ОХУ, БНХАУ, БНСУ болон Монгол улсуудын хооронд “Их Түмэн голын санаачилга” төслийн хуралдаан болж, Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр авсан 38 сая ам.долларын 19 сая ам.доллароор Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хаан” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү бус нутагт Монгол Улсын зүүн гурван аймаг, ОХУ-ын Приморск муж, БНСУ-ын зарим хотууд, БНХАУ-ын хэд хэдэн мужууд хамрагдаж байгаа юм. Үүнийг хэрхэн хамтарч байгуулах вэ? энэ хүрээнд улсууд юу хийх вэ? Ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатай вэ? гэдэг асуултуудын хүрээнд хурал зохион байгуулагдлаа. Дөрвөн улс хамтран өөр өөрсдийнхөө зорчих жуулчдыг энэ бүс нутагт төвлөрүүлж чадсанаар бусад улсуудыг ч татах бүрэн боломжтой юм.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас тодрууллаа.
-“Их түмэн голын санаачилга” төслийн гол зорилго юу вэ?
Их түмэн голын санаачилга төсөл маань дотроо олон дэд хөтөлбөртэй. Үүний нэг нь аялал жуулчлал юм. Зүүн хойд Азийн нэгдсэн том брэнд болохыг зорьж байна. Нэг улсаасаа эхлээд дөрвөн улсаа тойрох аяллыг бий болгоё гэдэг дээр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас зөвлөгөө авч ажиллаж байна. Өөр өөрсдийнхөө зорчих жуулчдыг энэ бүс нутаг руу чиглүүлье, нөгөөтээгүүр бусад улс орны жуулчдыг татах зорилготой.
-Их Түмэн голын бүсэд Монгол улсын аль аймгууд харьяалагдаж байгаа вэ?
-Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд орж байгаа. Монгол Улсын аялал жуулчлал Хангай болон төвийн хэсгүүдэд илүү хөгжсөн учраас жуулчид тийшээ татагддаг. Зүүн аймгууд аялал жуулчлалаас үр өгөөжийг хүртэж чадахгүй байгаа юм. Энэ тал дээр засгийн газраас анхаарч ажиллаж байна.
-Их Түмэн голын төслийн хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас 2018 онд 5.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт гурван аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээд байна. Сая зургаан сарын 13-өдөр Азийн хөгжлийн банк Монгол Улстай гэрээ байгуулсан. Энэ хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийг эхлүүлээд байна. Түүний 19 сая ам.доллароор Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис Хаан” гэсэн таван жилийн хугацаатай төслийг эхлүүлж байна. Мөн Дорнод аймагт хил орчмын аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлж байгаа.
-Жуулчдыг авчрах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Дорнод аймгийн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох тал дээр ажиллаж байна. Ингэснээр зүүн бүсэд аялах жуулчид Улаанбаатарт биш шууд Дорнод аймагт буух боломжтой юм. Энэ нь цаашлаад олон улстай харилцах гүүр болох ч боломжтой.
-Энэ төслөөс Монгол улс ямар үр ашиг хүртэх боломжтой вэ?
Монгол улсыг гадаад орнуудад нэгдсэн бодлоготойгоор сурталчлах ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ ажлын үр дүнд 2018 онд Монгол Улс анх удаа хагас сая жуулчин хүлээж авсан. Тэдгээр жуулчдаас дотоодын эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн орлого оруулсан байгаа. Мөн энэ салбараас 35 мянган ажлын байрыг шууд бий болгож байна. Гэхдээ энэ салбарын одоогийн хөгжлийг эрчимжүүлэх замаар засгийн газраас 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж авах зорилтыг тавьсан. Энэ жуулчдаас жилд дотоодын эдийн засагт 2.7 их наяд төгрөгийн орлого оруулахыг зорьж байна. Ажлын байрыг 70 мянгад хүргэж ажилгүйдлийн асуудлыг аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой болох юм.
-Монгол улсад ирсэн жуулчдад тулгардаг асуудал бий юу?
Долоон сард л гэхэд Монгол улсад 100000 орчим жуулчид ирдэг гэсэн судалгаа гарсан. Баяр наадмыг үзэх гэж ирж байгаа жуулчдыг нээлтийн үйл ажиллагаанд бүрэн хамруулж чадахгүй байгаа. Жуулчдад зориулсан суудал ердөө л 1500 байдаг нь эргээд жуулчдыг алдах ч эрсдэл бий болдог.
-Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Энэ жилээс эхэлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас үндэсний соёл амралтын хүрээлэнд долоон сарын 11-ний өдрийн 21:00 цагаас жуулчдад зориулсан арга хэмжээ болох юм. Энэхүү арга хэмжээн дээр наадмын нээлтэд тоглогдсон номеруудыг шөнийн хөтөлбөрт оруулж баяжуулах юм. Тэгэхээр нээлт үзэж чадаагүй жуулчид тэнд очиж үзэх боломжтой юм. Энэ хөтөлбөр зөвхөн англи хэл дээр явагдана.
С.Намхай
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913