олборлолтын лицензтэй талбайг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй.
Ингэхдээ тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг тогтоох тухай Засгийн газрын 91 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, УИХ-аар анхлан баталсан 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага бий.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ газрын леценз гэдэг зүйлийг хувь хүнд өгөхөө болимоор юм. Үүнээс чинь болоод улс орныхоо эдийн засаг байгал орчин бүхий л зүйлээ ардчилал нэрийн дор сүйтгэлээ. Олигархи ч төрлөө. Тэгээд тэднийгээ дийлэхгүй боллоо.Хувийн өмч заавал мөлжлөг төрүүлдэг гэж К.Маркс баталсан юм шүү. Газар хувьчилдаг Монголын сүйрэл. ҮҮНИИГ САНААЧИЛСАН АРДЧИЛАЛЫН НӨХДИЙГ ЦААЗААР АВЪЯ.
Choijoogoo aw uwschuud aa
Choijoo gj uiltei xun uwsaa ochij uxaach guiy
hhha
хаа