ЗИНДАА 2019.09.13 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 09 сарын 13

#1 ДАХИАД ХУВЬСГАЛ УУ?!

Өнөөдөртөө сүр хүчин төгөлдөр буй Үндсэн хуулийг өдгөөгөөс 30 жилийн тэртээх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ялалт дээр 1992 онд батлан тунхагласан билээ. Улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоогоо эрс өөрчлөн шинэчлэх нийгмийн зөвшилцөл, оюун санааны бүтээл болон батлагдсан тэрхүү Үндсэн хуулийг өдгөө өөрчлөх асуудлыг УИХ сүүлийн хэдэн сарын турш хэлэлцлээ. Үндсэн хуулийг хувьсгалаар, эсвэл парламентын танхимд хувьсгалын дайны эр зориг бүхий оюун санааны өөрчлөлтөөр батлан гаргадаг нь хүн төрөлхтний түүхээс үлдсэн үнэн юм. Аливаа бодлого, шийдвэр, өөрчлөлтийн үр дүн хэмжигдэхүйц байх ёстой нь гарцаагүй. Тэгвэл нийгэмд дэвшил авчрахуйц өөрчлөлтийг дагуулж чадах эсэхээр нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнг хэмжиж таарна. Чухам ямар өөрчлөлт, дэвшил авчрах нь хэмжигдэхүйц биш, хэвлэлийнхний хэллэгээр бол гоо сайхны косметик хагалгаа маягтай Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл сүүлийн хэдэн сар парламентын гишүүдийн ширээ дамжиж явсаар эцэс сүүлдээ эрс өөр шийдэл рүү хөтөллөө. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, гүйцэтгэх засаглал болох Засгийн газар, түүнчлэн Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдлийг дахин хуваарилах, эрх мэдлийн хүчний тэнцвэрийг зохистой тогтоох шаардлага, үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гүйцэлдүүлэх нийгмийн захиалгын талаар судлаачид болон улстөрчид сүүлийн 10-аад жил шаргуу ярьсныг санаж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 У.ХҮРЭЛСҮХИЙН ДЭЛГЭХ ХӨЗӨР БУЮУ ДАРААГИЙН НҮҮДЭЛ ЮУ ВЭ?

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн улс төрийн нүүдэл одоо л эхэлж байна. Одоо л гэдэг нь Үндсэн хуулийг хэлэлцэж байх энэ үед тэрбээр парламентын засаглалыг авч үлдэх хөзрөө дэлгэхээр шийдэж. МАН-ынхан нам дотроо нэлээд толхилцож одоо бол нэг талдаа гарч асуудлаа шийдсэн. Гэсэн ч түүний хуйндаа байгаа сэлэм сугарах болоогүй бололтой. Гадна талаас Ерөнхийлөгч түүний багийнхан Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгээ Үндсэн хуулийн эхийг дэмжих эсэхийг Ард нийтийн санал асуулгаар асуухдаа хамт явуулахыг шахсан. Монгол Улсын сонгуулийн насны нийт иргэдийн санал өгсөн хувь нь 50+1 байж, тэр дундаа олонхийн дэмжлэг авснаар Үндсэн хууль батлагдана гэсэн үг. Сант маралын судалгааны тайлангаас харахад судалгаанд оролцогчдын улстөрчдөд итгэх итгэл байнга суларч ирсэн байна. Улстөрчдөд итгэх итгэл буурахын хэрээр парламентын нэр хүнд улам л шавартай хутгалдаж байгаа. Энэ үед Ерөнхийлөгчийн засаглалыг хүсэмжлэх иргэдийн хувь илүүтэй өсөж байгаа юм. Судалгааны байгууллагуудын дүнгээс ч тодхон харагдах болов. “Путин шиг Ерөнхийлөгчтэй болмоор байна” гэсэн давалгаа цахим орчинд цар хүрээгээ тэлж эхэллээ. Путины арга барил нь Оростоо л таарахаас Монголд яв цав нийцнэ гээд хэн ч хэлчихсэн юм бүү мэд. Путин л өөрөө Путин байхаас яг Путин шиг тийм хүн байна гэж хаа байхав. Сайн, муу хэлүүлсэн ч ардчилал, парламентын засаглал бидэнд өнөөдрийн эрх чөлөөг өгсөн. Молхи бичээч би вээр өөрийн үзэл бодлоо, уншигч та өөрийн орон зайд үгээ хэлэх эрх чөлөө, өмчтэй байх сонголтоос эхлээд маш олон зүйлд ардчилал үүргээ гүйцэтгэж байна.

Энэ үед Ерөнхийлөгч нэг атганд Монгол Улсыг багтаана гэж байгаа нь зүйд нийцэхгүй гэдгийг шулуухан хэлчихье. Хэрүүлтэй уруултай ч энэ хэд маань зөвшилцөж байж шийдвэрээ гаргадаг байя. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх замдаа л хамтдаа алхацгаая.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 "ТӨРИЙН АЖИЛ УДААШРУУЛСАН АЛБАН ТУШААЛТНУУД АЖЛАА ӨГ"

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр (2019.09.13) Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж төсөл, макеттай танилцах үеэрээ ажил урагшгүй байгаад бухимдав.

У.ХҮРЭЛСҮХ: Музей, театрыг барих газрын асуудал, зураг төслийг боловсруулах санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэж, үүрэг өгөөд жил орчим болж байхад гүйцэтгэл хийгдээгүйд дунд шатны дарга нар буруутай. Ажил хийвэл хий, хийхгүй бол больцгоо. Төрийн ажил удаашруулж байгаа албан тушаалтнууд ажлаа хийж чадахгүй бол хүлээлгэж өг. Та нарын ард чадалтай, чадвартай залуучууд олон байна. Гадаад, дотоодод бэлтгэгдсэн өндөр боловсрол, мэдлэг, чадалтай боловсон хүчин, чадварлаг залуус төрийн албанд орж чадахгүй, авлига хээл хахуулийг нь өгч чадахгүй, гудманд байж байна. Та нар ажлаа хийж чадахгүй байгаа бол тэтгэвэрт гараад, тэдэнд ажлаа өг. Төрийн ордонд оруулж ирсэн Үндэсний урлагийн их театрын тэр макетаа хар. Арван жилийн хүүхэд ч ийм макет хийхгүй. Хүн харахад ойлгомжтой, Чингис хааны музейн макет шиг юм хийгээд тавьж болохгүй байсан юм уу. Засгийн газраас гаргасан шийдвэр биелэлээ олж байх ёстой. Элдэв шалтаг хэлсээр цаг алдаж буйд бухимдалтай байна. Одоо энэ ажлуудыг хариуцаж байгаа дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Улсдаа юм хийж, бүтээж өгье. Үр хойчдоо өв үлдээж, гаднынхныг үзэх харах юмтай болгоё!
 

 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 Ц.ЭЛБЭГДОРЖ VS Н.АЛТАНХУЯГ - НЭГ САЯЫН НЭР ХҮНД

Цагтаа “Алтан гадас” фракцын тэргүүнд заларч фракц нь Ардчилсан нам төдийгүй Монгол төрийг хойморлож, өдгөөгийн нэр хүндтэнгүүдийг хатавчиндаа бөхөлзүүлж явсан Н.Алтанхуягийн нэр хүнд шалан дээр унажээ. Нэгэн цагт “хаан” шахуу явсан Н.Алтанхуягийг ийм дор орсныг нэр төрийг нь ганцхан сая төгрөгөөр үнэлсэн шүүхийн тогтоол орон даяар харууллаа. Өнгөрөгч 2016 оны сонгуулиар АН өвдөг шороодож, 2017 онд “Ардчилсан” тодотголтой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тахимаа өгч гээд юм юм болов. Ерөнхийдөө Ардчилсан нам дуу намдааж, парламентийн буланд ижил буруу хэдэн ямаа шиг нөхөд адлагдаж, сүүлдээ бүлэг ч үгүй болсон. Энэ л ялагдлын дараа Ц.Элбэгдорж ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирдэг тусдаа хуультай. Тиймээс Н.Алтанхуяг би өөрөө өргөдлөө өгөх хэцүү байна, та огцруулаад өгөөч гэж над дээр орж ирсэн. Тэр өргөдлийг нь би нугалаад ийм зүйл байхгүй гээд буцаасан” хэмээн ярьсан билээ. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг худлаа ярилаа, хүн гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Ерөөсөө хүүхэд хөгшдийн хэрүүл шиг юм болсон. Ийнхүү Ардчилсан намын лидерүүдын маргаан шүүх дээр чамгүй цаг хугацааны нүүр үзэсний эцэст нэгнээс нь нэг сая төгрөг авч нөгөөд нь өгөх шийдэлд хүрчээ. Тодотговол, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр наймдугаар сарын 28-ны өдөр гарсан байна. Ингэхдээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль”-ийг үндэслэн Н.Алтанхуягийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийн хэмжээгээр няцаалт хийхийг даалгаж, Ц.Элбэгдоржоос нэг сая төгрөгийг гаргуулан Н.Алтанхуягт олгуулах шийдвэр гарчээ. Нэгэн нам, нэгэн Засгийн газар, нэгэн парламент гээд улс төрийн адармаатай замд ганзага нийлүүлж явсан хоёр нөхөр нэгнээ шүүхэд өгөөд нөгөө нь нэхэмжлэхийн дагуу нэг сая төгрөг гаргуулаад нөгөө нь авах юм байх. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа хойно өгч авалцах нь ойлгомжтой хэрэг. Бүрэн улсын шүүхийн тогтоол шийдвэр шүү дээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ИЙ ХУВААРЬ

Маргааш /2019.09.14/ Казахстаны Нур-Султанд сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ эхэлнэ. “Токио 2020” олимпын наадмын эрх олгох хариуцлагатай тус тэмцээний эхний зургаан байр буюу медалийн төлөө барилдсан тамирчид олимпын эрхээ авна. ДАШТ энэ сарын 22 хүртэл үргэлжилнэ. Тэмцээн сонгомол барилдааны төрлөөр эхлэх юм.

 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top