Д.Эрдэнэбат: Ард нийтээрээ бүрэн ойлголцож байж Үндсэн хуулийг батлах ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр /2019.08.13/ хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн талаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Мэдээллийнхээ эхэнд “Сүүлийн үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар их анхаарч, цаг үеийн асуудал хойшилж, иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Тиймээс цаашид бид цаг үеийн тулгамдсан гол асуудал бүрийг хөндөж, холбогдох яам, тамгын газруудаас мэдээлэл авч ажиллах болно” гэдгийг, онцолж байлаа.

Зөвлөлийн хуралдааны эхэнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замыг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”, Улаанбаатар-Гачуурт-Налайх чиглэлийн авто замын засварын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон холбогдох мэргэжилтнүүдээс мэдээлэл солилцсон гэнэ. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Иргэдийн онцгойлон анхаарч буй асуудлуудын нэг бол дээрх авто замуудын ашиглалтад орох хугацаа болон ажлын явц юм.

Тиймээс хур бороо ихтэй эдгээр өдрүүдэд онцгой ач холбогдол өгч ажлын явцыг анхааралдаа авч ажиллалаа. 200 гаруй км замд хэдхэн тэрбум төгрөг төсөвлөгдөнө гэдэг чанарын шаардлага хангах тал дээр эргэлзээ төрүүлж байна. Мөн цаг хугацааны хувьд анхаарч, хугацаандаа хүлээлгэн өгөхийн тулд чанарын шаардлага хангахгүй зам ашиглалтад өгөх вий гэсэн болгоомжлол байх хэрэгтэй. Учир нь одоогийн ажлын явцыг ажиглахад арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэдэг эргэлзээтэй байна. Орлоо гэхэд дахин чанарын шаардлага яригдах болов уу гэсэн асуудлууд дээр Зам тээврийн хөгжлийн яамтай хэлэлцэж мэдээлэл солилцлоо. Бид цаашдаа энэ мэтчилэн газар тариалан, ургац хураалттай холбоотой асуудлаар ХХААЯ-тай,  дараа нь Эрчим хүчний яамтай хамтран эрчим хүч, нүүрсний талаар болон өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан утааны талаар асуудал дагуулж мэдээлэл авна” гэдгийг хэллээ.

Зөвлөлийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёололыг өнөөдрийн хуралдаанаар эцэслэн баталсан байна. Үүнд: Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах гурван зүйлийн шаардлага байгаагаа ажлын хэсгийн даргад хүргүүлэхээр боллоо. Ардчилсан Үндсэн хуулийг сайжруулъя гэж бодож байгаа бол гурван суурь зарчимд анхаарах ёстой. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог  байх. Улс орны Эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгийн хөгжлийг анхаарч, төрийн мөнгөний эдийн засаг санхүүг тодорхой болгож Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ард түмний засаглах эрхийг хангахын тулд  УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах гэх мэт саналын томъёололууд багтаж байгаа юм.

Хамгийн гол анхаарал татаж байгаа сэдэв нь Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь ард түмэнд байгаа гэдгийг дахин сануулж нэмэлт өөрчлөлтийг ард түмнээрээ батлуулах бидний шаардлага хэвээр байгаа гэдгийг хэлж байв. Эл байр суурьтай холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна  гэлээ. Тус хүсэлтэд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна. Иймд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 2019 оны наймдугаар дугаар сарын 15-ны өдрийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтээр санал хураалгахгүй, үнэмлэхүй олонхиороо хүч түрж батална гэвэл Ардчилсан нам энэхүү хэлэлцүүлэгт оролцохгүй гэв.

Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгсний дараа тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

-Зөвшилцлийн ажлын хэсгийн явц ямар шатанд явж байгаа вэ. Ө.Энхтүвшин сайдын хэлснээр Ерөнхийлөгчийн саналуудын дийлэнхийг зөвшилцсөн гэж байсан. Гишүүдийн тоо 108 байх, таван жилийн хугацаагаар сонгох дээр эргэж ярилцана гэсэн?

-Хоёр ажлын хэсэг ажиллаж байгаа. Зөвшилцөх ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. Гишүүдийн тоог нааш цааш болгох асуудал их яригдаж байгаа. Ардчилсан намын зүгээс гишүүдийн тоо бол асуудал биш гэж харж байгаа. Сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг нь Ардчилсан парламентыг бий болгох гол хүчин зүйл гэсэн байр сууриа хадгалж, энэ талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг баталсан үндсэн байр сууриа илэрхийлсэн байгаа. Бид зарим нэг завсрын зүйл дээр онцгой ач холбогдол өгөх шаардлагагүй гэж үзэж байна.

-Ард нийтийн санал асуулга явуулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж амжихгүй байх магадлалтай  гэж харагдаж байна?

-Анх төсөл дээрээ аравдугаар сарын 3-нд ард нийтийн санал асуулга явуулна  гэж төлөвлөж байсан. Тэр хэвээр байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуулийг ард нийтээрээ бүрэн ойлголцож байж батлах ёстой. Энэ чинь нийгмийн гэрээ шиг хэрэгтэй зүйл, төр тулгаж хийдэг асуудал биш. Хэрвээ УИХ үнэмлэхүй олонхоороо батлах юм бол мэдээлэлгүй байгаа ард иргэдэд шууд тулган шаардаж, өөрийнхөө эрх ашигт нийцүүлж Үндсэн хуулийг баталж байна гэж ойлгогдож байна. Өнгөрсөн хугацаанд хэлэлцүүлэг гэж хийлээ. Ерөнхийлөгчийн санал орсноос хойш энэ амралтын хугацаанд хэлэлцүүлэг хийсэн гэхэд итгэх боломжгүй. Ард нийтийг мэдээлэлгүй байгааг далимдуулж, эсвэл нэг талын хэт мэдээллийг баримталж Үндсэн хуулийг улс төрийн олонхоор баталж огт болохгүй. Үүнээс гарах сөрөг үр дагаврыг хэн хариуцах вэ. Энэ 76-д жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Тиймээс ард иргэдэд нэгдсэн журмаар ойлголт өгч байж батлах ёстой.

-Хөрөнгө мөнгө зохион байгуулахад өндөр зардал гарна гэж зарим гишүүд хэлж байсан. Мөн ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байгаа юу?

-Хөрөнгө мөнгөөр хэмжигдэх асуудал биш. Бид бараг гучаад жилийн дараа шинэ Үндсэн хуулиа хэлэлцэж байна. Тиймээс улс орны хөгжлийн төлөө зөв батлах нь чухал. Ерөнхийлөгчийн хувьд ард нийтээс асууж хэлэлцэх нь зүйтэй шүү гэсэн байр сууриа илэрхийлсэн нь одоо хүртэл хэвээр байгаа болов уу гэж бид харж байгаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top