“Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтуудаар дэлхийн тэргүүлэх улс гүрнүүдийн тэргүүн нар эелдэг, найрсаг уур амьсгалд чухал ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцдэг байсан үе саяхан. Энэ нь Доналд Трампаас өмнө байсан. АНУ-ын ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа олон улсын дээд хэмжээний уулзалтын нарийн дэглэж, бичсэн урлагт жүжиг, хурцадмал болон тодорхойгүй байдлыг авчирсан. Зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Японы Осака хотноо болох “Их-20” бүлгийн улс орнуудын тэргүүн нар уулзалтад бэлтгэх зуур Трамп мөн адил өөрийгөө хурцалсаар. Тэрбээр Хятад улстай үүсгээд буй худалдааны мөргөлдөөнийг эдийн засгийн дайн болгож хурцатгана хэмээн сүрдүүлж, Осакагийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлэв. Тэрбээр мөн худалдааны “буугаа” Европын холбоо, Япон руу чиглүүлж, автомашинд гаалийн татвар ногдуулна хэмээн сүрдүүлсэн.
Осакад болох томоохон арга хэмжээнээс илүү Трамп, БНХАУ-ын дарга Ши Жинпинь нарын уулзалтыг санхүүгийн зах зээл анхааралтай ажиглана. Тус хоёр улсын албаны эх сурвалж болон шинжээчид энэхүү уулзалтаар сайнаар бодвол АНУ-ын зүгээс шинэ татвар ногдуулах явдлыг завсарлах, энэ оны тавдугаар сард тасалдсан худалдааны яриа хэлэлцээг сэргээж чадна гэж таамаглаж байна. Ийм эвлэрэл өнгөрсөн оны тодорхойгүй байдлын хугацааг сунгах ч, ядаж богино хугацааны энх тайвны найдварыг төрүүлнэ. Харин муугаар бодвол худалдааны хурцадмал байдлыг хүйтэн дайныг шинээр эхлүүлнэ. Хэрэв энэхүү уулзалт болохоосоо өмнө цуцлагдах эсвэл Трамп, Ши нар баттай тохиролцоонд хүрч эс чадвал дэлхий дахин хоёр их гүрний сөргөлдөөний гэрч болж, санхүүгийн зах зээл дээр ноцтой хямрал үүсэж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг сааруулах болно.
Ши эх орондоо эдийн засгийн болон улс төрийн хүндрэлүүдтэй нүүр тулаад байгаа. Хятадын эдийн засаг сулрахын хэрээр худалдааны дайн хүнд цохилт өгөх нь ойлгомжтой. Хонконгод болж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан Хонконгийн засаг захиргааг сэжигтэй этгээдийг шилжүүлэн өгөх шинэ хууль батлахаас ухрахад хүргэсэн. Трампын гар мөн хүчтэй эсэх нь тодорхойгүй. Түүний гаалийн татварын үр нөлөө эдийн засгийн үзүүлэлтэд тусгалаа олж эхэлсэн. Трамп ч тэр, Ши ч тэр эх орондоо хүчтэй байж, эдийн засаг хямрахаас өмнө худалдааны тэмцлээ шийдвэрлэх гэсэн дарамт, шахалттай нүүр тулаад байгаа. Осакад эвлэрэх боломж бий. Гэхдээ урт хугацааны энх тайвныг тогтооход хүнд байх нь дамжиггүй.
ШИ ХЯТАДЫГ ӨӨРЧЛӨЛГҮЙГЭЭР ТРАМПЫН ХЭРХЭН ЯЛАХ ВЭ?
Хятадын хамгийн хүчирхэг удирдагч томоохон сорилттой тулгараад байна. Трампын засаг захиргаатай хийж буй худалдааны дайн Хятадын эдийн засгийн загварын амин сүнс болон ирээдүйд хөгжлийн гол тулгуур болох шинэ технологийн салбарт ноёрхох боломжийг нь ганхуулж байна. Худалдааны дайныг үл харгалзан Хятадын актив өнөөг хүртэл өндөр хэвээр байгаа. Тус улсын үнэт цаас энэ жил хамгийн сайн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд юанийн ханш тогтворжсон. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт 1990-ээд оныхтой харьцуулбал удааширсан.
Үүнтэй зэрэгцэн Шигийн хатуу гадаад бодлого улс төрийн болон бизнесийн холбоотнуудаас нь холдуулж, олон улсын нийгэмлэгийн Хятадад итгэх итгэлийг сулруулж байна. Осакад болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр болох Трамп, Шигийн уулзалт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Худалдааны дайныг шийдвэрлэх, дэлхийн хамгийн гол эдийн засгийн харилцааг хэвийн байдалд оруулах нь Хятадын тэргүүн зэргийн зорилт бөгөөд үүнд хүрэх цорын ганц зам нь АНУ-ын ерөнхийлөгчийг ялах явдал юм. Энэ бол Ши болон түүний засаг захиргаанаас авч буй хамгийн том шалгалт болох юм.
2020 онд дахин сонгогдох зорилго бүхий Трампын хувьд Бүгд найрамдахчуудын болон Хятадтай харилцаагаа сайжруулахыг хүсэж буй бизнесийн хүрээнийхний санаанд нийцсэн шийдлийг олох нь чухал. Шигийн хувьд тохиролцоонд хүрэх зам бартаа ихтэй. Хэдийгээр Америкийн компаниудад цохилт өгөх, АНУ-ын засгийн газрын өрнөөс Хятадын томоохон холдингуудыг салгах боломжтой ч энэхүү шийдэл нь эргээд Бээжинг бай болгох эрсдэлтэй. Трампын тавьж буй гол шаардлага нь Хятадын эдийн засгийг төрийн өмчит аж ахуйн нэгжүүд болон намын ноёрхлын үнээр либералчлах явдал юм. Гэтэл Ши бүх насаараа үүний төлөө тэмцэж ирсэн. Худалдааны дайныг төгсгөхийн тулд Ши хэзээ ч буулт хийхгүй тэр зүйлээ өгөх хэрэгтэй болох магадлалтай. Тэр зүйл бол хяналт юм. Энэ бол Шигийн хамгийн том сорилт юм.
Өнөөгийн хурцадмал байдал Шигийн хүсэж байсан зүйл огт биш. 2012 онд төрийн эрхэнд гарснаас хойш Хятад улс шийдэмгий гадаад бодлого явуулах болсон. 2017 онд Хятад улс АНУ-ын THAAD пуужингийн систем байрлуулсан Өмнөд Солонгосын эсрэг эдийн засгийн арга хэмжээ авч эхэлсэн. Нэг жилийн дараа буюу 2018 онд Шигийн засгийн газар мөн ийм аргаар Huawei компанийн санхүүгийн захирал баривчлагдсан нь Канад улсад дарамт үзүүлэв. Энэ бүх үйл явц АНУ-ын бодлоготой холбоотой ч Хятад улс АНУ-ын дургүйцлийг хүргэхээс зайлсхийсэн билээ. 1960-аад оноос хойш гарч ирсэн АНУ-ын Ерөнхийлөгчдөөс Хятадын эсрэг Хамгийн хатуу бодлого явуулж буй Трампад Хятад улс хүлээцтэй хандсан. Тэрбээр сонгогдсоныхоо дараахан Тайваны Ерөнхийлөгч Цай Ин-Вэнтэй утсаар ярьж, хоёр улсын харилцааг хямралд оруулах эрсдэлтэй алхам хийж байсан билээ. Гэвч Ши Трампын энэхүү үйлдлийг илт буруушаахаас түдгэлзсэн. Үүний оронд тэрбээр Трампыг олон нийтийн өмнө Нэг Хятад бодлогыг дэмжиж буй талаар мэдэгдэхээс нааш Трамптай уулзаж, ярилцахгүй гэж Вашингтонд ойлгуулсан. 2017 оны хоёрдугаар сард Трамп Шитэй утсаар ярихдаа АНУ-ын Нэг Хятад бодлогыг дэмжиж буй байр суурийг нотолсны дараа хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд яриа хэлэлцээ сэргэсэн билээ.
“Хадсоны хүрээлэн”-гийн судлаач, Австралийн гадаад хэргийн сайдын зөвлөх асан Жон Лигийн хэлснээр, Хятадын Коммунист нам гадаад бодлогодоо шатлан захирах ёсыг хатуу баримталдаг. Харин зөвхөн АНУ Хятадын дээр байдаг улс. Энэ байр суурь үнэн эсэхийг “Их-20”-ийн уулзалт харуулна. Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах, Huawei компанийг шахах, АНУ-ын компаниудыг үйлдвэрээ өөр газарт шилжүүлэхийг шаардах зэрэг Трампын худалдааны дайны тактик Хятадын аль ч удирдагчийг хатуу хариу арга хэмжээ авахад хүргэх нь тодорхой. Магадгүй, Шид сонголт бага байсан байх. Эдийн засгийн эрсдэл өндөр.
Huawei болон ZTE зэрэг компанийг дэмжих нь Хятадын өндөр технологи, бараа бүтээгдэхүүн экспортлох чадварт ихээхэн ач холбогдолтой. Учир нь хөдөлмөрийн хөлс нэмэгдэж буй явдал аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй юм. Энэхүү шилжилт гарах хүртэл аж үйлдвэрийн салбар гол ажил олгогч салбар хэвээр байх ба энэ нь нийгмийн тогтвортой байдлын гол үндэс юм. Үүнээс гадна Шигийн хувьд улс төрийн эрсдэлүүд гарч ирж байна. Саяхан UBS AG судалгааны компанийн эдийн засагч Хятадын гахайны талаар таагүй зүйл хэлсэнд дургүйцсэн Хятадын иргэд олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлээ хэрхэн илэрхийлж байснаас үзвэл Хятадын олон нийт доромжлолд хэт мэдрэг ханддаг болохыг илтгэв. Хятадын хүсэл зорилготой харшилж буй бусад улсын аливаа үйлдлийг хүлээж авахгүй, шийтгэх ёстой гэсэн санааг Ши АНУ-д ойлгуулах ёстой. Хятад үүнийгээ газрын ховор элементийн экспортоо хязгаарлах, FedEx корпорац хүргэлтийг шалгах замаар ойлгуулахыг оролдсон. Түүнчлэн АНУ-ын компаниудыг “найдвартай бус аж ахуйн нэгж” гэх хар дансанд оруулна гэж сүрдүүлсэн юм.
Цагаан ордонд хөл тавьснаас хойш Трампын үзэл бодол нүүр тулсан уулзалтын дараа эрс өөрчлөгддөг гэдгийг олон орны тэргүүн нар ойлгосон бол Ши эсрэгээр гаднынхны дунд нэр хүнд сайтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аргентинд болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Шитэй хийсэн уулзалтын үр дүнг Трамп өндрөөр үнэлж, хоёр улсын харилцаанд том үсрэлт гарлаа хэмээн ярьж байсан билээ. Шигийн асуудалд анхааралтай хандаж, ихээхэн мэдээлэлтэй байдгийг гаднынхан шагшран ярьдаг. Хятадад суугаа гаднын элчин сайд нар тухайн улс оронд нь болж буй үйл явдлын талаар мэдээлэл, мэдлэгтэйгээр асууж, тодруулдаг тухай дурсан ярьдаг аж. Дээд хэмжээний уулзалтад мөн ингэж ханддаг. Бээжинд болсон “Бүс ба Зам” форумын үеэр Ши илтгэгч бүрийг танилцуулж, тэдний талаар халуун дулаан үг хэлж, тухайн улс орных нь талаар магтаалын үг хэлж байжээ. Тиймээс Ши-д худалдааны яриа хэлэлцээг сэргээх тал дээр Трампын дэмжлэгийг авах боломж бий.
Сэтгэгдэл ( 0 )