Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбоно

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбох шийдвэр гаргажээ.

Дээрх чиглэлийн төмөр замыг хооронд нь холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгосон байна.

Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм.  Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

 Мөн Тавантолгойн нүүрсний ордын уул уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргын төлөвлөлтийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд нарт даалгав. Төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top