АНУ Турк улсыг F-35 сөнөөгч онгоц үйлдвэрлэх хөтөлбөрөөс хаслаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 18

Турк улс Оросын С-400 зенит пуужингийн цогцолбор худалдаж авсан явдал нь АНУ-ын шинэ үеийн F-35 сөнөөгч онгоц нийлүүлэхтэй нийцэхгүй гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Стефани Гришэм мэдэгдэв.

Тэрбээр F-35 онгоц дэвшилтэт боломжуудыг нь судлах зорилгоор ашиглагдах Оросын тагнуулын мэдээлэл цуглуулдаг төхөөрөмжтэй зэрэгцэн оршиж болохгүй гэж Гришэм тайлбарлав.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын батлан хамгаалахын дэд сайд Эллен Лорд Вашингтон Анкаратай F-35 онгоцны урьдчилсан төлбөртэй холбоотой нөхцөлийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байна гэж мэдэгдэв. Оросын С-400 системийг худалдан авснаар Турк улс ажлын байр болон эдийн засгийн боломжуудаа алдана. Турк F-35 хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд авах есөн тэрбум ам.долларын хувиа авахгүй. Тус улс эл загварын сөнөөгч онгоцны 900 гаруй сэлбэг үйлдвэрлэх боломжоо ийн алдаж байна гэж тэрбээр онцолжээ.

Туркийн гадаад хэргийн яам АНУ-ын эл шийдвэрийг нэг талыг баримталсан, хууль бус алхам гээд хоёр улсын стратегийн харилцаанд хохирол учруулах энэ үйлдлээсээ татгалзахыг уриалжээ.

Энэ үеэр мөн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг С-400 цогцолбор худалдан авсантай холбогдуулан НАТО-гийн нэг ч гишүүн улс Турк улсыг эвслээс гаргах асуудлыг тавиагүй гэж мэдэгдэв. Туркийн С-400 цогцолборуудыг НАТО-гийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд нэгдэхгүй, учир нь эдгээр системүүдийн үйлдэл өөр хоорондоо зохицохгүй гэж тэрбээр нэмж хэлжээ. F-35 эсвэл С-400-тай холбоотой асуудал Туркийн НАТО дахь оролцоотой хамаагүй гэж тэрбээр онцолсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top