Дэлхийн дагуул сарны хэмжээ жижгэрч байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 24

Манай дэлхийн дагуул болох сар цагийн явцад хэмжээгээрээ жижгэрч, түүний гадаргуу дээр атираа үүсэж, газар хөдлөхөд хүргэж байна гэж АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мэдээлжээ.

Сар дэлхийтэй адил тектоник хавтангүй. Сүүлийн хэдэн зуун сая жилийн туршид сарны дотор тал хөрж буйн улмаас хэмжээ нь жижгэрч, сарны эмзэг гадаргуу дээр атираа үүсэж, хагарч байгаа аж. Үүний үр дүнд сарны гадаргуу дээр олон км урт, хэдэн метр өндөр олон тооны хад бий болжээ. 2009 оноос хойш хугацаанд НАСА агентлагийн станц 3500 ийм хадны гэрэл зургийг авсан байна.

Сарны хэмжээ багасаж буй нь газар хөдлөлтийг эрчимжүүлж байна. 1969-1977 оны хооронд нийт 28 газар хөдлөлт бүртгэгдэж байжээ. Саран дээр газар хөдлөлт үргэлжилж байгаа нь сар эрчимтэй өөрчлөгдөж буйг илтгэж байна гэж НАСА агентлагийн эрдэмтэд үзэж байна. Зарим тохиолдолд Рихтерийн шаталбараар таван баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Түүнчлэн НАСА агентлагийн станцаас ирүүлсэн гэрэл зургаас үзвэл сарны гадаргуу дээр хөрсний гулгалт болж, зарим газарт бул чулуунууд бий болсон нь ойрын хугацаанд газар хөдөлсний шинж хэмээн судлаачид үзэж байна. Агаар мандлын нөлөөл болон цацрагаас үүдэн сарны гадаргуу мөн бараантаж байгаа аж.

Сарны гадаргуу дээр газрын чичирхийлэл хэмжих төхөөрөмжийн сүлжээг бий болгох нь сар судлалын тэргүүн зорилт болох учиртай. Ингэснээр, сарны дотор талыг илүү гүнзгий судлах, саран дээр болж буй газар хөдлөлтийн үр дагаврыг тогтооход ач холбогдолтой гэж НАСА агентлагийн Маршаллын сансрын нислэгийн төвийн од гарагийн газар хөдлөлт судлаач Рене Уэбер онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top