ЗИНДАА 2019.08.22 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

#1 ОРХОН ГОЛ ХҮНЦЛЭЭР ТЭЖЭЭГДЭЖ, ХҮН, МАЛГҮЙ ХОРДОЖ БАЙНА

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Харгуйтын амны баруун салаа” нэртэй алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Алтай голд” ХХК Орхон голын зарим эх цутгал жижиг голуудыг булж, устгасан, голдирлыг нь өөрчилсөн бодит төрхийг та одоо харж байна. Хэдхэн кг алтны төлөө гол, булаг шандыг ийн булшилсан үйлдлийг дэлхий дахинаа байгаль орчин, хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэг гэж үздэг. Монгол Улсад ч мөн ялгаагүй. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль гээд олон хуульд голын голдирлыг өөрчлөх, булаг шанд, гол горхийг санаатайгаар устгаж ширгээвэл хуулийн хариуцлага тооцохоор заачихсан байгаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ТОЙМ: ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨВШИЛЦӨЛД ХҮРЭХГҮЙ БОЛ!

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг МЭК-ийн судалгаанд санамсаргүй түүврийн аргаар хамрагдсан 725 иргэний 66 хувь нь дэмжсэн байна. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн захиалга гэж харахаас өөр аргагүй. Тиймээс үе үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар “санаархсан” ч чадаагүй юм. Харин энэ удаагийн парламент хэлэлцэх ёстой асуудлуудаа хойш нь тавьж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг тавдугаар сард өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Ер нь бол парламентад 64 суудалтай нам хэл амны гал хайчин дундуур ч байсан кнопны хүчээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой хэмээн “зүтгэсэн” нь тэр. Дахин нэг нам олонх болж Үндсэн хуулиа өөрчлөх боломж гарахгүй гэж тэд үзсэн. 2012-2016 онд гэхэд тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гаран Үндсэн хуульд “хуруу дүрэх” гэж үзсэн ч зөвшилцөл явж чадаагүй тул улс төрийн намуудын хүчний тэнцвэрийн улмаас “0” зогсолт хийж байв. УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр эрх баригч намын гишүүд дэмжинэ гэдгээ мэдэгдээд байсан. Гэсэн ч нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн төсөл, саналыг өгснөөр хоёр төслийн нэгтгэн, зөвшилцөх зайлшгүй шаардлага тулгарсан.

Нийгмийн гэрээ гэдэг утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд аль болох хүн бүрийн санаа бодлогыг тусгах нь чухал. Нэг үгээр хэлбэл зөвшилцөл чухал гэсэн үг. Гэсэн ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хомс хүрч байна гэх шүүмжлэлийг Ардчилсан намын зүгээс мэдэгдээд буй. Энэ нь нэг талаасаа үнэн. Гэхдээ...

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 "ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ААН-ИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ"

Засгийн газраас бай­галь орчинд хохирол учруулж, хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийг 23 тусгай зөв­шөөрлийг цуцлахаар шийдвэр гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас дараах тодруулгыг авлаа.


-Засгийн газраас хууль зөрчсөн 23 уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан бэ?

-Ерөнхий сайд уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн зарим аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцал­сан компаниудыг нэрлэж болох уу?

-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ийн сайдын эрхлэх ажлын хүрээнд 2018 оны хоёрдугаар сарын 2-нд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай албан бичгийг 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Албан бичигт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн үүргийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хариуцлагаа дээшлүүлэн ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд хууль бус аливаа үйлдэлд хатуу хариуцлага тооцох болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн. Эдгээр аж ахуйн нэгжээс 23 тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа. Тухайлбал, Архангай айм­гийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 13-аас зөвхөн дөрөв нь байгаль орчны менежментийнхээ төлөвлөгөөг батлуулсан байсан. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн байсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ МАНАЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН НУТАГ

ОХУ-ын алдарт зохиолч, улстөрч Эдуард Лимонов Монгол оронд аялсан тэмдэглэлээ уншигчдад толилуулжээ. Цагтаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан, коммунист энэ эрхмийн их гүрний дээрэнгүй үзэл нь арилаагүй хэвээр ажээ. Түүний тэмдэглэлийг орчуулан хүргэж байна.  


Зохиолч Эдуард Лимонов

Монгол Улс Халхын голын ялалтын 80 жилийн ойн баяртаа ОХУ-ын Ерөнхийлөгч ирэхийг хүлээж байна. Монголын Засгийн газар В.Путинийг Зөвлөлт, Монголын дайчдын ялалтыг хамт тэмдэглэхээр урьсан. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө урьсан юм. 1939 оны намар Зөвлөлт, Монголын дайчид Японы түрэмгийллээс Монгол орныг хамгаалсан билээ. Япончууд тэр үед Монголоос газар нутгийнхаа хэсгийг өг гэж шаардсан тул тэдэнтэй байлдахаас өөр аргагүй болсон. Ингээд би Монголын тухай ярьж өгье. Монголоос би наймдугаар сарын 18-нд галт тэргээр буцсан юм. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮДИЙН САНАЛЫГ СОНСОХ ХУГАЦАА ТУЛЖЭЭ

Үндэсний бөхийн салбар хорооноос 2019.08.12-нд албан ёсоор мэдээлэл хийсэн. Хуулийн дагуу тухайн сэргээш илэрсэн хоёр бөх олон нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой бөгөөд энэ хугацаа маргааш (2019.08.23) дуусгавар болж байна. Хэрэв А сорьцоос нь допинг илэрсэн хоёр бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт ирүүлээгүй тохиолдолд Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн нэрсийг олон нийтэд зарлах журамтай. Энэ жилийн наадмын шинжилгээгээр хоёр бөхөөс гадна нэг харваачаас допинг илэрсэн нь тодорхой болсон бөгөөд үндэсний сур харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн Х.Даваацэцэг өөрийн болон эмчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас даралтны эм ууснаа хүлээн зөвшөөрч, Б сорьцоо шинжлүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн тул түүнийг нэрийг зарлаж, холбогдох хариуцлага хүлээлгэх саналыг Монголын үндэсний сурын холбооноос Баяр наадмын Зохион байгуулах хороонд хүргүүлээд байгаа гэдгийг мэдэгдсэн.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top