ЗИНДАА 2019.08.21 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

#1 ХУУЛЬ ЗӨРЧСӨН 23 УУРХАЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн билээ.  Үүн дагуу 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ талаар “Монгол улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичгийг 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Албан бичигт байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үүргийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хариуцлагаа дээшлэн ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд хууль бус аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцох болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Эдгээр аж ахуйн нэгжээс 23 тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрөл зэрэг нийт 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь байгаль орчны менежментийхээ төлөвлөгөөг батлуулсан байсан” гэж тайлбарласан юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ТОСТ, ТОСОН БУМБЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛСАН У.ХҮРЭЛСҮХИЙН РЕЙТИНГ ӨСЧ, ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ИРГЭД ДЭМЖЖЭЭ

Улстөрчдийн болон улс төрийн намууд, тэдгээрийн бодлого, шийдвэрийн судалгааг МЭК ХХК нь ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр сар бүр тогтмол иргэдээс нийгэм, улс төрийн холбогдолтой асуудлаар явуулдаг билээ. Тус байгууллагын зүгээс наймдугаар сарын судалгааны дүнгээ олон нийтэд гаргасан байна. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 725 иргэний дунд санамсаргүй түүврийн аргаар явуулсан байна. Судалгааны дүнгээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өссөн дүнтэй гарчээ. Өнгөрөгч зургаадугаар сард түүний рейтинг 5.2 хувьтай байсан бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, лицензийг цуцалсан нь нөлөөлсөн гэдгийг судалгаанд хамрагдсан иргэд дурдсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг 5.4 хувь болж өсчээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 ТАНИЛЦ: ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТӨЛБӨР 40-700 МЯНГАН ТӨГРӨГ

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа. Гэвч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20 мянга гаруй хүүхэд байх урьдчилсан дүн гарчээ. Эцэг, эхчүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй  хүүхдээ хувийн хэвшлийн цэцэрлэгт өгөхөөс өөр сонголтгүй болдог. Тийм учраас манай сайт сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй эцэг эхчүүддээ зориулан нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй хувийн цэцэрлэгүүдийн мэдээллийг  хүргэж байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 В.ПУТИН ОХУ-Д СУРГУУЛЬ ТӨГССӨН МОНГОЛЧУУДЫН ХУРАЛД ОРОЛЦОНО

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын 3-нд Монгол Улсад айлчлах билээ. Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцох нь тодорхой ч албан ёсны хөтөлбөр тодорхойгүй байгаа. Харин албан бус мэдээллээр В.Путин есдүгээр сарын 3-нд Улаанбаатарт болох хуучин ЗХУ, ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн форумд оролцох гэнэ. Тус форумыг зохион байгуулж байгаа Уралын холбооны их сургуулийг төгсөгч монголчуудын холбооноос “Форумын гол сэдэв Халхын голын ялалтын баяр. Энэ бол манай хоёр орны хамтын ялалт. Ирээдүй хойч үедээ энэ найрамдал, хамтын ажиллагааг өвлүүлэн үлдээх нь гол зорилго” гэж мэдэгджээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 “ХАРВААЧ САНААТАЙГААР ДОПИНГ ХЭРЭГЛЭХ ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭГҮЙ"

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс гадна эхний тавд шалгарсан харваачдаас допингийн шинжилгээ авдаг. Баяр наадмын зохион байгуулах хорооноос хоёр бөхийн шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээллийг албан ёсоор өгсөн бол үндэсний сур харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн Х.Даваацэцэгийн шинжилгээнээс  Атенолол гэх допингийн төрлийн бодис илэрсэн нь нэгэнт ил болжээ. Түүгээр зогсохгүй Монголын үндэсний сурын холбооны Ёс зүйн хороо тамирчны асуудлыг хэлэлцэн, шагналыг буцааж, харвах эрхийг нь нэг жилийн хугацаатай хасах санал гаргаад байгаа аж.

Энэ талаар Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяртай холбогдож, тодруулахад "Сурын тамирчнаас сэргээш хэрэглэсэн тухай асуудлыг манай холбоонд 2019.08.05-нд танилцуулсан. Журмын дагуу бид тухайн тамирчинд мэдэгдсэн. Тамирчин өөрөө наадмын өмнө буюу долоодугаар сарын 2-нд хөдөө бэлтгэлтэй байх үедээ даралтны эм ууснаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, B сорьцыг шинжлүүлэх шаардлагагүй болсон. Тиймээс бид холбооны Ёс зүйн хурлаар тамирчинтайгаа холбоотой асуудлыг хэлэлцээд, баяр наадмын бай шагналыг хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилээр хасах санал гаргаад байна. Үүнийг Баяр наадмын комисст танилцуулна. Эцсийн шийдвэрийг Баяр наадмын комисс гаргана. Өнөөдрийн байдлаар бидэнд ямар нэгэн хариу ирээгүй байна" гэсэн хариулт өглөө. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top