“Их-20” бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт Японы Нагоя хотноо болно.
Зохион байгуулагчдын мэдээллээр, сайд нар худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, тоон системд шилжихтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Уулзалт чөлөөт худалдааг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, Африкийн хөгжил гэсэн гурван үндсэн сэдвийн дор болно гэж Японы гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу онцолжээ.
Энэ жил Япон улс “Их-20” бүлгийг даргалж байгаа бөгөөд ирэх жил “Их-20” бүлгийн арга хэмжээнүүд Саудын Арабт болох юм. “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт ирэх жилийн арваннэгдүгээр сард Эр-Риад хотноо болно.“Их-20” бүлэгт Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, БНСУ, ӨАБНУ, ОХУ, Саудын Араб, Их Британи, АНУ, ЕХ ордог. Ногаягийн уулзалтад тус бүлэгт ордоггүй Испани, Нидерланд, Вьетнам зэрэг улсын төлөөлөгчид урилгаар оролцох юм.
Арга хэмжээ өнөөдөр /2019.11.22/ орой Нагоя хотын 400 гаруй жилийн түүхтэй Кавабун ресторанд болох хүндэтгэлийн хүлээн авалтаар эхэлнэ. Бямба гарагт албан ёсны арга хэмжээнүүд болох юм.
Японы худалдаа, аж үйлдвэрийн хамгийн том төв болох Нагоя хот хүн амаараа тус улсад дөрөвт ордог. Нагоя нийслэлтэй Аичи муж самурайтай холбоотой баян түүхээрээ алдартай юм.
Сэтгэгдэл ( 0 )