-Мөчлөг дагасан эдийн засагтай Монгол Улсад эдийн засгийн муу мөчлөг нь одоо ирлээ. Бид ямар бодлоготой давж гарах вэ-
Уул уурхайн салбарын нэг гол салбар бүхэлдээ ганхах аюултай нүүр тулаад байна. Нэг нь хамгийн том төслийн бай болсон зэсийн салбарт үнийн хэлбэлзэл, нөгөө нь гол бай болсон зэсээ олборлодог “Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн хувьцааг “хамгийн бага” гэсэн ангилалд бүртгэхээр болов. Олон улсын зах зээлд гарах хүлээлттэй “Эрдэнэс-Тавантолгой”-н гол түүхий эд нүүрс ч бас ойлгомжгүй нөхцөл байдалд байна.
“РИО ТИНТО”-ГИЙН ХУВЬЦААНЫ АНГИЛЛЫГ БУУЛГАЛАА
Английн алдарт “Barclays”, Америкийн санхүүгийн анхдагчдын нэг “JP Morgan” нэгэн зэрэг “Рио Тинто”-гоос нүүрээ буруулав. Хөрөнгө оруулагчдын дундах хагарал, жижиг хувьцаа эзэмшигчдийн нөхцөл байдал, шүүхээр үүсгэсэн маргаан нь хувьцааны ангиллыг хамгийн доод түвшинд хүргэхэд хангалттай байжээ. Санхүүгийн зах зээлийн нэр нөлөө бүхий “Barclays”, “JP Morgan” уул уурхайн салбарын хамгийн том компани гэгдэх “Рио Тинто” компанийн хувьцааны зэрэглэлийг “хамгийн бага” ангилалд оруулж бууруулжээ.
Хөрөнгийн зах зээлийн гурван үнэлгээнээс “Рио Тинто” компанийн багтсан ангилал нь хамгийн доод зэрэглэл юм. Хэрэв “хамгийн бага” зэрэглэлд багтвал хөрөнгө оруулагчдад хувь эзэмшлээ бууруулах эсвэл зарах зөвлөмжийг шинжээчид зөвлөдөг ажээ. Сүүлийн үед хөрөнгө оруулагчдын дунд таагүй нөхцөл байдал үүссэн, хөрөнгө оруулсан хэд, хэдэн төсөл нь маргаантай, Нью-Йоркийн шүүхээр Мозамбикийн асуудлаас болж орсон зэрэг шалтгаанаар дээрх хоёр байгууллага хувьцааны зэрэглэлийг бууруулсан гэж шинжээчид үзэж байна. Өнгөрсөн хугацаанд “Barclays” банкны шинжээчид “Рио Тинто” компанийн зэрэглэлийг гурван удаа дунд шатанд, хоёр удаа дээд шатанд оруулж үнэлж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотын шүүхээс “Рио Тинто” компанийг Мозамбик улсад хэрэгжүүлж буй нүүрсний төслийг олон улсын болон дотоодын ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй гэх шийдвэр гаргасан юм. АНУ-ын Нью-Йорк хотын тойргийн шүүхээс “Рио Тинто” компани Мозамбик улсад хэрэгжүүлсэн нүүрсний төслийг ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэн “Рио Тинто” компанийн талд хэргийг шийджээ. Мозамбик улсад хэрэгжүүлж буй нүүрсний уурхайг “Рио Тинто” компани худалдан авах санал гаргах үед төслийн үнэлгээг 3.7 тэрбум ам.доллар гэж тогтоосон байна. Энэхүү үнэлгээг нүүрсний чанар, олборлох боломжтой нүүрсний хэмжээ, дэд бүтэц зэрэг таамаглал дээр үндэслэсэн байна.
ЗЭСИЙН ХАНШ ХЭЛБЭЛЗСЭН ХЭВЭЭР
Ердөө долоо хоногийн өмнө зэсийн үнэ таван жилийн хамгийн доод түвшинд хүрч унав. Зэсээс хамааралтай жижиг буурай улсууд бүү хэл “Рио Тинто” компанийн хувьд ч энэ мэдээ муу мэдээ байсан. Өнгөрсөн долоо хоногт Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 5830 ам.доллар болж 0.4 хувиар унав. Сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт нь энэ. АНУ-ын Ерөнхийлөгч Мексикт нийлүүлэх түүхий эдийн тарицыг нэмсэн нь ийнхүү зэсийн ханшийг савлуулж орхилоо. Ердөө гуравхан хоногийн өмнө 0.5 хувиар өсөж байсан энэ зах зээл ердөө нэг улсын удирдагчийн мэдэгдэл, шийдвэрээс шалтгаалан ийнхүү өслөө.
Гэвч энэ үйл явдлаас хойш яг долоо хоногийн дараа зэсийн үнэ дахиад ч унав. Энэ удаад Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 5769 ам.доллар болоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ болон Мексик, Иран, Япон улстай хийх худалдааны бодлогоо өөрчлөхгүй гэх мэдэгдлийн дараа зэсийн ханш байж болох хамгийн доод түвшинд хүрчихлээ. Их гүрнүүдийн удирдагчдын бодол санаанд чухамдаа юу нөлөөлөх эсэхийг түүхий эдийн ханш чухам хаашаа эргэх вэ гэдэг шийдэгдэх дээрээ тулаад байна. Олон улсын валютын сан 2018 оны намар хуралдаж улмаар 2019 онд нэг тонн зэсийн дундаж ханш 6191 ам.доллар байна гэж төсөөлсөн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк ч мөн энэ дүнтэй адилаар төсөөлж байлаа. Оны эхний улирал ч тэдний таамаглаж байснаар болсон. Харин АНУ-Хятадын худалдааны дайн тийм ч амар дуусахгүй дахиад хэдэн жилээр үргэлжлэх төлөвтэй болсон нь түүхий эд болон хөрөнгийн зах зээлийн ханшийг хэлбэлзүүлж буй гол хүчин зүйлс болсон юм.
ХЯТАДУУД ДОТООДДОО НҮҮРСНИЙ ҮНЭЭ БУУЛГАНА
Тийм ээ та зөв сонссон. Австралид тохиосон байгалийн гамшиг, их гүрнүүдийн толхилцооноос монголчууд бид хожно гэж бодож байлаа. Энэ оны эхний улирлын санхүүгийн тайланг харвал бид үнэхээр хожсон. Гэхдээ манай нүүрсний гол хэрэглэгч болсон БНХАУ дотооддоо нүүрсний үнэ буулгах бодлого баримталж байгаагаа зарлалаа. БНХАУ-ын засаг захиргаа нүүрсний үнийг бууруулах чиглэлийг олборлогч компаниудад хандан гаргасан гэдгийг эх сурвалжууд онцолж байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо салбарын компаниудад хандан 5500 ккал илчлэгтэй нүүрсний үнийг нэг тонныг нь 600 юань буюу 87 ам.доллароос хэтрүүлэхгүй байх санал боловсруулжээ. Хятадын зах зээлд тэргүүлэгч эрчим хүчний компаниуд БНХАУ-ын Коммунист намд хандан түүх эдийн үнэ бууруулах хүсэлт гаргасантай Ройтерс агентлаг холбон тайлбарлаж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын даргын уулзалтын үеэр сэтгүүлчид энэ асуултад хариу авахад “Бид нүүрсний үнийг хэрхэхээ шийдээгүй байна. Гэхдээ эрчим хүчний гол компаниудын хүсэлтийг бид хүндэтгэж үзнэ” гэж Си Зиньпин дипломат хариултаар бултаад өнгөрсөн.
БНХАУ-ын Коммунист нам ойрын 15 жилдээ уламжлалт цахилгаан станцын тоог бууруулах бодлого баримтлах бөгөөд 2040 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний салбар нийт эрчим хүчний салбарын 50 хувийг эзэлнэ гэж үзэж буй. Гэтэл бид БНХАУ-тай ойртохын тулд тээвэрлэлтийн ажлуудаа дөнгөж одоо л эхэлж байгаа. Нэг ёсондоо бид дэд бүтцээ шийдээд бараг дуусахад хятадууд түүхий нүүрсэнд баяртай гэж хэлж болзошгүй нөхцөл байдалд байна. Хэрэв БНХАУ-ын Коммунист намын засаг захиргаа нүүрсний үнэ бууруулах шийдвэр гаргавал бидэнд ч мөн адил хүнд тусна.
* * *
Он дөнгөж эхлэхэд бүх юм сайхан байлаа. Оюутолгой төсөл олон жил шийдээгүй байсан эрчим хүчнийхээ хэрэглээг Тавантолгойгоос татахаар болж, Тавантолгойн бүлэг орд хятадтай илүү ойртох төмөр замаа барих шийдвэр гаргав. Австралийн Күийнслэнд мужид хоёр ч сар дараалан байгалийн гамшиг тохиолдсон нь Монголын нүүрсэнд маш том боломж авчрав. Дээр нь Хятад, Австралийн нүүрсний импортын маргаан ч бидэнд ашигтай байсан. Түүхий эдийн салбарын үнэ харьцангуй тогтвортой байж олон улсын байгууллагын таамаглалыг эерэгээр эвдсэн. Гэвч одоо байдал бидний эсрэг байна. “Оюутолгой”-н гол хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн хувьцааны ханш хамгийн доод зэрэглэлд шилжиж, олборлох салбарын оюу эрдэнэ болсон зэсийн үнэ ч унасаар байна. Дэлхийд тэргүүлдэг Тавантолгойн бүлэг ордын үнэ цэн болсон нүүрсний салбар ч эгзэгтэй байдалд байна. БНХАУ-ын эрх баригчид дотооддоо нүүрсний үнээ бууруулж магадгүй. Мөчлөг дагасан эдийн засагтай Монгол Улсад эдийн засгийн муу мөчлөг нь одоо ирлээ. Бид ямар бодлоготой давж гарах вэ?
Сэтгэгдэл ( 4 )
Рио тинто чинь манайд л томроод байгаа болохоос дэлхий нийтэд нэр нь уначихсан л юм байна шүү дээ. Санхүүгийн луйвар хийдэгийг нь мэдчихжээ. Манайх гэрээгээ цуцлан хөөж гаргавал зохино.
Yu yariad bainaa. Uul uurhain salbariin buhii l medee muu l baidag sh dee. Hezee yamar sain medee haana garch baisniig sanahgui bnaa.Nemeed 3 muu gesen bol boloh yum bish uu
Yu yariad bainaa. Uul uurhain salbariin buhii l medee muu l baidag sh dee. Hezee yamar sain medee haana garch baisniig sanahgui bnaa.Nemeed 3 muu gesen bol boloh yum bish uu
Yu yariad bainaa. Uul uurhain salbariin buhii l medee muu l baidag sh dee. Hezee yamar sain medee haana garch baisniig sanahgui bnaa.Nemeed 3 muu gesen bol boloh yum bish uu