ТОЙМ: Үндсэн хууль зөвшилцөлд хүрэхгүй бол!

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 22

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг МЭК-ийн судалгаанд санамсаргүй түүврийн аргаар хамрагдсан 725 иргэний 66 хувь нь дэмжсэн байна. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн захиалга гэж харахаас өөр аргагүй. Тиймээс үе үеийн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар “санаархсан” ч чадаагүй юм. Харин энэ удаагийн парламент хэлэлцэх ёстой асуудлуудаа хойш нь тавьж байгаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг тавдугаар сард өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Ер нь бол парламентад 64 суудалтай нам хэл амны гал хайчин дундуур ч байсан кнопны хүчээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой хэмээн “зүтгэсэн” нь тэр. Дахин нэг нам олонх болж Үндсэн хуулиа өөрчлөх боломж гарахгүй гэж тэд үзсэн. 2012-2016 онд гэхэд тухайн үеийн УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гаран Үндсэн хуульд “хуруу дүрэх” гэж үзсэн ч зөвшилцөл явж чадаагүй тул улс төрийн намуудын хүчний тэнцвэрийн улмаас “0” зогсолт хийж байв.

УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр эрх баригч намын гишүүд дэмжинэ гэдгээ мэдэгдээд байсан. Гэсэн ч нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн төсөл, саналыг өгснөөр хоёр төслийн нэгтгэн, зөвшилцөх зайлшгүй шаардлага тулгарсан.

Нийгмийн гэрээ гэдэг утгаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд аль болох хүн бүрийн санаа бодлогыг тусгах нь чухал. Нэг үгээр хэлбэл зөвшилцөл чухал гэсэн үг. Гэсэн ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хомс хүрч байна гэх шүүмжлэлийг Ардчилсан намын зүгээс мэдэгдээд буй. Энэ нь нэг талаасаа үнэн. Гэхдээ...

Гэхдээ юу гэж үү, хүн бүр нэмэлт, өөрчлөлт орж байгаа заалт бүрийг мэдэх албагүй. Харин тэр иргэдийнхээ эрх ашиг, хүсэл сонирхлыг багтаасан нэмэлт, өөрчлөлт орох учиртай.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орон нутагт ажиллаад ирсэн. Тэд иргэдтэй уулзаж, Үндсэн хуулийн талаар танилцуулга хийн, санал авахад “Одоогийн 76-гаа яая гэж байхад гишүүдийн тоог 108 болгохыг дэмжихгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Хэрэв гишүүдийн тоог 108 болговол “Энэ тойргоос нэр дэвшинэ гэж зүүдлээд ч хэрэггүй” хэмээн хатуу сануулж байсныг бүлгийн олон гишүүд нь хэлжээ. 108 гэдэг нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэг явагдаж байхад Ерөнхийлөгчийн зүгээс “шахсан” тоо. Эх сурвалжуудын хэлж буйгаар зөвшилцлийн хамгийн эмзэг сэдэв нь энэ болчихоод байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар Ард нийтийн санал асуулга явуулах дээр тал талууд байр сууриа нэгтгэсэн аж. Эрх баригч намын зүгээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгохыг дэмжвэл Ард нийтийн санал асуулгын үеэр нийгмийн эсэргүүцэлтэй тулж төсөл бүхэлдээ унах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Гишүүдийн тоог нэмэгдүүлэх ганцхан заалтаас болж Үндсэн хууль бүхэлдээ төрхөмдөө буцвал МАН-ынханы хувьд дэндүү харамсалтай, харалган үйлдэл болно.

108 гишүүн буюу эрхиний бөөр шиг 108 төлөөлөлтэй болохыг эрх баригч намын залуус дэмжихгүй байгаа. Ер нь анхны өргөн барьсан төслөө хэлэлцээд явах ньв зөв гэж үзэж байгаа юм билээ. Холимог тогтолцоотой болчихвол ахмадууд нь намын жагсаалтад хүчээр орж залуучууд нь тойрог руу няслуулна. Гэхдээ тойрог байлаа гэхэд 76 биш 54 тойрог байна. Түүн дээр “алаан” болж тойроггүй ч үлдэж мэднэ гэж болгоомжилж байгаа нь гарцаагүй. Харин ахмад буюу парламентад хэдэнтээ сонгогдсон хашир “бурхи”-нууд Төрийн ордонд тухлах сүүлчийн сум нь 108 гишүүнтэй болж, холимог системтээр сонгууль явуулах өөрчлөлтийг оруулах нь зөв гэж үзэж байгаа гэнэ. Гэхдээ хамгийн гол нь Ерөнхийлөгчийн байр суурийг сонсох ёстой хэмээн нэгдүгээр хүнд хамаг итгэл найдвараа хүлээлгээд буй аж. Тиймээс анх хуулийн төслийг өргөн барихдаа 62 гишүүнийхээ кнопод найдаж байсан бол тэр нь талаар болох нь нэгэнт ойлгомжтой байдалд ороод байна. Ерөнхийлөгчийг 108 гэсэн саналаа татахыг эрх баригч намын зүгээс учирлахад Төрийн тэргүүн “Би саналаа татахгүй. Хэрэв 108 гишүүнтэй болох заалтыг татахдаа тулбал УИХ-д өгсөн Үндсэн хуулийн төсөл, саналаа бүхэлд нь татна” гэдгээ хатуу мэдэгджээ. Ерөнхийлөгч саналаа татлаа гэхэд түүний араас явах улс төрийг эрх баригч нам дааж чадах уу гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Хамгийн наад зах нь төсвийн “хориг”-оос эхэлнэ.  Сонгууль болтол гацна. Тиймээс зөвшилцөл, ойлголцол хамгийн чухал болоод байна. Ер нь 108 гишүүнтэй байхаар Үндсэн хуульд суувал сууна л биз. Хэрэгжих хугацааг нь 2020 оны сонгууль бус 2024 оноос эхлүүлчихэд болчих гээд байгаа юм. Хэн нь хэнийгээ хардах юмгүй, энэ хугацаандаа яаруу давчуу бус ул суурьтайгаар дагалдах хуулиудаа батлаад явчих бүрэн боломжтой. Эс бөгөөс яарвал даарна гэгч болж давчуу хугацаанд дагалдах хуулиудаа “халтуурдах” эрсдэл ч бий.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр эрх баригч намын бүлэг зөвшилцөл, ойлголцолд хүрч чадахгүй бол 62 гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцээд явна гэдгээ манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан. Эцсийн мөчид тэд энэ хувилбарыг ч сонгож магадгүй. Зөвшилцөл, ойлголцолд хүрэхгүй бол МАН-ын дордуулсан тэдэн өөрчлөлт гэдэг хусавч арилахгүй нэртэй болж мэдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Ганхуяг(202.179.26.35) 2019 оны 08 сарын 22

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 2 асуудал гол анхаарлыг татаж байна. 1-рт, Үндсэн хуулийн 6.2-т газар, газрын хэвлий байгалын баялаг угаасаа ард түмний өмч тул төрийн өмч гэснийг засч ард түмний дундын өмч гэж эзнээр нь солих хэрэгтэй. Энэ нь төр дураар авирлан гадны хулгайч алуурчдад ард түмний өмчийг авилгал аван үнэгүй өгч байгал дэлхийг сүйтгэж байгааг зогсооход, мөн эзэн нь болсон ард түмэн өөрийн өмчөө өөрийн хяналтад оруулахад чухал алхам болно. Нөгөө талаар дэлхийн бүх орон газар, газрын хэвлийг ард түмний дундын өмч эсвэл нийтийн өмч гэж хуульчилсан байдгийг анхаарахгүй өнгөрч

0  |  0
Top