Мягмар гарагт Туркийн батлан хамгаалах яам Оросын С-400 зенит пуужингийн цогцолбор тээвэрлэсэн арав дахь онгоц тус улсад газардсан талаар мэдээлэв. С-400 цогцолборыг нийлүүлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа. Энэ хүрээнд цогцолбор ачсан арав дахь онгоц Мюртед цэргийн бааз дээр амжилттай буулаа гэж хэвлэлийн мэдээнд онцолсон байна.
С-400 цогцолборуудыг нийт хэдэн онгоцоор тээвэрлэн авчрахыг албаны эх сурвалж тодруулаагүй.
Турк, АНУ-ын харилцаанд хямрал үүсгээд буй агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хамгийн сүүлийн үеийн системийн нийлүүлэлт өнгөрсөн баасан гарагт эхэлсэн. Вашингтон Анкарагаас энэхүү гэрээнээс татгалзаж, оронд нь АНУ-ын Patriot системийг худалдан авахыг шаардаж мөн шинэ үеийн F-35 сөнөөгч онгоц нийлүүлэхээ хойшлуулах эсвэл бүр цуцална хэмээн сүрдүүлж байв. Гэсэн ч Анкара буулт хийхээс татгалзсан юм. Ирэх долоо хоногт АНУ хориг арга хэмжээ тавих магадлал өндөр боллоо.
Нийт 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий дөрвөн С-400 системийг нийлүүлэх гэрээг ОХУ, Турк улс 2017 онд байгуулсан. Гэрээний үнийн дүнгийн талыг Турк улс өөрөө төлөх бол талыг нь ОХУ-ын зэлээр авч буй. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Оросын С-400 зенит пуужингийн цогцолборыг худалдан авах гэрээг тус улсын түүхэнд болж буй хамгийн чухал үйл явдал хэмээн нэрлэсэн. “Учир нь энэ нь зах зээлийн логик төдий зүйл бус. Энэ бол түншлэл, энэ бол хамтарсан үйлдвэрлэлд шилжих үйл явц юм. Энэ үйл явцын дараа С-500 цогцолбор яригдах болно. Мөн л ОХУ-тай хийх гэрээний асуудал юм. Өнөөдрийн тухай бус, алс ирээдүйн тухай бид бодох ёстой” гэж Турк улсын төрийн тэргүүн мэдэгдсэн. С-400 системийн тусламжтайгаар Анкара цэргийн ажиллагаанд бэлдэж байна гэж хэрхэвч ойлгож болохгүй. Энэ нь Анкарагийн үндэсний аюулгүй байдлаа хангах чиглэлээр хийж буй алхам юм гэж тэрбээр учирлав. Турк улс Оросын пуужингийн цогцолборыг худалдан авснаар НАТО-гийн гишүүн орон төдийгүй, байгууллага бүхэлдээ илүү хүчирхэг болж байна гэж Эрдоган онцолсон билээ. НАТО 3-5 хүчтэй гишүүн улстай. Турк улс тэдний нэг. Энэ бүс нутагт Турк улс нь НАТО-гийн хамгийн хүчтэй тулгуур нь юм. Түүнээс гадна Турк улс НАТО-гийн гишүүнчлэлийн төлбөрөө идэвхтэй төлдөг цөөн гишүүн орны нэг хэмээн тэрбээр мөн ярьсан.
Оросын зенит пуужингийн цогцолборыг ажиллуулах Туркийн нэг зуун мэргэжилтэн ОХУ-д сургалтад хамрагджээ. Эрдоганы хэлснээр, ирээдүйд энэ тоо арав дахин нэмэгдэх гэнэ.
Энэ гэрээний талаар ОХУ-ын шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Б.Долгов хэлэхдээ ОХУ-тай нягт хамтран ажиллах нь Туркийн бодлогын нэг зорилго. Гэхдээ Турк улс мөн НАТО-гийн гишүүн орон бөгөөд АНУ-ын холбоотон. Энэ байдал тус улсын бодлогод тусгалаа олсон нь тодорхой. Гэрээ хийгдэж л байдаг. ОХУ, Туркийн хооронд байгуулагдсан С-400 цогцолборыг нийлүүлэх хэлэлцээр хэрэгжиж байна. Харин АНУ Турк улс ОХУ-тай хэрхэн дотносож, Оросын зэвсгийг худалдан авч буйг зүгээр хараад суухгүй. АНУ хөшигний цаана гэрээ байгуулна эсвэл Туркийн эсрэг хориг арга хэмжээ авна. Туркийн эрх баригчид хэрхэхийг мөн л цаг хугацаа харуулна гэж Б.Долгов ярьжээ.
Тэгвэл АНУ-ын “Stratfor” хувийн тагнуулын төв Оросын С-400 зенит пуужингийн цогцолбор хэдийгээр агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шилдэг системүүдийн нэг ч түүнд сул тал бий гэж үзэж байна. Тус төвийн мэргэжилтнүүдийн хэлснээр С-400 системийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бусад системийн тусламжтайгаар хүч нэмэгдүүлээгүй тохиолдолд өргөн хэмжээний цохилт зенит пуужингийн цогцолборт аюултай байж болзошгүй. Зенит пуужингийн цогцолборын байг онож, устгах алслалтын зай 400 км хүрдэг хэдий ч уулархаг бүс зэрэг тухайн газар зүйн онцлогоос хамааран түүний радиолокацын чадамж буурах боломжтой. Орост үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн ашиглалтын үр ашиг тус зэвсгийг ашиглаж буй орон, цэргийн операторуудын ур чадвараас шалтгаална гэж тус төвийн мэргэжилтнүүд үзэж байна.
Оросын “Комсомольская правда” сонины цэргийн тоймч, бэлтгэл хурандаа Виктор Баранец энэхүү үнэлэлтийг С-400 системийн бодит боломжоос зөрж байна гэж дүгнэж байна. Сүүлийн үед АНУ олон улсын тавцан дээр гоомой үйлдэл гаргах нь элбэг болсон гэж тэрбээр онцлоод Оросын шинэ үеийн зэвсэглэл худалдан авсан улс орнуудыг заналхийлэх болсон гэж ярьжээ. С-400 системийн талаар тэрбээр дэлхий дээр сул талгүй цэргийн техник гэж байдаггүй. С-400 систем радиолокацын станцаа ажиллуулахад АНУ-ын нисэх хүчнийхэн илрүүлж, цохилт өгөх боломжтой гэдэг. Оросын эрдэмтэд энэ цогцолборыг бүтээхдээ энэ бүх асуудлыг харгалзсан нь тодорхой. С-400 цогцолборын байршлыг тогтооход саад учруулдаг төхөөрөмж ОХУ-д бий. Давуу талаараа С-400 цогцолбортой энэ зэрэгцэх энэ төрлийн зэвсэг үгүй гэж тэрбээр итгэлтэй байна.
Турк улсад F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлыг шийдэх боломжоо алдсанаар АНУ стратегийн ялагдал хүлээсэн. Хэрэв Оросын системүүд үнэхээр сул талтай бол Турк улс С-400 цогцолборыг худалдан авснаар F-35 сөнөөгч онгоцыг аюулд оруулаад байна гэж ярих байсан уу? ОХУ түншүүдийнхээ тоог Турк улсаар нэмэв. Туркийн худалдан авсан С-400 нь цэргийн зориулалттай төмөр төдийгүй олон жил үргэлжлэх хамтын ажиллагаа юм гэж Оросын бэлтгэл хурандаа үзэж байна.
Турк улс Москвагаас “Триумф”-ыг худалдан авч буй гурав дахь улс болж байна. Үүнээс өмнө С-400-г Беларус болон Хятадад нийлүүлсэн. Удахгүй Энэтхэг улс С-400 цогцолбортой улс болохоор нэхэж байна.
Сэтгэгдэл ( 0 )