-Оросын зэвсэг АНУ-ын толгойны өвчин байхаа больсон уу-
АНУ Туркээс Оросын зенитийн пуужингийн цогцолбор “С-400”-г худалдаж авах талаар Сенатад санал оруулжээ. 2021 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвийн төсөлд холбогдох нэмэлт өөрчлөлтийг Бүгд найрамдах намын гишүүн Жон Тюн оруулж ирсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Турк улс ОХУ-аас агаарын довтолгооноос хамгаалах системийг авснаас хойш АНУ-Туркийн харилцаанд үүссэн хямралтай холбоотой хариу үйлдэл аж. Дээрх санаачилга батлагдана гэдэгт шинжээчид эргэлзэж байна. Гэхдээ батлагдлаа ч Турк улс дээрх тохиролцоонд хүрэхгүй гэж шинжээчид үзжээ. Энэ талаар дэлгэрэнгүй өгүүлье.
“С-400 Триумф”-ыг Туркээс худалдаж авах талаарх нэмэлт өөрчлөлтийн талаар Конгрессын сайтад мэдээлжээ. Мэдээлэлд “АНУ-ын армийн төсөвт “С-400” агаарын довтолгооноос хамгаалах системийг авах зорилгоор “Пуужингийн худалдан авалт-Арми” гэсэн зүйлд заасны дагуу зардал гаргахыг зөвшөөрнө” гэсэн байна. Уг заалтад “С-400”-г худалдаж авах зөвшөөрөл авахын тулд Батлан хамгаалахын сайд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Туркийн засгийн газраас Америк, НАТО-гийн харилцаатай холбоотой тодорхой баталгаа авах ёстой гэжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хорооны дарга, Бүгд найрамдах намын гишүүн Жим Риш Цагаан ордныг АНУ-ын хориг арга хэмжээний дагуу Туркийн эсрэг хязгаарлалт тавихыг шаардсан нэмэлт өөрчлөлт санал болгосон байна. Ришийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар 30 хоногоос илүүгүй хугацааны дотор уг хууль хүчин төгөлдөр болж, тав болон түүнээс дээш тооны хориг арга хэмжээ авахыг шаардах аж. “RT” агентлагийн яриа авсан шинжээчдийн өгүүлснээр дээрх нэмэлт өөрчлөлт нь АНУ болон Туркийн харилцаанд үүссэн хямралын хариу урвал гэнэ. Анкара Вашингтоны эсэргүүцлийг үл харгалзан Оросоос “С-400”-г худалдаж авсны дараа уг хямрал үүссэн.
Шахалтыг үл тоосон хамтын ажиллагаа
ОХУ болон Турк Анкарад “С-400”-г худалдах 2.5 тэрбум ам.долларын гэрээг 2017 онд байгуулсан юм. Гэрээний нөхцөлд зааснаар Анкара нийт төлбөрийн 45 хувийг нь урьдчилан төлж, үлдсэн 55 хувийг ОХУ зээл хэлбэрээр өгчээ. 2019 оны намар Москва хугацаанаас нь өмнө үүргээ биелүүлж, агаарын довтолгооноос хамгаалах системийн бүх бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлсэн билээ. Туркийн Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нарийн бичгийн дарга Исмаил Демирийн мэдэгдсэнээр Анкара “С-400” системийг үргэлжлүүлэн байршуулж байгаа аж. Мөн Туркийн Оросоос “С-400”-г худалдаж авах эрмэлзэл нь эхнээсээ Вашингтонд туйлын сөргөөр тусаж байсныг шинжээчид сануулж байна. АНУ Туркийг уг гэрээнээс татгалзахыг шаардаж, шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд Анкарагийн эсрэг хориг тавина гэж сүрдүүлж байсан юм. АНУ дээрх хариу үйлдлээ Туркт байршуулсан “С-400” системийн улмаас Москва НАТО-гийн хамгийн сүүлийн үеийн нисэх онгоцны техникийн үзүүлэлтэд нэвтрэх боломжтой болно гэж тайлбарлаж байв. АНУ “F-35 Lightning II” сөнөөгч бөмбөгдөгч онгоц үйлдвэрлэх, нийлүүлэх хөтөлбөрөөс Туркийн оролцоог зогсоосон. 2019 оны намар АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хорооны дарга Жим Риш энэ асуудалд хандах Вашингтоны байр суурийг баталсан юм.
Анкара армид нь Оросын үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах систем байгаа тохиолдолд АНУ-ын “F-35-ийн нийлүүлэлтийг харахгүй”. 2021 оны санхүүгийн жилд батлан хамгаалах ажилд зарцуулах төсвийн хөрөнгийн зарцуулалтын тухай хуулийн төсөлд АНУ-ын цэргийнхэн өмнө нь Анкарад хүргэгдээгүй Туркт зориулан өмнө нь бүтээж байсан зургаан “F-35 Lightning II” сөнөөгч онгоцыг ашиглахыг хориглосон заалт орсон байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ АНУ-ын Анкарад шахалт үзүүлэх гэсэн оролдлого үр дүнгүй гэдгийг Турк улс хэд хэдэн удаа мэдэгдсэн. Тиймээс 2019 оны арванхоёрдугаар сард Туркийн Гадаад хэргийн яам “аюул заналхийлэл, хориг арга хэмжээний хэл” нь Туркийг үндэсний аюулгүй байдлаа хангах арга хэмжээгээ зогсоохыг хэзээ ч ятгаж чадахгүй” гэж мэдэгджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар НАТО-гийн хоёр холбоотон хоорондын харилцааны хямралыг шийдэж чадахгүй байна. Олон тооны хэлэлцээ бүтэлгүйтэв. 2020 оны тавдугаар сард АНУ-ын Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч, Турктэй харилцах асуудлаарх Америкийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг Жеймс Жеффри хэлэхдээ, Турк Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг эзэмшиж байгаа нь АНУ-Туркийн харилцааны хамгийн гол асуудал юм гэжээ. Үүний зэрэгцээ тэрбээр “F-35” Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ болон түүний холбоотнуудыг батлан хамгаалахад оруулсан хамгийн том хөрөнгө оруулалттай холбоотойгоор АНУ-д маш чухал ач холбогдолтой гэж тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Вашингтоны шахалтыг үл харгалзан Москва болон Анкара цэргийн түншлэлээ үргэлжлүүлэх, гүнзгийрүүлэх талаар хэлэлцээ хийж буй. Тухайлбал, 2020 оны гуравдугаар сард Оросын Холбооны цэргийн техникийн хамтын ажиллагааны албаны дарга Дмитрий Шугаев “Россия 24” агентлагт өгсөн ярилцлагадаа Москва болон Анкара “С-400” нийлүүлэх шинэ гэрээ байгуулах төлөвлөгөөтэй байгааг хэлжээ. ОХУ шинэ гэрээ байгуулахад бэлэн байгааг Оросын Шадар сайд Юрий Борисов ч баталсан байна. Өнгөрсөн зургаадугаар сард Шугаев түүнчлэн Москва “С-400” системийг Туркийн талтай хамтран үйлдвэрлэх хэтийн төлөвийг хэлэлцэхэд бэлэн байгааг мэдэгджээ. Холбооны цэргийн техникийн хамтын ажиллагааны албаны дарга мөн энэ үйл явц цаг хугацаа шаардана гэсэн байна.
Давуу байдал
АНУ-ын холбоотнуудын ч худалдан авдаг “С-400” зенитийн пуужингийн цогцолбор нь Вашингтоны хувьд жинхэнэ толгойны өвчин болсон гэж шинжээчид үздэг. “С-400”-тай холбоотой Турк болон АНУ-ын хоорондын харилцааг тодруулбал, Оросын “С-400” НАТО-д бүхэлд нь үлгэр дуурайлал болж байгаа аж. Энэ нь маш ноцтой хуваагдалд хүргэж байгаа гэнэ. Эцэст нь Турк бол хамгийн хүчирхэг холбоотон улсуудын нэг юм гэж шинжээчид онцолжээ. Харин бүгд найрамдахчуудын санаачилга дээрх асуудлыг нэг цохилтоор шийдвэрлэх эрмэлзэлтэй. Хамгийн чухал нь “С-400”-гийн давуу байдал юм.
“С-400 Триумф” нь 1990-ээд оноос сайжруулах замаар эхэлж, 2007 оноос ОХУ зэвсэглэлдээ авсан зенитийн пуужингийн цогцолбор. Байг устгах хамгийн их хурд нь 4800 м/с, нэгэн зэрэг дагуулж чадах байнуудын тоо 300 юм. “С-400”-г хээрийн байдалд таван минутад дэлгэнэ. Энэхүү систем нь 600 хүртэлх километрийн зайд 10 метрээс 27 км-ийн өндөрт яваа баллистик пуужин, нисэх онгоц, дронуудыг устгах чадалтай.
Сэтгэгдэл ( 0 )