Дэлхийн тэргүүлэгч 20 улсын төрийн тэргүүн нар чөлөөтэй, шударга худалдааны дүрмийг шуурхай боловсруулахын төлөө санал нэгдлээ.
“Их-20” бүлгийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар санал зөрөлдсөн асуудал байсан хэдий ч дэлхийн нийтэд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх нэгдсэн арга замыг боловсруулахад санал нэгдсэн нь Японы Осака хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол үр дүн байлаа.
“Их-20”-д янз бүрийн санал бодол, байр суурь байдаг. Энэ клубт нэгдмэл байр суурийг олно гэдэг хүнд. Хамгийн гол нь бид олон асуудлыг шийдэх нэгдсэн арга замыг олоход гол анхаарлаа хандуулж чадлаа гэж уулзалтыг дүгнэж, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэв.
Дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр 43 зүйл, заалт бүхий хамтарсан мэдэгдэл гаргалаа. Хамтарсан мэдэгдэл гаргах явцад тодорхой хүндрэлүүд тулгарч байв. Жишээ нь, энэ баримт бичигт худалдааны протекционист бодлогыг буруушаасан заалт оруулаагүй. Түүнчлэн, АНУ, БНХАУ болон бусад орнуудын хооронд үүсээд буй худалдааны маргааны талаар нэг ч заалт ороогүй ч худалдаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлага буйг онцлон тэмдэглэсэн байна.
ЧӨЛӨӨТ, ШУДАРГА ХУДАЛДАА
Дэлхийн эдийн засаг өнөө цагт төрөл бүрийн сөрөг эрсдэлтэй нүүр туулж байгаа тул Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх асуудал ялгаварлан гадуурхах үзэлгүй, чөлөөт, шударга худалдааны дүрэм дээр үндэслэн хэрэгжүүлэх ёстой гэж дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчид үзэж байна.
Дэлхий дахины эдийн засгийн өсөлт буурах аюул нүүрлээд байна. Тиймээс дэлхийн тэргүүлэгч 20 улс дэлхийн эдийн засгийн зүтгүүр байх ёстой. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд тоон эдийн засгийн нэгдсэн дүрмийг боловсруулах шаардлагатай байгаа тул “Их-20” бүлгийн гишүүн орнууд “Osaka Truck” гэх санаачилга гаргахаар тохиролцов. Энэхүү санаачилга нь Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд тоон худалдааны бүх талын дүрмийг боловсруулах асуудлаар олон улсын хэлэлцүүлгийг урагшлуулахад чиглэгдэх юм. Энэ санаачилгын хүрээнд хийх анхны хурлыг энэ оны долоодугаар сард төлөвлөсөн байна.
Үүнээс өмнө “Их-20” бүлгийн гишүүн орнуудын сангийн сайд болон Төв банкнуудын тэргүүн нар томоохон тоон корпорацуудын татварын илүү үр дүнтэй системийг бий болгох тал дээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг түргэсгэх асуудлаар тохиролцоонд хүрэв. Үүнд Amazon, Apple, Facebook, Google зэрэг үндэстэн дамнасан тоон корпорацууд багтаж байгаа юм. Эдгээр болон бусад корпорацуудад төв оффис нь хаана байрлаж буйгаас үл хамааран, аль улс оронд ихээхэн хэмжээний ашиг олж буйгаас хамааран татвар ногдуулах ёстой гэж дэлхийн удирдагчид үзэж байна.
ИРАНЫГ ТОЙРСОН НӨХЦӨЛ БАЙДАЛ
“Их-20” бүлгийн удирдагчид Иранд үүссэн нөхцөл байдал улам бүр хурцдаж буйд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлэв. Тус бүс нутагт нөхцөл байдал улам бүр хурцдаж, АНУ-ын нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн хэрэг гарсан. Газрын тос тээвэрлэгч усан онгоц дээр дэлбэрэлт болсон хэрэг мөн гарч байсан. Дэлхийн улс орнууд Ойрх Дорнодын бүс нутагт хурцадмал байдлыг намжаах тал дээр хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлэв.
“Их-20” бүлгийн орнуудын төрийн тэргүүн нар 2050 он гэхэд далай, тэнгис руу хуванцар хог хаягдлыг хаяхыг бүрэн хориглох асуудал дээр хүчин чармайлт гаргах амлалт өглөө. Байгаль, экологийг хамгаалах шаардлагыг эдийн засгийн өсөлттэй уялдуулах шаардлага гарч ирж байна. Иймээс улс орнууд 2050 он гэхэд далай тэнгисийг хуванцар хог хаягдлаар бохирдуулах явдлыг бүрэн арилгахын тулд бүхий ч хүчин чармайлтыг гаргах болсон нь экологийн асуудал дээр гаргасан бас нэг дэвшил юм.
“Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүн нарын санал хамгийн ихээр зөрөлдсөн асуудал бол уур амьсгалын өөрчлөлт байв. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Парисын гэрээг хамтарсан мэдэгдэлд тусгаагүй тохиолдолд Францын тал гарын үсэг зурахгүй гэж мэдэгдэж байв. Энэ хатуу байр суурь дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр хамтарсан мэдэгдэл гарахгүй байхад хүргэж болзошгүй хэмээн ажиглагчид болгоомжилж байсан хэдий ч талууд эсрэг тэсрэг байр суурь хамтарсан мэдэгдэлд тусгалаа олсон юм. АНУ Парисын гэрээ нь Америкийн ажилчид, татвар төлөгчдөд хохиролтой гэж үзэн тус гэрээнээс гарахаа батлав гэж хамтарсан мэдэгдэлд дурдсан байна. АНУ-аас бусад улс орнууд Парисын гэрээг бүрэн хэрэгжүүлэх үүргээ бүрэн баталгаажуулжээ. Хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ, Их Британийн Ерөнхий сайд 2050 он гэхэд Их Британи хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх тухай хуулийн төслийг парламентдаа өргөн бариад буй талаар мэдээлэв.
ДҮРВЭГСДИЙН АСУУДАЛ
“Их-20” бүлгийн орнуудын төрийн тэргүүн нар дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах шаардлагатайг онцлов. Дүрвэгсдийн их нүүдэл дэлхийн шинж чанартай асуудал бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн үр дагавартай. Тиймээс хүн ардын их нүүдлийн гол шалтгааныг шийдвэрлэх, үүнээс үүдэлтэй хүмүүнлэгийн хэрэгцээг хангах тал дээр хамтран ажиллах байр суурийг илэрхийлэв.
“Их-20” бүлгийн орнууд дэлхийн эрчим хүний аюулгүй байдлыг хангах үүднээс бүхий л чиглэлээр бүх төрлийн эрчим хүчний нийлүүлэлтийг саадгүй хэрэгжүүлэхийг уриалав. Дэлхийн улс орон бүр цэвэр эрчим хүчний өөрийн эх үүсвэрийг сонгох эрхтэй. Түүнчлэн, дээд хэмжээний уулзалтаар энэ үйл явцад шинэ технологийн гүйцэтгэх үүрэг, уламжлалт нүүрс устөрөгчийн эрчим хүний хаягдлыг шийдвэрлэх зорилгоор нүүрстөрөгчийг хадгалах, ашиглах системийг бий болгохын чухлыг онцлов.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭГШ ЭРХ
“Их-20” бүлгийн орнууд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, хөдөлмөрийн зах зээл дээрх хүйсийн, боловсролын ялгааг багасгах үүрэг хүлээв. Хүйсийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэх нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой болохыг нотолжээ.
Эмэгтэйчүүд, охидод боловсрол олгох, бага болон дунд боловсролын чанарыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик зэрэг чиглэлийн боловсрол олгох асуудлыг дэлхийн тэргүүлэгч 20 улс орон дэмжихээр болов. Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, удирдах түвшин дэх тэдний оролцоог хангах, ялангуяа хөгжиж буй улс орнууд болон Африк тивийн эмэгтэйчүүдийг онцгойлон дэмжих тал дээр санал нэгджээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
“Их-20” бүлгийн гишүүн орнууд аялал жуулчлал ирээдүйд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйлс байсан хэвээр байх болно гэж үзэв. Энэхүү салбар ажлын байрыг нэмэгдүүлэх, ялангуяа эмэгтэйчүүд, залуучуудын ажил эрхлэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг тул улс орнууд энэ салбарын хөгжлийг дэмжиж ажиллахаар болжээ. Түүнчлэн, тогтвортой аялал жуулчлалыг төлөвлөх, удирдах замаар байгалийн баялгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах амлалт өглөө.
ИНТЕРНЕТ ДЭХ ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ
“Их-20” бүлгийн гишүүн орнууд интернет дэх алан хядах ажиллагаа, хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү санаачилгыг энэ оны гуравдугаар сард Крайстчестерийн сүмд болсон халдлагад олны анхаарлыг хандуулахыг зорьж буй Австрали дэвшүүлсэн билээ. Хамтарсан мэдэгдэлд орсон энэхүү заалт эл хадлагад үндэслэсэн бөгөөд ийм төрлийн халдлага гарахаас урьдчилан сэргийлэх байр суурийг бүлгийн бүх гишүүнд бүрэн дүрэн дэмжлээ гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон онцолсон юм.
ТООН ЭДИЙН ЗАСАГ
“Их-20” бүлгийн гишүүн орнууд болон Испани, Чили, Нидерланд, Сенегал, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг улсын төрийн тэргүүн нар тоон технологи нийгэм, эдийн засгийн салбар бүрийг өөрчилж, тоон мэдээлэл нь эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр нь болж, тоон технологийг үр дүнтэй ашиглах нь бүх нийтийн сай, сайхан амьдралын эх сурвалж болно гэдэгт санал нэгджээ. Инновацыг хөгжүүлэх зорилгоор тоон мэдээлэл, тоон эдийн засгийн боломжийг ашиглахын тулд үндэсний болон олон улсын түвшинд хэлэлцүүлэг явуулах нь чухал байна гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Японы Осака хотноо энэ сарын 27-28-ны өдрүүдэд болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтаар тодорхой шийдвэр гараагүй ч дэлхийн тэргүүлэгч хорин улс дэлхийн худалдааны системийг боловсронгуй болгох, дэлхийн өмнө тулгарч буй аливаа асуудлыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх тал дээр санал нэгдэж, хүчин чармайлт гаргах амлалт өгсөн нь энэхүү уулзалтын эерэг үр дүн байв. Мөн дэлхийн дахины анхаарлыг хамгийн ихээр татсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нар худалдааны хэлэлцээрээ сэргээх тохиролцоонд хүрч чадлаа.
Дээд хэмжээний уулзалтад 37 улс орны төр, засгийн тэргүүд, Европын холбооны төлөөлөгчид зэрэг 30 мянга орчим төлөөлөгч оролцож, уулзалтын үйл ажиллагааг хоёр мянга гаруй сэтгүүлч, хэвлэлийн ажилтнууд сурвалжилжээ.
“Их-20” бүлгийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүний 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Японы 2.7 сая хүн амтай Сакисима хиймэл арал дээр болсноороо онцлог.
Дараагийн буюу 15 дах удаагийн дээд хэмжээний уулзалт 2020 онд Саудын Арабд болно.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913