“Хулгайлагдсан” гэх Тутанхамуны цээж баримал 6 сая ам.доллароор зарагджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Гурван мянган жилийн настай Тутанхамун фараоны цээж баримал дуудлага худалдаагаар 4.7 сая евро буюу зургаан сая ам.доллароор зарагджээ.

Үүнээс өмнө Египет улс дуудлага худалдаа зохион байгуулагч Christie's компанийг энэхүү дуудлага худалдааг цуцлахыг уриалж байсан юм. Тус улсын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр эртний Египетийн залуу фараон Тутанхамуны цээж баримлыг 1970-аад оны үед Египетийн нэгэн сүмээс хулгайлсан гэж үзэж байгаа юм байна. Christie's компанийн зүгээс өмнө нь эл баримал үзэсгэлэнд тавигдаж, олон нийтэд үзүүлж байхад Египетийн тал ямар нэгэн асуудал тавьж байгаагүй гэж хариу мэдэгдсэн байна. Эртний урлагийн бүтээл цуглуулагчийн хувийн цуглуулгад байсан эл хүрэл кварцитаар бүтээсэн 28 см хэмжээний баримлыг өмнө нь Christie's 2016 онд 3 сая еврогоор зарж байжээ. “Энэхүү үнэт бүтээл хэзээ ч хулгайлагдаж байгаагүй бөгөөд Christie's компани ямар нэгэн асуудалтай эд, хэрэглэл хэзээ ч дуудлага худалдаагаар оруулж байгаагүй” гэж тус компани албан ёсоор мэдэгджээ.

Тус компани маргаан дэгдээгээд буй баримлыг сүүлийн 50 жилд хэн хэн эзэмшиж байсан баримтыг мөн гаргасан байна. Баримтаас үзвэл, 1973-1974 оны хооронд Германы сурвалжит хунтайж Вильхельм фон Турн Тутанхамун фараоны цээж баримлыг худалдан авч байжээ. Цээж баримал олон жилийн туршид үзэсгэлэнд тавигдаж, олны хүртээл болсон бүтээл гэж тус компани тайлбарласан байна.

Египетийн эртний эдлэлийн сайд Захи Хавасс Францын мэдээллийн AFP агентлагт өгсөн ярилцлагадаа Тутанхамун фараоны цээж баримлыг 1970-аад оноос хойш авч гарсан гэж үзэж байгаа. Учир нь тэр үед Карнак сүмийн маш олон эртний ховор эдлэлүүдийг хулгайлсан байдаг гэж ярьжээ.

1983 онд тус улс эд өлгийн зүйлсийг хилээр гаргахыг хориглосон хууль баталсан билээ.

Эртний Египетийн Тутанхамун фараон 3000 гаруй жилийн өмнө 19 насандаа нас барсан бөгөөд түүний занданшуулсан шарилыг 1922 онд нээж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top