“Стар интэлижэнт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Лхамсүрэнтэй ярилцлаа.
-Танай компани энэ салбарын бизнест орох шийдвэрээ хэзээнээс гаргасан бэ? Эрсдэл, зардал ихтэй энэ бизнес яагаад сонирхлыг тань татав?
-Манай гэр бүлийн хүн энэ бизнест одоогоос арав гаруй жилийн өмнө аавыгаа дагаж орж байсан юм. Цахилгаан техникийн салбарт чанарын шаардлага хангаагүй бараа материал, технологи их байгааг олж хараад энэ салбарт шинэчлэлт хийе, чанартай баталгаатай зүйл хийж бүтээе, олон улсын хэмжээнд хүргэе гэсэн зорилт тавьж ханцуй шамлан орсон юм.
-Анхнаасаа л салбарын хөгжилд чиглэсэн бодлого барьсан байх нь ээ?
-Гол нь энэ салбарыг л хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьсон. Хэрэв бид өнөө л Орос улсын технологийг хэрэглэж барилга, орон сууц барьсан хэвээр байх юм бол дэлхийтэй хэзээ хөл нийлүүлэн алхах юм бэ, тийм биз дээ. Манайд 2000 оноос эхлээд Хятад технологи ашигладаг болж, энэ нь бидэнд хямд төсөр байсан боловч цаашдын баталгаагүй, аюулгүй орчин үгүй болох нэг үндсийг тавьж байлаа. Гэтэл барилга, цахилгааны салбарыг бид л хөгжүүлэх ёстой шүү дээ.
Нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар энэ салбарт санаа тавиад 2030 он гэхэд олон улсын Евро стандартад шилжих санамж бичигт гарын үсэг зурчихаад байна. Энэ нь том дэвшил. Тиймээс бид ч мөн адил хичээж ажиллан энэ салбарыг илүү цэгцтэй, илүү сайхан болгох үүднээс ажилдаа орчихоод байна.
-“Стар интэлижэнт технологи” компанийн үйл ажиллагааны чиглэл болон компанийн талаар товч танилцуулбал?
-Манай компани цахилгаан холболт, дохиолол, автоматжуулалт, угсралт гүйцэтгэлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг. Одоо нэмэлтээр гадаад худалдааны салбарт хүч үзэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид маш их судалгаа хийсний үр дүнд Schneider electric брэндийг сонгож, Schneider electric ч мөн адил манай компанийг сонгосон нь дэлхийн брэндийг Монголдоо авч ирэх том боломжийг бидэнд олгосон. Одоо бид Дэлхийн №1 брэнд болох Францын Schneider electric компанитай албан ёсны эрхтэйгээр хамтран ажиллаж байна. Schneider electric компанийн албан ёсны түнш болсноор цахилгаан холболт, дохиолол, автоматжуулалтын угсралт гүйцэтгэлийг илүү найдвартай, баталгаатайгаар хийх эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Үүний зэрэгцээ түнш байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тоног төхөөрөмж, цахилгааны бүх тоноглолыг албан ёсны эрхтэйгээр Монголдоо худалдах боломжтой болсон. Цахилгааны угсралт хийдэг компаниудаас ингэж өргөжсөн байгууллага одоогоор бараг байхгүй л дээ. Бид цаашдаа Schneider electric-ээс гадна дэлхийн стандартыг хангасан маш олон брэндүүдийг оруулж ирэхийг зорьж байна. Мөн холбоо, дохиолол, автоматжуулалтын гээд олон чиглэлээр үр ашигтай, найдвартай брэндүүдийг сонгож Монголдоо нэвтрүүлэх болно.
-Танай хамт олны гол давуу тал гэвэл та юуг онцлох вэ?
-Манай компанийн гол онцлог бол 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн арав гаруй жилийн туршлагатай баг хамт олон. Манайх цахилгаан угсралтын салбар дотроо борлуулалт, маркетинг, гадаад харилцаа, санхүү, мөн цахилгааны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн гэсэн чиглэлүүдээр нийт 30 гаруй ажилчид, мэргэжлийн инженерүүдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
-Энэ салбарт инженерүүдийн ур чадвар маш чухал биз?
-Манай дөрвөн инженер дөрвүүлээ ШУТИС-ийг цахилгаан холбоо, автоматжуулалтын мэргэжлээр төгссөн. Мөн Schneider electric-ийн сургалт, Сингапур улс болон өмнөд хөршийн Гуанжу хотод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Цахилгаан угсралтын салбар бол ажилтнуудынхаа ур чадварыг байнга дээшлүүлэхийг шаарддаг салбар. Манай инженер техникийн алба маш боломжийн бүтэцтэй. Инженерүүдээ төрөлжүүлээд автоматжуулалтын, барилгын цахилгаан угсралтын баг, холбоо дохиоллын хэсэг гэх мэт тус бүрийн чиглэлээр нь хуваасан байдаг. Нэг брэндтэй хамтарч ажиллалаа гэхэд тухайн брэндээсээ дэмжлэг маш сайн авдаг.
-“Стар интэлижэнт технологи” компани байгуулагдсанаасаа хойш хэчнээн орон сууцанд цахилгааны холболт угсралт хийсэн бэ?
-Өнөөдрийг хүртэл 30 гаруй том, жижиг төслүүд дээр ажилласан байна. Орон сууц, соёлын төв, зочид буудал, эмнэлэг, томоохон дэлгүүр гээд жижиг том гэлтгүй ажиллаж ирсэн. Сүүлийн арав гаруй жил Монгол Улс тэр чигтээ орон сууцаар амьсгаллаа шүү дээ. Тийм ч учраас бидний ажилласан төслийн дийлэнх хувь нь орон сууцны төсөл байна. Үүнээс гадна “И-март” худалдааны төвийн нам хүчдэлийн самбаруудыг угсарч хариуцан ажилласан нь бидэнд арвин туршлага болсон.
-Ямар нэгэн асуудал үүсч байв уу?
-Schneider electric-ийн тоног төхөөрөмж, технологи нь Евро стандартыг бүхэлдээ илтгэсэн байдаг юм. Монголд ихэвчлэн Schneider electric-ийн технологиудыг болон бусад Европын брэндүүдийг дуурайлган хийсэн хятад техник хэрэгсэл орж ирэх нь элбэг. Энэ нь л цахилгааны асуудлуудыг үүсгээд байгаа юм. Хэрвээ бид технологио Европоос нь оруулж ирээд, угсралтаа чанарын өндөр түвшинд найдвартай баг хамт олноор хийлгэх юм бол асуудал маш бага үүснэ гэдгийг хэлж чадна. Алдаа гаргаж байсан удаа бий. Одоо бид цаашдаа алдаж болохгүй. Үүний тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилна шүү дээ.
-Евро стандартын ялгарах онцлог нь юу вэ?
-Үүнийг Европ стандарт гэж бус Дэлхийн стандарт гэж ярих ёстой юм. IEC буюу International Electrotechnical Commission гээд байгууллага нь технологийн стандартуудыг туршиж, баталдаг. Тодруулж хэлэхэд хамгийн өндөр стандарт энэ байгууллагад баталгааждаг гэсэн үг. Жишээ нь Орос улсад ГОСТ, Хятадад өөрийн стандарт гэж байдаг хэдий ч эдгээр нь аль ч талаараа IEC-ийг гүйцдэггүй. IEC хангасан тоног төхөөрөмж, бараа материал хэрэглэж байна гэдэг бол өөрөө чанарын баталгаа. Угсралтад мөн адил IEC байх юм бол төгс Евро стандарт болох юм. Орон сууц гэлтгүй аль ч барилгын хэмжээнд цахилгаан угсралт, автоматжуулалт, камержуулалт бүгдийг нь бид Евро стандарт болгох гэж хичээж байгаа. Аль болох хамгийн баталгаатай, аюулгүй, үр ашигтай байх технологиудыг барилгын зах зээлд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байна.
-Автоматжуулалтын тухайд тодруулах юм бол?
-Жишээлбэл, өөрийн гэрийг зөвхөн ухаалаг утсаар төдийгүй таблетаар удирдах боломжтой гэсэн үг. Ингэж удирдах боломж нь тоон технологиор хөгжчихсөн байна шүү дээ. Тиймээс хүнд ойрхон, эвтэйхэн, амьдралд үр ашигтай технологийг л нэвтрүүлэхийн төлөө бид ажиллаж байна гэж ойлгож болно.
-Ер нь автоматжуулалтын ямар технологиуд амьдралд нэвтрээд байна вэ?
- Дэлхийд автоматжуулалтын технологи маш олон төрлөөрөө амьдралд нэвтэрсэн байдаг. Гар утсаар удирддаг, удирдлагаар удирддаг гээд олон ухаалаг технологи бий. Зарим нь хэт тансаг хэрэглээний боловч хүнд ойлгомжгүй, хэрэг болохоосоо илүүтэйгээр дарамт болдог автоматжуулалтын систем ч байна шүү дээ. Жишээлбэл, гэрлийн унтраалгаа таблет дээр суулгачихсан байлаа гэхэд би удирдаад болоод байна. Гэтэл манай аав ээж хоёр хараад англиар ойлгохгүй байна гэдэг. Энэ чинь л жинхэнэ дарамт болж байна. Тиймээс ойлгомжтой, эвтэйхэн, хялбар хэрнээ үр ашигтай байх хэрэгтэй юм. Үүний төлөө бид ажиллаж байна. Бас нэгэн жишээ хэлэхэд, хуучны олон давхар барилгуудыг дулаахан байх ёстой л гэдэг болохоос, яг төчнөөн хэм байх ёстой гэж заадаггүй. Гэтэл тэр байр маш халуун байх нь элбэг. Мөн тэр орон сууцыг халаахын тулд их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Энэ нь манай улсад алдагдалтай. Үүнийг Building management system гэдгээр хянаж барилга доторх халуун дулааныг зохицуулах боломжтой байдаг нь автоматжуулалтын онцлог давуу тал юм. Ердөө л “зогсох үедээ зогс, ажиллах үедээ ажилла”. Ингэж чадвал автоматжуулалтын системийн үр ашиг гарах нь тэр.
-Хуучны есөн давхар байрууд халуунд халж, хүйтэнд хөрөөд л байгаа харагддаг?
-Тийм ээ. Тэр барилгуудыг станцаасаа 100 хэмээр халаадаг ч, тэр нь орон сууцанд ирэхдээ 60-70 хэм болоод буурч ирдэг. Бүр холын барилгуудад очихдоо 40 хэм болох нь энүүхэнд. 40 хэмийн халуунтай ирсэн усыг тухайн барилга өөр дээрээ бойлуураар халааж 60-70 хэм болгож шахах зэргээр зардал ихтэй, олон дамжлага бүхий ажил хийгээд байна. Ийм учраас л автоматжуулалтыг ашиглаж эрчим хүчний зөв хэмнэлт, усны зөв хэмнэлтийг хийхийг зорьж байгаа юм.
-Автоматжуулалт суурилуулсан ямар барилгууд манайд байдаг бол?
-Монгол Улсын хэмжээнд гэвэл Khan Tower, Интермед, Central Tower мөн сүүлийн үеийн том барилгуудад ихэвчлэн суурилагдсан байгаа байх.
-Танай компани автоматжуулалт суурилуулж байгаа юу?
-Манай компанийн инженерүүд автоматжуулалт суурилуулах сургалтад явж байна. Иймд бид удахгүй автоматжуулалтыг хийж эхэлнэ.
-Танай компанийн Prisma самбар салбартаа нэлээд танигдсан юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл уншигчдад өгнө үү.
-Урьд өмнө нь Монголын барилга цахилгааны утас холболт дандаа л нэг хэвийн дөрвөлжин хайрцаг дотор шаардлага хангаагүй утас шавааралдуулан холбосон байдаг байлаа. Харин Prisma буюу нам хүчдэлийн самбар орж ирснээрээ Монголд технологийн шинэчлэлтийг авчирсан. Манай компаниас угсардаг Prisma самбар нь албан ёсны түнш Schneider electric брэндийн онцлох бүтээгдэхүүн шүү дээ. Харахад үзэмжтэй, шилэн нүүртэй, цэгцтэй мөн дээрээс нь хамгаалалтын зэрэглэл өндөр гэдгээрээ давуу талтай бүтээгдэхүүн л дээ. Хамгаалалтын зэрэглэл гэдэг нь дотогшоогоо ус нэвтрэхгүй, шороо тоос нэвтрэхгүй, тэсрэлт дэлбэрэлт болоход дотроо гал алдахгүй гэсэн үг. Prisma самбар нь зэрэглэл өндөртэй бүтээгдэхүүн. Тиймдээ ч маш нарийн сонголттой байдаг. Жишээлбэл 30 см ба түүнээс дээш 2 м өндөр хүртэл сонголт бий. Мөн нам хүчдэлийн самбар нь үйлдвэрт угсарсан мэт харагдах өнгө үзэмжтэй, цэгцтэй самбар болж чаддаг. Мэдээж IEC буюу олон улсын стандартыг хангасан №1 бүтээгдэхүүн.
-Prisma самбар угсрахад өртөг өндөр үү?
-Prisma самбарыг бүх төрлийн барилга, орон сууцанд угсарч болно. Өндөр өртөгтэй бүтээгдэхүүн учраас ихэвчлэн мкв нь 3 сая төгрөгөөс дээш үнэтэй барилгад угсрахад илүү тохиромжтой. Хамгаалалтын зэрэглэл өндөртэй энэ бүтээгдэхүүнийг угсарсан тохиолдолд тухайн барилга цахилгааны хувьд аюулгүйн баталгаа нь дээд зэрэглэлийн түвшинд байх болно гэсэн үг.
-Prisma самбарыг одоогоор хэчнээн орон сууц, барилгад угсарсан бэ?
-Одоогийн байдлаар “И март” худалдааны төв болон Time classic tower-т угсарсан байгаа. Зөвхөн “И март” худалдааны төвд гэхэд л 200-300 гаруй prisma самбар бий. Манай компани Schneider electric-ийн түнш болсон даруйдаа цахилгаан угсралтын чиглэлээр бүх инженерүүдээ сургалтанд хамруулсан. Prisma самбарыг Монголд оруулаад ирлээ гэхэд тэр бүр угсарч чадахгүй шүү дээ.
-Цаашдаа ямар ямар барилгад угсрах төлөвлөгөөтэй байна вэ?
-Prisma самбарыг угсрасан хүндээ ч тэр худалдан авалт хийж байгаа хүнд ч тэр энэ үнэхээр чанарын баталгаатай гэж дүгнэж болно. Энэ орон сууцыг эргэлзэхгүйгээр худалдан авах үндэс нь ердөөсөө л Prisma юм. Prisma самбар гэж хүн бүр л ярьж байна. Гэхдээ энэ чинь доторх кабелийн утас нь хүртэл чанартай байвал төгс prisma самбар угсрагдана гэдгийг анхаарах ёстой. Prisma самбарыг Францад үйлдвэрлэдэг. Манай компани герман утас ашиглаж байгаа. Тэгэхээр бид зөвхөн prisma ийм байх ёстой гэхээс илүүтэйгээр түүнд дагалдах хэрэгслийг мөн адил сайжруулж ашиглаж байгаа юм. Тухайлбал, Schneider electric-ийн 20 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дэлхийд борлогддог нь нийт цахилгаан хэрэгслүүдийн 30 хувийг хангадаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том байгууллага шүү дээ.
-Танайх Францаас тоног төхөөрөмжөө оруулж ирдэг гэсэн үг үү? Бараа материалаа Сингапур дахь албан ёсны үйлдвэрээс нь захиалж авчирдаг. Сингапурт Азийн бараа материалын төв салбар нь байрладаг юм. Мөн Энэтхэг, Макао, Тайланд, Хятад, Орос улсуудад салбар нь байдаг. “Schneider electric” брэндийн тухай товч танилцуулна уу?
-Schneider electric брэнд 1880 оны үед байгуулагдсан 181 жилийн түүхтэй компани. Тиймээс Schneider electric-т эргэлзэх зүйл байхгүй. Дизайн, технологи болон чанарын хувьд тэргүүн эгнээний брэнд. Ердөө ганцхан бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын тулд 20000 удаа туршиж үзсэний дараа батлагдсан бүтээгдэхүүн хэмээн зах зээлд нийлүүлдэг. Schneider electric нь тухайн бүтээгдэхүүн ямар байх боломжтой байна, тэр бүх сонголтыг тусгаж өгсөн байдгаараа бусад брэндийн ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс шууд ялгардаг. Өөрөөр хэлбэл бусад брэндийн автомат таслуур гурван фаазтай байхад Schneider electric-ийн автомат таслуур нэг, хоёр, гурав, дөрвөн фаазтай байх жишээний. Маш олон төрлийн сонголттой байдаг нь энэ брэндийн жинхэнэ давуу тал болдог. Ер нь бол Schneider electric-т байхгүй сонголт гэж үгүй.
-Та Стар интэлижэнт компанийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Бид цахилгаан, автоматжуулалт, холбоо дохиоллын салбараа аль болох дээд түвшинд хүргэхээр зорьж ажиллаж байна. Бид салбартаа арав гаруй жилийн өмнө хөл тавьсан хэдий ч энэхүү компанийг албан ёсоор хоёр жилийн өмнө байгуулсан. Харахад залуу компани мэт боловч технологийн хувьд арвин туршлагатай Schneider electric брэндтэй хамтарч ажиллаж байгаа нь бидний гол онцлог. Тиймдээ ч бид салбартаа тэргүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Манай инженер техникийн алба, ажилчид арвин туршлагатай хүмүүс байдаг гэдгийг онцолж хэлмээр байна. Бидний нэн тэргүүний зорилго бол олон улсын стандартыг төгс эзэмшсэн компани болохыг эрмэлзэх явдал юм.
Ярилцсан: Б.Амирдаа
"Зиндаа" сэтгүүл 2018 он №09/509
Сэтгэгдэл ( 4 )
Eh oronch hun hezee ch gadaad Baraa oruulahgui. Dotoodiin baraagaa gadaadad zardag. Neteer zarj baigaa branduud l mongo oldog bolson Baina. Humuus delguur gesen durgui Bolj netees hudaldaj avdag bolson baina. Gazar hurtel shuu
Гоё юм ярих юм аа юу ч хийж эхлээгүй байж бусдыг шүүмжлэхээ мартахгүй улс юм аа. Монгол улсад цахилгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэх боломж одоогоор хэнд нь ч алгаа. Тэглээ гээд чанаргүй бараагаа хэрэглэсээр байх гэж үү. Хэн ч найдвартай орчинд амьдрахыг хүснэ шүү дээ залуус минь!!!
Монголчууд наймаачны өчүүхэн сэтгэлгээнээсээ салах цаг аль хэдийн болчихсон. Дээр бичсэнийг хараад монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь гэж баярласан чинь харин эсрэгээрээ наймаа хийх юм болоод явчихлаа. Гадаадын бараа авч ирж дамлах биш, тэдэнтэй дүйх, тэднээс илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө явах учиртайсан. Бид чадахгүй, гаднын юм хямд, бэлэн гэсэн үхээнц ойлголтоо манай залуус хаях цаг ирнээ ирнэ.
delhiin brendiig Mongold oruulj baihaar uuriinhuu brendiig delhiid gargaa huuhen guai