Ж.Хунан: Шүүхийн хараат бус байдал хараат бус томилгооноос эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 09

-УИХ-ЫН ГИШҮҮД ЗАРЧМЫН БАЙР СУУРЬ ДЭЭРЭЭ ТУУШТАЙ БАЙГААЧ ЭЭ-

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунанын байр суурийг сонслоо. 


-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Зөвшилцлийн ажлын хэсгээс шүүхийн бие даасан, шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтыг хассантай холбоотойгоор хуульчид эсрэг саналтай байгаа. Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх, хуульд өөрчлөлт оруулах үйл явцыг хуульчид анхааралтай ажиглаж байгаа. Хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор ч байр сууриа хүргүүлсэн. Үнэхээр суурь хуульд зарчмын асуудлаа өөрчлөх шаардлагатай байгаа бол хуульчдынхаа саналыг авч, тэнд тусгаж өөрчлөх шаардлагатай гэдэг үүднээс хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт нь зөвхөн өнөөдөр яригдаж байгаа зүйл биш. Хэдэн жилийн турш яригдаж хэлэлцэгдэж байна. Хуульчдын хувьд жил бүр 500 гаруй хуульчийг оролцуулсан “Хуульчдын форум”-ыг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг үндэслэн зөвлөмж гаргаж, хууль тогтоогчид болон холбогдох ажлын хэсэгт хүргүүлж ирсэн. Өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны гишүүн хуульчид, удирдах зөвлөлийн гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналууд хүргүүлсэн байдаг.

Үүний дараагаар Ерөнхийлөгч өөрийн саналаа УИХ-д хүргүүлж Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж тодорхой нэмэлт, өөрчлөлт, саналуудыг өөрчлөх, зөвшилцөх ажил эхэлсэн. Харамсалтай нь УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөс шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг бэхжүүлэх байсан зарим зүйл, заалтууд өөрчлөгдөж, хасагдсан. Зөвшилцлийн ажлын хэсгийн энэхүү шийдвэртэй холбоотой хуульчид, хуулийн нөхөрлөлүүдийн төлөөлөл хоёр ч удаа уулзан хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн шүүх эрх мэдэлд хамаарах асуудлаар хуульчдын 100 хувь дэмжиж байгаа зарчмын байр суурийг дахин УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байдаг. Яагаад шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэх өөрчлөлтөд ач холбогдол өгч байна гэхээр хуулийг хэрэглэдэг, хэрэгжүүлдэг хуульчдын хувьд бол шүүх, шүүгчид хараат бус байх нь нэн чухал. Хараат бус шүүх байна гэдэг нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны хамгийн том баталгаа болдог. Хараат бус гэдэг нь улс төрийн ямар нэг нам, бүлэглэл, эрх мэдлээс хараат бус байхыг хэлнэ. Хуульчид үүнийг л хүсэж байна. 

-Шүүх хараат бус байхын тулд юунаас эхлэх ёстой вэ?

-Шүүхийн хараат бус байдал хараат бус томилгооноос эхэлнэ. Одоогийн зохицуулалтыг харахаар шүүгчийг Ерөнхийлөгч томилж байна. 2013 оноос Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн гишүүд, даргыг Ерөнхийлөгч томилж эхэлсэн. Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг мөн адил Ерөнхийлөгч томилдог. Ингээд харах юм бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт өргөн болсон. Өөрөөр хэлбэл, шүүгчийн томилгоотой холбоотой эрх мэдэл хэт нэг хүн дээр төвлөрсөн. Уг нь бол Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, шилж сонгодог. Бодлого бодуулж, шалгалт авдаг. Мэргэжлийн ур чадварыг нь үнэлж, ярилцлага хийдэг. Тэгээд хамгийн тохиромжтой гэсэн нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид томилуулахаар санал болгодог. Харин Ерөнхийлөгч өөрт нь таалагдаагүй нэр дэвшигчийг үндэслэлгүйгээр томилохоос татгалзах, удаан хугацаанд томилохгүй байх тохиолдлууд гарсаар байна. Өөрт нь таалагдсан нэр дэвшигчийг санал болгох хүртэл татгалзах эрхтэй байгаад байна. Ерөнхийлөгч татгалзаж байгаа үндэслэлээ тайлбарлах үүрэг хүлээгээгүй. Дээрээс нь шүүгчийг томилох асуудлыг хугацаагүй удаачихдаг, томилдоггүй. Хуульчид энэ байдлыг өөрчилье гэж байгаа юм. Мэдээж өмнөх бүх томилгоо хараат байдлаар явагдсан гэж байгаа юм биш. Тэгэхдээ Ерөнхийлөгч хүсэх юм бол таалагдахгүй хүнээ шүүгчээр томилохгүй, “дараагийн хүнээ оруулаад ир” гэх бүрэн эрхтэй байгаа юм. Сайн Ерөнхийлөгч байгаад шаардлага хангасан хүмүүсийг шүүгчээр томилохыг үгүйсгэхгүй. Гэхдээ л хувийн ашиг сонирхол орох боломж байгаа учраас эрсдэлтэй.

Уг нь анхны 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаа бол “Ерөнхийлөгч шүүгчийг томилно” гэдэг томьёо маань зарчмын чанартай зохицуулалт. Үндсэндээ санал болгосон шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрч, ёсчлон батлах агуулгаар орсон ч бид буруу тайлбарлаад хэрэглээд явсан. “Ерөнхийлөгч шүүгчийг томилно гэж байгаа юм чинь, томилохгүй байж ч болно” гэдэг бүрэн эрх мэтээр хэрэглээд явчихсан учраас 27 жил буруу практик тогтсон. Сүүлдээ бүр урвуугаар хэрэглэх, наймаалах хэлбэртэй болсныг хуульчид ярьж байна. Хэн дуулгавартай байсан нь, хэн ам өчиг өгсөн нь томилогддог, тушаал дэвшдэг тухай яриа гарна гэдэг чинь буруу практик байгааг хэлээд байгаа юм. Энэ оны эхээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслээд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарыг эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид уламжилж, Ерөнхийлөгч түдгэлзүүлдэг хуулийн өөрчлөлтийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулсан шүү дээ. Энэ нь нөгөө улс төрийн хамаарал, угшилтай албан тушаалтнууд, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн гурван хүний саналаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлсэн. Хуульчид төдийгүй олон улсын шинжээчдийн болгоомжлолыг бий болгосон. Энэ бүхэн шүүх, шүүгчийн хараат бус байдлын баталгааг эргэн харах, Үндсэн хуулиар бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагыг илэрхийлээд байгаа юм. Нэгэнт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж байгаа бол алдаагаа залруулах л хэрэгтэй.

Тиймээс Ерөнхийлөгч шүүгчийг томилдог хэвээр байх тохиолдолд гагцхүү хуульд заасан үндэслэлээр татгалздаг болох, шүүгчид нэр дэвшигчийг томилохыг хугацаатай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг санал болгосноос хойш хоёр, гурван долоо хоногийн хугацаа заагаад энэ хугацаанд шийдвэрээ Ерөнхийлөгч гаргахгүй бол автоматаар томилогддог байх зэрэг өөрчлөлтийг хийж болно. Эсвэл одоогийн 62 гишүүний өргөн барьсан санал буюу Шүүхийн ерөнхий зөвлөл томилдог байх нь байж болох хувилбар юм. Хуульчид 62 гишүүний өргөн барьсан хувилбарыг дэмжиж байгаа. Тийм ч учраас “энэ байр суурь дээрээ зогсооч ээ” гэж хүсэж, санал шаардлагыг хүргүүлсэн.

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нараа томилсноор хараат бус байх боломж бүрдэж чадах уу?

-Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчид, мэргэжлийн хуульчдаас бүрдэх тул мэдээж нэг, хуульч биш хүн хэн шүүгч болохыг шийдвэрлэснээс дээр. Нөгөө талаар хуульчид мэргэжлийн нэр хүндээ бодно. Бас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн байх шалгуур өндөр байна. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөр 10 гишүүний тав нь шүүгчдийн дундаас сонгогдоно, тав нь нээлтэй нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийж байж УИХ-аас томилогдох байгаа. Тэгэхээр туршлагатай, мэргэшсэн, мэргэжлийн 10 хүн олонхын саналаараа хэн шүүгч болохыг шийднэ гэдэг нэг мэргэжлийн бус хүн шийдвэрлэхээс яаж ч харсан дээр байна уу гэхээс дордсон зүйл бол биш байгаа биз дээ. Үүнийг бол хуульчид дэвшил гэж харж байгаа.

-ШЕЗ-ийн одоогийн бүтэц, бүрэлдэхүүн ямар байгаа юм бэ?

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнээс бүрдэж байна. Гурван гишүүнийг шүүгчдийн санал болгосноор, хоёр гишүүний нэгийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын санал болгосноор, нэгийг Хуульчдын холбооны санал болгосноор Ерөнхийлөгч томилж байна. Шүүгчдийн төлөөллийн нэг гишүүнийг анхан шатны шүүхээс, нэгийг давж заалдах шатны шүүхээс, нэгийг Улсын дээд шүүхээс санал болгоно. Харамсалтай нь түрүүн хэлсэн дарга болон гишүүдийг томилох эсэхийг Ерөнхийлөгч шийддэг. Ерөнхийлөгч татгалзаж ч болно. Нөгөө л өөрт нь таалагдаагүй санал болгосон хүнийг томилохгүй байх боломж байгаад л байна гэсэн үг. Энэ жил ШЕЗ-ийн шүүхийн төлөөллөөс томилогдсон гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс нэр дэвшигчийг санал болгосон ч томилоогүй  хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Үүнийг хараат байна гэх үү, хараат бус байна гэх үү гээд л асуудал үүсэж байгаа юм.

-Үндсэн хуульд ШЕЗ-ийн гишүүдийн тоог зааж өгөх нь ямар ач холбогдолтой вэ?

-Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, гишүүдийн тоог ердийн хуулиар зохицуулдаг байсан. Тэгсэн өнгөрсөн хугацаанд ердийн хуулиар хэд хэдэн удаа хүссэнээрээ өөрчилсөн. Сүүлд 2013 онд шүүхийн шинэчлэл хийж байна гээд гишүүдийг тав болгоод бүгдийг нь Ерөнхийлөгч томилдог болгосон. Ингээд харах юм бол парламент, улс төрчид хүссэн үедээ дураараа өөрчлөх боломж байгаад байгаа юм. Одоо ч гэсэн хуулийн төсөл 20 гишүүний кнопоор өөрчлөх боломж байгааг гишүүд ч шүүмжилж байна, хуульчид ч шүүмжилж байна. Хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулдаг энэ байгууллагын хувьд эргээд улс төрчдөөс хараат байх нөхцөл бүрдээд байгаа юм. Ийм чухал хуулиудыг 20-хон гишүүнээр шийдүүлбэл харамсалтай байна шүү дээ. Зарим хуульчид хэлдэг юм “Ердийн хуулиар зохицуулах юмыг Үндсэн хуульд оруулах гэлээ” гэж. Миний хувьд тийм хүсэл, сонирхол одоогийн улс төрчдөд байхгүй байх шиг байгаа юм. Нөгөө баахан ЖДҮ бас бус асуудалд холбогдсон гишүүдийн асуудал шүүхээр шийдэгдэнэ. Гэтэл шүүгчийг томилдог онцгой бүрэн эрхийг нь өөрчлөх саналыг Ерөнхийлөгч хүлээж авахгүй гэсэн байдаг. Тийм учраас л шүүгч хараат бус байх, шүүгчийн томилгоо хараат бус байх баталгааг Үндсэн хуульд тусгаж хамгаалахгүй бол ердийн хуулиар улс төрчид хүсвэл өөрчлөөд байж болохгүй. Уг нь 62 гишүүний төсөл дажгүй болсон гэж харж байгаа. Харамсалтай нь зарчмын байр сууринаасаа ухраад байгаа учир хуульчид байр суурь дээрээ тууштай байгаач ээ гэж шаардаад байгаа юм. Мөн шүүгчид хариуцлага тооцдог институтийн бүтэц, орон тоог Үндсэн хуульд тусгах замаар хамгаалахыг хуульчид дэмжиж байгаа. Иргэний, ардчилсан, шударга, хууль засагладаг нийгмийн суурь багана нь хараат бус шүүх. Тэгэхээр шүүх хараат бус байх нөхцөлийг баталгааг нь улам бэхжүүлж өгье гэдэг санаа зорилгоор энэ бүхэн хийгдэж байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор хуульч нарын санал юун дээр нэгдэж байна вэ?

-Түрүүн хэлсэн хуульчид хэд хэдэн удаа олон хүрээнд хэлэлцүүлэг, яриа хийсэн. Төгссөн газар, сурсан эрдэм, хуримтлуулсан туршлагаас хамааран зарим асуудлаар өөр өөр байр суурьтай байх шиг байна. Тэгэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдүгээрт Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийг томилох шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч батламжилдаг эрхтэй байх, хоёрдугаарт Ерөнхийлөгч гагцхүү Үндсэн хуульд заасан үндэслэлээр батламжлахаас татгалздаг байх, гуравдугаарт ШЕЗ-ийг улс төрийн байгууллага, субъектээс хараат бусаар байгуулах, гишүүдийн тоо, бүтэц, байгуулагдах журмыг Үндсэн хуульд тодорхой заах, дөрөвдүгээрт Шүүгчийн хариуцлагын хороо, хорооны бүрэлдэхүүний зохицуулалтыг улс төрийн хараат бусаар ажиллахаар тусгах нь зүйтэй гэсэн байр суурь дээр санал нэгдэж байгаа. Энэ саналыг УИХ-ын бүх гишүүдэд явуулсан. 62 гишүүний санаачилсан төсөлд тусгагдсан тул хуульчид дэмжээд байгаа юм. УИХ-ын гишүүд маань зоригтой байгаад байр суурин дээрээ хатуу зогсож, батлахын төлөө бүгдээрээ тууштай зогсох хэрэгтэй.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг явагдаж байна. Шүүх эрх мэдэлд хамаарах өөрчлөлтийн есөн саналын гурвыг нь тусгахаар болж байх шиг байна. Зарим хуульчид “чамлахаар чанга атга” гэж байх шиг байна. Миний хувьд томилгох, татгалзах бүрэн эрхийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж харж байгаа.

Ямар ч байсан сүүлийн хэдэн сарын хугацаанд хуульчид хараат бус шүүхийг бэхжүүлэх шаардлага байгаа, одоогийн зохицуулалт учир дутагдалтай байгааг, засаж залруулах боломж ч байгааг хуульчид хэлэлцүүлэг, тайван жагсаалт хүртэл хийж илэрхийлж байгааг холбогдох хүмүүс нь анхааралдаа авч байгаа гэдэгт итгэж байна. Хэрвээ хараат бус шүүх, шүүгчид байхгүй юм бол тэр шүүхийн ажиллагаанд оролцдог прокурор, өмгөөлөгч, хуульчид байгаад яахын, байх шаардлага байхгүй. Тэгэхээр энэ хараат бус шүүхийн төлөө хуульчид нэгдэж байгаа. 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнийг бүгдийг нь шүүгчид өөрсдөө их хурлаараа нээлттэй сонгуулиар шийддэг байвал төрөөс бүрэн хараат бус байж болох уу?

-Тэгж хэлж болох боловч хяналт заавал байх ёстой. Хяналт байхгүй болохоороо аливаа зүйл замхардаг. Хяналт байна гэдгийг бас хяналтдаа байлгана гэж ойлгож болохгүй. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд гээд албан тушаалаараа ордог байсан. Нөгөө эрх мэдлийн төлөөллүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орж тэнд юу болж байгааг харж, сонгох шалгаруулах ажиллагаанд оролцдог байсан гэсэн үг. Тэгэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь шүүгчид байсан тул шийдвэр улс төрчид, эрх мэдэлтнээс хараат бус байсан. Хуульч хүнийхээ хувьд болдог бол 11 гишүүн байгаад зургаан гишүүн нь шүүгчдээс, таван гишүүн нь өмнөх шигээ УИХ, ЗГ, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хуульчдын холбоо, Ерөнхийлөгчийн төлөөлөл албан тушаалаараа ордог байдлаар бүрдүүлбэл дээр юм уу гэж. 

-Ерөнхийлөгч 13 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Энэ нь хуулийн хүрээнд хийгдсэн үү. Хууль зөрчсөн үү?

-Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үндэслээд Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрээ гаргаж байгаа юм. Энэ нь процессын хувьд хуулийн дагуу хийгдсэн байх. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шүүгчид гэхээрээ нийгмээс тусгаарлагдсан хүмүүс биш. Хэрвээ гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа бол түүнийг нь шалгах ёстой. Шалгуулаад гэм буруутай нь тогтоогдохгүй бол буцааж томилох ёстой. Одоо бол ШЕЗ-өөс шийдвэр гаргаад түдгэлцүүлчихсэн. Өөрөөр хэлбэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг нь түр болиулсан. Шүүгч хэвээрээ байгаа. Шалгагдаж байгаа шүүгчид гэм буруугүйн тогтоогдох юм бол тэдгээрийг буцааж томилох ёстой. Гэм буруугүйн тогтоогдсон байхад Ерөнхийлөгч томилохгүй бол хуульчийн эрх ашгийг хамгаалах ажил хийгдэнэ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн.(64.119.22.192) 2021 оны 03 сарын 29

Анхны харцаар дурладаг хайранд итгэдэг энэ арван жилдээ сурч байхдаа хүнтэй үерхэж байсан.

0  |  0
Top