Энэтхэг: Эрээн барын тоо толгой 3000 болж өсжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Сүүлийн дөрвөн жилд Энэтхэг улсад эрээн барын тоо толгой 30 гаруй хувиар өсөж, дэлхийд ховордоод буй энэ үзэсгэлэнт амьтныг аврах найдвар буйг баталлаа. Дөрвөн жилийн өмнө 2 226 тоо толгой байсан эрээн бар 2018 онд явуулсан тооллогоор 2967 болж өссөн байна.

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди үүнийг түүхэн амжилт хэмээгээд 15 жилийн өмнө энэ ховордсон амьтан устаж үгүй болох аюулын өмнө зогсож байсан бөгөөд нөр их хүчин чармайлтын үр дүнд аварч чадлаа гэж онцолжээ.

Тус улсад дөрвөн жил тутам эрээн барын тооллого болдог бөгөөд хамгийн сүүлд 2018 онд Бүх Энэтхэгийн Барын Тооллогын Тайлан нэрийн дор явуулжээ. 15 сар үргэлжилсэн энэхүү арга хэмжээний үеэр 26 мянган камер ашиглаж, 350 мянган гэрэл зураг авчээ. Барын дүрсийг буулгасан гэрэл зургийг шинжилсний үндсэн дээр бар бүрийг ялгах боломжтой болжээ.

1900 онд манай гараг дээр 100 мянга гаруй бар тоологдож байсан бол 2010 онд дэлхийн хэмжээнд нийт 3200 бар үлдсэн байжээ. Тэр ондоо Энэтхэг болон эрээн барын эх орон болсон 12 улс барын тоо толгойг 2022 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх тухай гэрээ байгуулж байжээ.

1947 онд Энэтхэг Британиас тусгаар тогтнох үед тус улсад 40 мянган эрээн бар амьдарч байсан гэх баримт байдаг аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top