“Их-20” бүлгийн удирдагчид түүхэнд анх удаа дээд хэмжээний видео уулзалтыг энэ сарын 26-нд хийлээ. Шуурхай хуралдаанаар талууд коронавирусний тархалт, цар тахлын эдийн засгийн үр дагавартай тэмцэх чиглэлээр авч буй арга хэмжээг уялдуулах асуудлыг хэлэлцжээ.
Дээд хэмжээний уулзалтын дүнгээр “Их-20” бүлгийн орнууд коронавирусний цар тахлын эсрэг нэгдсэн фронтоор тэмцэх, цар тахлын эдийн засгийн үр дагаврыг даван туулахад зориулж таван их наяд ам.долларыг дэлхийн эдийн засагт оруулах, олон улсын чөлөөт, тогтвортой худалдааг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг уялдуулах, цар тахлын эсрэг ДЭМБ, НҮБ, ОУВС-тай хамтран тэмцэх, коронавирустэй тэмцэхэд зориулж ДЭМБ-д хөрөнгө гаргах, ДЭМБ-ын бүрэн эрхийг нэмэгдүүлэх зэрэг тохиролцоонд хүрчээ.
Түүнчлэн “Их-20” бүлэг ОУВС болон Дэлхийн банкнаас цар тахлын эдийн засгийн үр дагаврын талаарх мэдээллээр тогтмол хангах, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагыг цар тахал дэлхийн хүн амын ажил эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийг судалж, хянахыг хүсжээ.
Талууд цар тахлын нөхцөл байдалд төв банкнуудын авч буй арга хэмжээг сайшааж, Токио-2020 их наадмыг хойшлуулах тухай Олон улсын Олимпын хорооны шийдвэрийг болон ОУВС, ДБ-ны тусламж шаардлагатай байгаа улс орнуудад тусламж үзүүлж байгааг сайшаан дэмжжээ.
Сэтгэгдэл ( 0 )