Тост, Тосон бумбын лицензийг цуцалсан У.Хүрэлсүхийн рейтинг өсч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг иргэд дэмжжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

-ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ РЕЙТИНГ ТОГТМОЛ УНАЛТТАЙ БАЙНА-

Улстөрчдийн болон улс төрийн намууд, тэдгээрийн бодлого, шийдвэрийн судалгааг МЭК ХХК нь ямар нэгэн нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус, өөрийн санхүүжилтээр сар бүр тогтмол иргэдээс нийгэм, улс төрийн холбогдолтой асуудлаар явуулдаг билээ. Тус байгууллагын зүгээс наймдугаар сарын судалгааны дүнгээ олон нийтэд гаргасан байна. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 725 иргэний дунд санамсаргүй түүврийн аргаар явуулсан байна. Судалгааны дүнгээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг өссөн дүнтэй гарчээ. Өнгөрөгч зургаадугаар сард түүний рейтинг 5.2 хувьтай байсан бол Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, лицензийг цуцалсан нь нөлөөлсөн гэдгийг судалгаанд хамрагдсан иргэд дурдсан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг 5.4 хувь болж өсчээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн албан ёсны ажлын айлчлал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах төсөл, саналаа өгсөн нь түүний рейтинг өсөх гол шалтгаан болсон байна. Зургаадугаар сарын судалгаагаар 5.8 хувьтай байсан Төрийн тэргүүний рейтинг зургаан хувь болж өссөн талаар судалгааны дүнд дурджээ. Төрийн тэргүүн МЭК-ийн тавдугаар сарын судалгаагаар зургаан хувьтай байсан бол зургаадугаар сарын судалгааны дүнгээр “Олон нийтэд илт анзаарагдах үйлдэл хийгээгүй” гэсэн оролцогчдын дүгнэлтээр 5.8 хувь болж буураад байлаа. Харин наймдугаар сарын судалгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын рейтингдээ эргэн очиж байгаа нь энэ юм.

Тэгвэл зургаадугаар сард 3.8 хувьтай байсан УИХ-ын нэр хүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан 3.9 хувь болж 0.1 функтээр өссөнийг судал­гааны дүнгээс харж болохоор байна. Тэгвэл энэ оны дөрөвдүгээр сараас хойш рейтинг нь тогтмол унаж байгаа улстөрчөөр Нийс­лэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нэрлэгдсэн байх юм. Нэг үгээр хэлбэл судалгаанд оролцогчид Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаа хангалтгүй байна гэж үзжээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард 3.7 хувь байсан түүний рейтинг унасаар наймдугаар сард 3.2 хувь болжээ. Зургаадугаар сард “Замын шар хашлага”, “Туулын бургасыг хядсан” гэх шалтгаанаар 3.3 хувь болтлоо унаад байв. Тэгвэл энэ удаа иргэд “Иргэдийн хүлээлтэд хүрч ажиллаагүй”, “Улаанбаатар хот үерт авт­сан” гэх шалтгааныг нэрлэжээ.

Энэ удаагийн судал­гаагаар “Та одоо улс төрийн аль намыг дэмжиж байна вэ” гэсэн асуултад иргэд өөрсдийн үнэлгээг өгсөн байна. Улс төрийн хоёр том нам болох МАН, АН-ын рейтинг өссөн дүнтэй гарсан байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч тавдугаар сард 12, зургаадугаар сард 13 хувьтай байсан Монгол ардын намын рейтинг наймдугаар сард 14 хувь болж нэмэгдсэн байх юм. Тэгвэл сөрөг хүчин болох Ардчилсан намын рейтинг өнгөрөгч тав, зургаадугаар саруудад 13, 14 хувьтай гарч байсан бол энэ удаа 15 хувьтай болтлоо өссөн дүн гарчээ. Харин Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын тэргүүлдэг МАХН-ын рейтинг зургаадугаар сард есөн хувь байсан бол энэ удаа зургаан хувь болтлоо огцом унасан байна. Хоёр том намын рейтинг өссөн дүнтэй байгаа бол бусад улс төрийн хүчинд итгэх иргэдийн итгэл буурчээ. Өнгөрөгч тавдугаар сард бусад намуудыг дэмжих иргэдийн хувь долоо байсан бол дараа сард нь зургаан хувь болтлоо унасан байдаг. Тэгвэл энэ удаа таван хувь болж 2018 оны аравдугаар сард байсан тэр хэмжээндээ хүрсэн байх юм.

Улс төрийн нам дэмжихгүй иргэдийн тоо буурсныг судал­гаанаас харцгааж болно. Өнгөрөгч дөрөвдүгээр сард “нам дэмжихгүй” хэмээн судалгаанд хамрагдсан иргэдийн 69 хувь нь хариулж байв. Түүнээс хойш тогтмол уруудсаар наймдугаар сард 56 хувь болсон аж.

Үйл ажиллагаа нь таалагд­даг улстөрчдийн судалгааг мөн МЭК гаргаснаа нийтэд ил болгосон байна. Үүнээс харахад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад санал өгсөн иргэдийн хувь зургаадугаар сард 33 байсан бол энэ сард 35 болж өгссөнийг түвэггүй харж болно. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх 23 хувьтай байгаа бол УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийнх зургаадугаар сард 28 хувь байсан ч энэ удаа 25 хувь болтлоо буурчээ. Хувь улстөрчдийнхөө хувьд УИХ-ын дарга Г.Занданшатар зургаадугаар сард 14 хувийн рейтингтэй байсан бол энэ удаагийн судалгаагаар 10 болж буурсан байлаа.

Одоо харин нэгэн сонир­холтой судалгааны дүнг хүргэе. Асуулга нь “Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчид” гэжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн хувиар өрсөлдөгчгүй гэж хэлж болохоор тэргүүлсэн нэг улстөрч байгаа нь Ардчил­сан намын дарга С.Эрдэнэ юм. Судалгаанд хамрагдсан иргэдийн 21 хувь нь түүнийг “таалаагүй” аж. Түүний араас Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 15 хувьтайгаар аман хүзүүджээ. Өнгөрөгч зургаадугаар сард УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг судалгаанд хамрагдсан иргэ­дийн  11 хувь нь “таалагд­даггүй” хэмээн хариулж байсан бол энэ удаа 13 хувь болтлоо өссөн дүнтэй байна. Харин УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболдыг 2019 оны нэгдүгээр сард судалгаанд хамрагдсан иргэдийн 29 хувь нь хамгийн таагүй улстөрчөөр нэрлэж байсан бол одоо 10 хувь нь таалагддаггүй улстөрч хэмээн үзсэн байгаа юм.

 

Энэ удаагийн судалгаагаар УИХ-ын зарим гишүүдийн үйл ажиллагааны үнэлгээг гаргасан байна. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 5.7 хувьтай тэргүүлж байгаа нь судалгааны дүнгээр гарчээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар ижил буюу 4.2 хувь нь санал өгснийг МЭК онцолжээ. Зургаадугаар сард иргэ­­дээс авсан санал асуулгаар “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юу” гэхэд судалгаанд хамрагдсан иргэдийн 63 нь шаардлагатай гэж хариулсан байна. Харин шаардлагагүй гэсэн хариултыг сонгосон иргэдийн хувь 23, мэдэхгүй гэсэн хариулт сонгогчид 14 хувийг эзэлж байжээ. Харин наймдугаар сарын байдлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих иргэдийн тоо өсч 66 хувьд хүрсэн бол дэмжихгүй саналтай иргэдийн хувь 21 болж буурсан аж. Мэдэхгүй хариулт сонгосон иргэд 13 хувь болж мөн буурсан байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх иргэдийн мэдээ­лэлтэй байдлыг судалжээ. Зургаадугаар сард Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрч­­лөлтийг тийм ч сайн мэдэхгүй гэсэн иргэд 46 хувьтай байсан бол найм­дугаар сарын судалгаагаар мөн л 46 хувьтай гарчээ. Огт мэдэхгүй гэх хариултыг сонгосон иргэд өмнө нь 33 хувь байсан бол энэ удаа 32 хувь болж буурсан байх юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийг 12 хувь нь мэднэ гэсэн бол есөн хувь нь маш сайн мэдэж байгаа гэдгээ судалгаанд хариулжээ. Тэгвэл энэ удаа сайн мэдэх иргэдийн хувь нэг хувиар өсч, 13 болсон бол “сайн мэднэ” гэсэн иргэд есөн хувьтай байгаа талаар МЭК-ийн судалгаа харуулж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ewe(64.119.25.95) 2019 оны 09 сарын 07

baterdene avargiin osohzoosiig bas haamaar bn.mandahbayaraa .adilhan l nutagiig min uhaad bn

0  |  0
монгол хүн(202.179.2.250) 2019 оны 08 сарын 26

үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд дэмжихгүй байгаа ш дээ. яагаад ийм мэдээлэл тараагаад байгаа юм бэ.

0  |  0
Зочин(64.119.17.86) 2019 оны 08 сарын 23

Хүрэлсүг Мандахбаяр 2- н рейтинг суга өсөө бх даа ..... кк

0  |  1
Судлаач(66.181.177.13) 2019 оны 08 сарын 23

Санамсаргүй түүврийн бус санаатай луйврын арга. Шаал худлаа, хуурамч мэдээ цацахаа больсон дээр.

0  |  1
Нэргүй(103.229.120.196) 2019 оны 08 сарын 23

САНАМСАРГҮЙ ТҮҮВРИЙН АРГА ГЭДЭГ ЯМАГТ ХУДАЛ БАЙДАГ .ИЙМ ТЭНЭГ ХУУЛИЙГ ЗАНДАНШАТАР АНУ ААС ЧИРЧ ИРСЭН. БАРУУНЫ ТӨЛӨӨНИЙ ЭТГЭЭД .

0  |  1
Хайдо(43.242.243.62) 2019 оны 08 сарын 23

Судалгаа ингэж гарах нь аргагүй.Дураараа зам тагла сан барилага,граш,түцүүдийг буулгасан улсуудын санал голлож байгаа.Миний санахад харьцангуй сайн шийдвэртэй арга хэмжээ аваад байгаа шүүдээ.

1  |  1
Top