10 өдөр 1304 км замыг оюун санаа, сэтгэлийн хүчээр л гүйж туулдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

“Эрхэт Монгол” медиа групп “Хариуцлагатай нийгмийн төлөө Хараат бус Сэтгүүлзүй” уриатайгаар “ХХ хөтөлбөр”-өө үзэгч, уншигчдын хүртээл болгоод байгаа билээ. Дэлхийд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа тамирчдын хөдөлмөрийг шударгаар үнэлдэг болохыг уриалж, Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн гурван удаагийн аварга Б.Буджаргалд “Эрхэт Монгол” группээс долоодугаар сарын 13-ны өдөр гурван өрөө байраар мялаасан юм. Ирэх сарын долооны өдөр АНУ-д дараагийнхаа тэмцээнд явахаас нь өмнө Б.Буджаргалтай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

 

-Дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж байна. Сайхан наадав уу, та. Дэлхийн хэт холын зайн гүйлтийн гурван удаагийн аварга болсон танд баяр хүргэе.

-Дэлгэр сайхан зун болж байна. Монголын ард түмэн маань хотол даяараа сайхан наадлаа. Үнэнийг хэлэхэд наадмаа үзэж амжсангүй. Налайхад байдаг гүйлтийн зориулалтын зам дээр л бэлтгэлээ хийж наадах шив дээ. Монгол Улсад ганцхан байдаг, дэлхийн стандартад нийцсэн зам дээр өглөө, өдөр, орой гээд өдрийн гурван удаа байнгын бэлтгэлтэй байлаа.

-Та өдөрт хэдэн километр гүйдэг вэ?

-Өдөрт 40-60 километр гүйдэг. 

-Би таныг 2002 оноос мэднэ. Энэ спортыг анх хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-Манай гэр аймгийн төвөөс таван километрт байдаг байсан. Тэр хооронд гүйчихдэг хүүхэд байлаа. 1995 онд тавдугаар ангид байх үед биеийн тамирын хичээл дээр Доржханд багш маань шонгийн мод тойроод ир гээд таван километрт гүйлгэдэг юм. Ангийнхаа 34 хүүхдээс хоёрдугаарт орсон тэр цаг мөчөөс өөрийгөө гүйлтийн авьяастай юм байна гэж бодох болсон. Өмнөговь аймгийнхаа хөнгөн атлетикийн секцэд явж, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч н.Түвшинбаяр багшийн удирдлагад бэлтгэл сургуулилт хийгээд 2000 он хүртэл улсын аварга шалгаруулах тэмцээн, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож медаль хүртэж мэргэжлийн тамирчин болсон. Харин 2000 онд хотод оюутан болж ирээд гүйлтээ түр орхиж байлаа. 

-2000 оноос хойш та гүйлтээ орхиод шашин, улс төр, бизнес, олон нийтийн ажлыг нэлээн хийсэн байх аа?

-Оюутан байхдаа 2001 онд “Монголын Буддист залуучуудын холбоо”-г байгуулж байсан. Оюутны холбоо, Залуучуудын холбооны ажлуудад идэвхтэй оролцдог оюутан байлаа. Өмнөговь аймгийн харьяат уулын спортын Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 онд Эверест оргилд гарч байсан тэр үеэс уулын спортыг сонирхож, мэдэрч, анх Цэцээ гүний оргилд гарсан. Дараа нь 2006 онд уулын спортынхноо дагаж Алтай таван богдын Хүйтэний оргилд гарч байсан юм. Та бид хоёр хамт гарч байсан даа.

-Тийм шүү. Их Монгол Улс байгуулагд­саны 800 жилийн ойгоор гарч байсан даа. Тэрнээс хойш хэчнээн оргилд гарав?

-Цамбагарав, Мөнххайрхан, Хархираа, Их Богдын оргилд гарсан. Цаашлаад Энэтхэг, Түвдийн олон оргилд мөрөө гаргасан.

-Уулын спортын хувьд гавьяат тамирчин Г.Өсөхбаярын нөлөө, түшиг тулгуур багагүй байсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Тэр хүний зөвлөгөө, удирдлага дор ууланд авирсны зэрэгцээ  2008 онд Бээжингийн олимпод оролцож буй тамирчдадаа зориулж Улаанбаатараас Бээжин хүртэл бүтэн сарын хугацаанд 1500 километр гүйж байсан. Тэр цагаас хойш олон өдрийн хэт холын гүйлтийн төрөлд эргэж орсон доо. Монголд болдог хэт холын тэмцээн нь 24 цагийн гүйлт байдаг. 2010 онд тэр тэмцээнд орсноос хойш 2011, 2012, 2013 онд дараалан түрүүлсэн. 2013 онд нэгдүгээр байранд орохдоо Монгол Улсын рекорд тогтоож байв шүү дээ. 

 

 

Гүйлт гэдэг махан бие махбодын биш

зүрх сэтгэл, оюун санааны л спорт юм.

 

-Тантай хамт Монголын томоохон тамирчид гүйсэн үү?

-Тэр үед Өмнөговь аймгийн Биеийн тамирын хорооны дасгалжуулагч Хадбаатар гэдэг тамирчин 24 цагийн дотор 167 километр гүйж рекорд тогтоосон байсан. Тэр рекордыг би 2013 онд 180 километр гүйж эвдсэн.

-Одоо энэ рекорд эвдэгдсэн үү?

-Энэ рекорд эвдэгдсэн. Хэт холын зайн гүйлтээр хичээллэдэг тамирчин олон болсон. 2014 оноос хойш би Америкт болдог олон өдрийн гүйлтэд орж эхэлсэн. Зургаан өдрийн тэмцээнд анх орж тавдугаар байрт шалгарсан. Гадаад улсад хоёр, зургаа, арван өдрийн гүйлтийн төрөл байдаг.

-Арван өдрийн гүйлт гэдэг нь хам­гийн хүнд шалгууртай нь байх нь ээ. Тэм­цээнүүддээ хэр амжилттай оролцож байв?

-Тийм. 240 цагийн гүйлт гэсэн үг. Тэмцээн тасралтгүй болж байх ч дунд нь унтаж, амралгүй яах вэ. Хэт холын гүйлтийн тэмцээнд жил бүр тасралтгүй орсон. Нийт долоон тэмцээнээс гуравт нь түрүүлж, бусдад нь хоёрт, гуравт, тавт орсон байна.

-Буджаргал гүйгээд л байдаг, яг хэзээ ямар ямар амжилт гаргаж байсан бэ гэдгээ тоймлоод яривал сонин байх?

-2014 оны зургаан өдрийн тэмцээнд бэлтгэл хийсэн юмгүй ганц нэг шогшиж байгаад орсон боловч амжилттай оролцсондоо гайхсан л даа. Өөрийгөө ялах гэдэг шалгуур нь өдөрт доод тал нь 80 километрээс дээш гүйж байж 480 километр хүрнэ. 480 километрээс дээш гүйсэн тамирчинд өөрийгөө ялсанд тооцож цом өгдөг. Би 485 километр гүйж цом авсан. Монгол хүн анх удаа ийм тэмцээнд амжилт гаргаад ирлээ гээд Шинжлэх ухааны академийн эрдэмтэд уулзалт хийсэн. Цэрэн гэдэг эрдэмтэн “Чиний амжилтад нэг нууц байна” гэсэн. “Ямар” гэж асуусан чинь “Говь гэдэг нууц байна” гэж хэлсэн. Яагаад говь байдаг юм бол гэхээр Монголын говь гэдэг хүнд хэцүү, хатуу ширүүн уур амьсгалтай байгалийн шалгарлаар тэмцэн амьдардаг. Нэг  ч бороо ороогүй байхад цэцэглээд ургаж л байдаг заг мод байна, хэдэн өдрөөр ус уугаагүй хэр нь жин тээгээд явж л байдаг тэмээ байна. Үүн шиг байгалийн тэсвэр хатуужил суусан зохилдлогоо бий. Насан багаасаа би ч гэсэн говийн угалз шороонд мал хариулаад гүйж л байсан, эсэргэн цасан шуургыг нь, ээрэм халуун нарыг нь тэсээд, даваад, туулаад ирсэн. Хөл цэврүүтэх, усан бороо орох, өлсөх, цангах, яс янгинах, өвдөх зэргийг тэсэж гарах тэвчээр, шалгуурыг энэ ахуй амьдралын нөхцөл байдалтай минь холбож эрдэмтэд тайлбарлаж байсан л даа.

-Таны ярианаас Эверестийн оргилыг хоёронтоо эзэлсэн Өсөхбаяр болоод таны амжилтууд говийн хүний шандас, тэвчээр, хат чанар, яс чанартай холбоотой юм гэсэн эрдэмтдийн санал байгаа юм байна. Ер нь монголчууд тэсвэр хатуужилтай улс шүү дээ?

-Ер нь хэт холын гүйлтийн тэмцээнд Азиас тун цөөн хүн оролцдог. Монгол Улсаас анх удаа хүн оролцсон учраас хэвлэл мэдээлэл нь ч их сонирхож байсан. Нью-Йоркын алдартай сэтгүүл “Валл стрийт журнал”-д зураг маань гарч байлаа.

-2014 оны зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд хэдэн улсаас тамирчин оролцсон бэ?

-Тэр тэмцээнд 100-аас дээш хүн оруул­даггүй. Замын даац, дэд бүтэц, зохион байгуулалт зэргээс шалтгаалж тоо заасан байдаг. Зургаан өдөр гүйх чадвартай ч хүн олон байдаггүй. 30-40 орны 100-аад тамирчин орсон. Дэлхийн хамгийн холын гүйлт нь 50 хоногийн дотор 5000 километрийн гүйлт байдаг.

-Уулын спорт бол уралддаггүй, оргилд гарсан л бол өөрийгөө ялсанд гэж тооцдог гэдэг дээ. Гэтэл 5000 километр гэдэг хүний санаанд оромгүй юм?

-5000 километр гүйсэн л бол ялсанд тооцно. Гэхдээ бусдаас түрүүлж барианд орно гэдэг гайхамшиг. Өөрөө өөрийгөө ялж замаа дуусгаж байгаа нь сайхан боловч өрөөл бусдыг ялан дийлээд дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд туулагч гэсэн нарийн шалгууртай болох миний цаашдын зорилго.

-Таны хамгийн сүүлийн гоц амжилт бол 10 өдрийн гүйлтийн 1304 километр замыг туулсан явдал байлаа. Таны лайвыг үзэж байхад турж эцээд, бие нь яаж байгаа бол гэмээр хэцүү санагддаг. Яг энэ хэцүү бэрхийг хэрхэн туулж, өөрийгөө зоригжуулдаг вэ?

-Мэдээж хүн бүхэн ядарч, бие махбод өвдөж байгаа. Өөрийгөө зоригжуулахын тулд дотоод эрчим хүч энерги, далд ухамсар, сэтгэл зүйгээрээ л гүйдэг. Хэн өвчнийг мартаж байна тэр л гүйнэ.

-Өвчнөө яаж мартах юм бэ, өвдөөд байхад мартана гэдэг худлаа юм биш үү?

-Өвчнөө мэдрэх үе байна, мартах үе байна. Хүнд өвчнөө тэсвэрлээд ирэнгүүт оюун санааны хувьд транс буюу бясалгалын өндөр түвшинд очиж ахуй орчноосоо тасардаг.

-Санаанд багтамгүй юм. Намайг 10 цаг гүй гэвэл өнхрөөд унах байлгүй дээ, гэтэл 10 өдөр унтахгүй гүйнэ гэдэг хүний бие физиологийн боломжийг давсан хүч биш гэж үү?

-Хүн оюун тархиныхаа гурваас таван хувийг л ашигладаг. Эйнштейн 15 хувийг ашиглаж байсан гэдэг. Бид тархиныхаа илүү хувийг ашиглавал боломж их байна. Миний хувьд хэдэн хувийг ашиглаж байгаагаа мэдэхгүй, энгийн үеэс илүү ашиглаж байж л илүү амжилт гаргаж байгаа байх. Хүн гүйж байхад цусны эргэлт сайжирч тархинд очих цусан хангамж ихэссэнээр тархины үйл ажиллагаа сайжирна гэсэн үг. Гүйлт гэдэг махан бие махбодын биш зүрх сэтгэл, оюун санааны л спорт юм.

-Та бол бясалгалын хүчээр л гүйдэг гэлээ. Яг тэр үедээ юу мэдэрдэг вэ?

-Би бясалгал хийж байгаагүй хэр нь тийм мэдрэмжийг авдаг. Сүүлд гүйж байхад миний биед ямар ч ядралт, өвчин байхгүй болчихсон. Тав дахь өдрөөсөө аахилах уухилах амьсгаа ч байхгүй, зүрх ч хүчтэй цохилж байгаа нь мэдрэгдэхгүй, жирийн хүний тайван амьсгаа, хэмнэлтэй болчихсон. Энэ бол бясалгал хийдэг хүний хувьд дотоод далд ухамсрын өндөр түвшинд орчихсон үед л тийм мэдрэмж авдаг юм байна л даа. Эрт дээр үед агуйд бясалгал хийдэг лам нар олон өдөр юм идэхгүй агаараар хооллодог шиг л яг л тийм түвшин рүү очно. Оюун тархи, сэтгэл санаа болоод бие махбод хоосон чанар руу очиж амраад, гүйлт нь механик машин шиг болчихоор ямар ч ядралт байхгүй, унтаж амарч байгаатай агаар нэг болно.

-Агаараар хооллодог гэснээс та уралдааны явцад юу иддэг вэ?

-2014 оноос өмнө юу ч хамаагүй иддэг байлаа. Махнаас гараад зургаан сар болж байна. Бэлтгэл хийх үедээ жимс идээд, жимсний шүүс уусан. Саяын тэмцээнд арван өдрийн турш нэг ч хоол идсэнгүй ус уусангүй, зөвхөн жимс идэж, жимсний шүүс уусан. Бие махбод эрч хүчтэй, хөнгөн шингэн сайхан болдог. Мах шөл санаанд орохгүй, айраг ааруул, цагаан идээгээ эх орондоо ирээд хааяа хэрэглэж байна. Хооллолт маш чухал юм байна.

-Энэ жил оролцсон хоёр том тэмцээн болох арав болон зургаан өдрийн гүйлтийн бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-Монголоос өнгөрөгч 12 дугаар сард явж, нэгдүгээр сард Аризонад зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд орж түрүүлсэн. Нью-Йоркт нэг сар, Хятадад нэг сар бэлтгэл хийсэн. Тухайн тэмцээн болох газрынхаа уур амьсгалд дасгаж бэлтгэл хийдэг. Бэлтгэлийн хажуугаар хооллолтоо зөв зохицуулахаар арван өдрийн гүйлтээр хоёрдугаар байранд орж байгаа хүнээс 150 километрээр буюу бүтэн өдөр, хагастай, гучин цагаар түрүүлсэн явна. Гүйлт тутамдаа амжилтаа ахиулж байгаа нь сэтгэл санааны бэлтгэлтэй холбоотой.

-Миний мэдэхийн та сэтгэл хөдлөл багатай шиг санагддаг. Энэ онцлог хэрэг болсон уу?

-Уйлах, омогших, бахдах, бахардаж, огших зэргээр сэтгэл хөдлөл их илэрдэг спорт. Арван өдөр гүйж байхад өдөр бүхэн уйлах шалтгаан гарна шүү. Энэ бол ядарч цөхөрч биш баярлаж байгаадаа юм. Тиймээс энэ сэтгэл хөдлөлөө дарж, ухаан санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй. Хүний урмын үгээр хөглөгдөж хүч орно, монгол сайхан дуугаа сонсохоор бяр амтагдана. Тэр үед их эмзэг болчихдог. Дэмжиж байгаа гадаадын сэтгэл зүйч нар их ончтой үг хэлнэ л дээ. “Чиний цусаар Чингисийн цус гүйж байгаа болохоор чи чадна” гээд хэлэхээр л дэлхийг тойрохоор чадал тэнхээ ордог.

 

 

Би заавал түрүүлнэ, түрүүлж чадахгүй бол

энэ зам дээр үхье гэсэн хоёрхон сонголттой л байсан.

 

-Сүүлийн тэмцээнд монголчууд их дэмжихээр ирсэн байсан уу?

-Жил бүр ороод байхаар олон хүн мэддэг болсон. Жимс, хоол цай, санхүүгээс эхлээд нарны тос, шархны боолт, пүүз гутал гээд тал талын туслалцаа үзүүлэхээр хүмүүс ирдэг. Бэлдэж ирсэн арваад пүүзээс хөлд эвтэйхэн, тохирох пүүз нь 300 ам.долларын пүүзнээс илүү 50 ам.долларын пүүз нь эдэлгээ дааж байгаа юм. Үнэ сонин биш юм байна лээ. Энэ дашрамд намайг дэмждэг Н.Наранбаатар даргатай Өмнөговь аймгийн ЗДТГ, “Фортуна голд” групп, “Таван толгой” хувьцаат компани, “Гурван гал” эмнэлэг, “Оранж” шүдний эмнэлэг, “Лазер” эмнэлэг, “Нью-Йорк Монгол” болон “Вашингтон Монгол”-ынхондоо талархсан сэтгэлээ илэрхийлье.

-Үүнээс гадна хүний сэтгэлийг усалж тордож байдаг үгээр хэлшгүй сайхан мэдрэмж гэж байдаг даа?

-Байлгүй яах вэ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хязгааргүй их аз жаргалыг өөрийн эрхгүй мэдрэх үе байна. 2015 онд анх удаа арван өдрийн гүйлтийн тэмцээнд орж байхдаа дэлхийн бөмбөрцгийг гар дээрээ эргүүлж буйтай адилхан, бурхдаас илүү бурхан болсон мэт мэдрэмжийг авч байсан. Тэр мэдрэмж дахин давтагдашгүй өөр өөр байдаг л даа. 2017 оны тэмцээнд мэдэрсэн мэдрэмж гэвэл газар дэлхийн өнгө өөрчлөгдөөд үл үзэгдэгч хүнтэй ярилцсан. Тэр хүн хөлд минь нисдэг бөмбөг ивж өгч байгаа юм. Би ”Нисдэг бөмбөг авчихаад, энэ тэмцээнд ганцаараа түрүүлээд шударга биш тэмцээн болох юм биш үү” гэхэд нөгөө хүн маань хариу хэлэлгүй яваад өгсөн. Тэр жил анхны өдрөөс эхлээд арван өдрийн турш түрүүлсээр байгаад магнайлсан. Хэрэв хэн нэгэн надад мөнгө, байр, нэр төр амласан бол тэр тухайгаа гурван өдөр бодоод гүйхэд л утгагүй, хүчингүй болно шүү дээ. Ядраад үхэх гэж байхад юун байр, мөнгө, нэр төр аль нь ч хэрэггүй шүү дээ. Үхэх гэж байгаа хүнд юу ч хэрэггүйтэй адил дотоод хүчний бурханлаг чанараа өөрөө өөртөө нээдэг. Шүүгчид тэр өөрчлөлтийг анзаарсан байдаг юм. “Буджаргал тав дахь өдрөөс эхлээд хэзээний туршлагатай, од гүйгч шиг гүйж эхэллээ” гэсэн байдаг.

-Энэхүү нисдэг бөмбөлөгтэй яриа зарим хүмүүст үнэмшилтэй, зарим хүмүүст эргэлзээтэй байгаа байх л даа. Таны дотроо бүтээсэн энерги ямар нэг байдлаар байгаа учраас цаашаа гүйжээ?

-Би заавал түрүүлнэ, түрүүлж чадахгүй бол энэ зам дээр үхье гэсэн хоёрхон сонголттой л байсан. Амь хайран биш, үхлээс айхаа больчихдог. Уулын оргилын тамирчид үхлээс айхгүй учраас л авирдаг шиг, авирсан учраас оргилд гардаг шиг бусад спортын хувьд ч хүн амжилт гаргахын тулд үхлээс айж болохгүй. Өөрийгөө ялан дийлж, өөрийнхөө хүчийг тултал нь ашиглаж чадсан хүнд бурхан тэнгэрээс бэлэг хайрладаг гэж би боддог.

-Таны монгол бахархлыг түүчээлэн буухиалах гүйлтийн спорт сонирхож байгаа залуус хэр их байна вэ, шавьтай болох бодол бий юу?

-Миний хувьд 37 настай, хамгийн залуудаа орж байгаа. Дэлхийн дээд амжилтууд 40-50 насандаа гардаг юм байна лээ. 40 хүрсэн эр, дөрөө дарсан ат гэдэг шиг хүн 40 нас хүрч байж илүү өөртөө итгэлтэй, тууштай, шантрахгүй, халирахгүй, зоримог, шийдмэг болдог. Булчин шөрмөс нь зангирсан 20 хэдтэй залуус ордог, ороод ч дийлэхгүй. Энэ философи Америкт ч адил юм байна лээ.

-Монголдоо ирэхэд нь таны амжилтын тухай яриа спортынхны дунд өрнөдөг. Энэ яриа их сонин байгаа байх?

-Ядаж 24 цагийн гүйлтийн тэмцээнд гүйдэг хүмүүс л бага сага гадарлана. Жирийн хүмүүс ойлгоход хэцүү л дээ. Надтай хамт Монголоос оролцсон 66 настай Батсүх гэдэг тамирчин хүн хамгийн хол нь 24 цагийн гүйлтэд гүйж байсан. Зургаан өдрийн гүйлтэд анх удаа ороод “Буджаргал аа, жинхэнэ гүйлт гэдэг чинь энэ л юм байна, миний Ази тивийн гурван удаагийн аварга  юу ч биш юм байна” гэсэн. Мөн олон улсын хэмжээний мастер 45 настай Энхбаатар, 50-аас дээш насны ангилалд түрүүлсэн Батчимэг гэдэг эмэгтэй хамт явсан. Хоёр жилийн өмнө 2017 онд арван өдрийн гүйлтэд 50-аас дээш насны гүйлтэд түрүүлж байсан монгол эмэгтэй байдаг. Энэ бол монгол хүний тэсвэр хатуужлыг харуулсан амжилт юм.

-Таны дараагийн зорилго юу вэ?

-Ирэх сарын долоонд Америк Улс руу явна. Наймдугаар сарын 25-31-ны хооронд Милоуки хотод зургаан өдрийн гүйлт болно. Энэ тэмцээний онцлог нь дээвэр нь битүү цэнгэлдэх дотор 400 метрийн тойрог замаар гүйнэ.  Цаг агаарын хувьд нар бороо гэхгүй, замын хувьд цементэн биш зөөлөн замтай учир рекорд тогтоох боломжтой. Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орны тамирчин орох байх.

-Энэ тэмцээн дээр таны тавьсан зорилт байгаа даа?

-Миний хувьд зургаан өдөрт гүйсэн дээд амжилт гэвэл 2019 оны нэгдүгээр сард 800 километр гүйсэн. Дэлхийн рекорд 1035 километр байдаг. Энэ рекордыг эвдэх зорилготой. Энэ тэмцээндээ бие сэтгэлийн бэлтгэл сайн байгаа.

-Таны хувьд эх орноо гадаад суртал­чилгаанд маш том хувь нэмрээ оруулж байгаа. Их хуралд дэвшихээс илүү их гавьяа, бахархал, хайр хүндэтгэлийг гүйл­тээрээ бүтээж чадаж байгаа гэж бодож байна?

-Тэгэлгүй яах вэ. Дэлхийд Монголын нэрээ гаргаад, хүн гэдэг өөрийн нөөц хүчээ ашиглавал боломжгүй зүйл байхгүй шүү гэдгийг мэдрүүлж, өөрөө өөртөө итгэх эрч хүч, урам зориг өгөх нь надад аз жаргалтай байдаг.Солонгосын Сөүлийн их сургуулийн нэг докторын хэлсэн үг байдаг. Бага байхад нь хүүхдийг буруу юм хийхээр “Монголчуудад өгнө шүү” гэж айлгадаг байсан. Монгол гэхээр сүнсээ зайлтал айдаг байсан. Одоо бол монголчуудаас хэн ч айхгүй болжээ. Хэрэв Чингис хаан тэнгэрээс харж байгаа бол уйтгар гунигтай байгаа даа. Харин үр удам нь хичээл зүтгэл гаргаад жишээ нь чи түрүүлбэл хаан тань баярлаад инээнэ дээ” гэж хэлж байсан. Түүн шиг дотроо хэмлэлдээд байх биш дэлхийд өрсөлдөөч ээ. Анх намайг гүйнэ гэхэд та итгэхгүй байсан шүү дээ. Тэр үед би танаас ч илүү жинтэй байсан даа.

-Таныг тэр үед Бээжин рүү үдэж байхад үнэхээр үл итгэж байснаа нуугаад яах вэ. Өнөөдөр 11 жилийн дараа эргээд харахад тэр эргэлзээг тайлж, давж чадсандаа монгол хүний хувьд, говийн хүний хувьд маш их бахдан баярлаж байна. Танд 2016 онд “Хэрэв дэлхийн аварга болоод ирвэл байр бэлэглэнэ” гэж амлаж байсан. Та гурван удаагийн аварга болчихлоо. Энэ сайхан жишгээрээ дэлхийд монгол хүний тэсвэр хатуужлыг, оюуны цараа, чадал чансааг харуулж яваа тамирчид, эрдэмтдийн хөдөлмөрийг үнэлдэг байгаасай гэж боддог. Ярилцлагынхаа сүүлийн мөчийг таны үгээр өндөрлөе?

-Хүн зорьсон зорилгодоо хичээж зүтгэж чадвал боломжгүй зүйл гэж байдаггүй юм байна. Хүн бүр том зорилготой байж, санасан хүссэндээ хүрээсэй гэж хүсье.

Ярилцсан Х.МАНДАХБАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top