Трамп Ши Жинпинь, Путин нартай Японд уулзана

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Осака хотноо болох Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг хэд хэдэн улсын төрийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Тэрбээр мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Германы Канцлер Ангела Меркел, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисонтой уулзалт хийнэ. Үүнээс гадна, Цагаан ордны тэргүүн Саудын Арабын хунтайж Мохаммад бин Салмантай хэлэлцээ хийх бөгөөд АНУ, Ираны харилцаа хурцдаж буй энэ үед эл хэлэлцээ ажиглагчдын анхаарлыг татаж байна. Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр буюу энэ бямба гарагт Трамп, Ши Жинпинь нар уулзах тов тогтжээ.

Дээд хэмжээний уулзалтын дараа Доналд Трамп Сөүлд айлчлал хийх бөгөөд хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүсэд очих эсэхэд албаны эх сурвалж тодорхой хариу өгөөгүй байна. Гэхдээ Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар төлөвлөөгүй хэмээн эх сурвалж онцолжээ. Трамп, Ким нар хоёр удаа буюу Сингапурт 2018 оны зургаадугаар сард, Ханойд 2019 оны хоёрдугаар сард уулзаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top